2012/01/23

“ТОРГОН ЗАМААР: МОНГОЛ РАЛЛИ-2011”- IV

(2011. 8. 19-21 хүртэл Узбекистан)

Узбекистан бол 1991 онд ЗСБНХУ задарсны дараагаар байгуулагдсан Дундад Азийн улс. 447.400 km² нутаг дэвсгэртэй, 27.488.000 хүн амтай. Нийслэл нь Ташкент хот. Дундад Азийн орнуудын дотор нөлөө бүхий томоохон улс бөгөөд алдарт Сырдарья, Амударья мөрөн энэ л нутгаар урсана.   

Бухар. Тус улсын ЭСЯ нь 3 хоногийн виз өгсөн тул бид яарах хэрэгтэй болов. Узбекистанд бидний очсон хамгийн эхний газар бол эртний худалдааны алдарт Бухар хот (Узбекээр: Buxoro). Энд 2500 гаруй жилийн өмнөөс хүмүүс суурьшин амьдарч байжээ. Түүхийн турш Бухар нь соёл, худалдааны томоохон төв байсаар ирсэн. Хотын цайзыг үзэж сонирхсон боловч визний хугацаандаа баригдан яаравчлан дараагийн хот руу гарлаа. 
Бухар хотын алдарт хэрэм


Хүмүүсээс зам асуух зуур хөвөнгийн тариалан үзэж хоёр узбек хүний зураг дарлаа. 
 Самарканд. Энэ хот Эмир Төмөрийн эзэнт улсын нийслэл байсан, торгон замын худалдаанд ихээхэн үүрэгтэй гэдгээрээ алдартай. 

Самарканд хотын төв гудамжуудын нэг
Энд хамгийн түрүүнд бид Эмир Төмрийн бунханыг үзэж сонирхлоо. Монголчууд түүнийг доголон Төмөр хэмээдэг. Тэрбээр Барлас овгоос гаралтай нэгэн. Дэлхийн түүхэнд ховорхон тохиолдох төрийн томоохон зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин юм. Тэрээр Дундад Азид ноёрхлоо тогтоож, олон газар нутгуудыг захиргаандаа оруулсан байлдан дагуулагч. Ямартай ч түүний бунхан нь барилга архитектурын хосгүй, түүхэн цогцолборуудын нэг. Энд доголон Төмөр төдийгүй түүний удмынхны нь шарил ч хадгалагдаж байдаг аж.
Гүр-Эмир гэж нэрлэгдэх бунханы гадна тал
Голын хар чулуугаар хийгдсэн нь Эмир Төмрийнх цаана нь буй том хэмжээтэй нь түүний ач хүү Улуг бэй-гийнх /Улу ноён буюу Их ноён/ болно.

Самарканд хотын Исламын шашны сургууль байсан гэх нэгэн түүх дурсгалын газар. Бидний очих үед тоглолт болох гэж байгаа бололтой тайз засал явагдаж байв. Монголын далбаа дунд нь харагдаж байгаа нь. Монголоос хүмүүс ирсэн юм болов уу?    
Үүний дараагаар Улугбэй гэж нэрлэгдсэн түүний ач хүүгийн байгуулсан одон орныг судлах газарт очив. Өнөөдөр энэ газар музей болсон төдийгүй жуулчдын сонирхол анхаарлыг татсан нэгэн газар болжээ.
 Энд бидний олж үзсэн хамгийн олзуурхууштай зүйл бол эмир Төмөрийн зарлигаар бичигдсэн Ялалтын ном гэж нэрлэгдэх ховорхон бүтээлийн 3 эх байдгийн нэг Шерэф ад-дин Еэзд-ийн эх юм.  
Шерэф ад-дин Еэзд-ийн "Zafer nаме" /Ялалтын ном/. XV зуун.
Ташкент. Орой болтол түүх, дурсгалын газар, музей үзэж сонирхоод Узбекистаны нийслэл Ташкент хотын зүг гарлаа. Манай улсын өргөмжит консул Ташкент хотод байрладаг түүнийг олж уулзах бодол байсан боловч хот дотор хаягаар нь хайгаад олж чадсангүй. Ингээд 3 хоногийн визтэй бид хоёр дараагийн улсаа зорин одвой.

Үргэлжлэл бий . . . Л. Ганбат  

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)