2012/01/26

ИСЭНБИКЭ ТОГАН БАГШТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ-II


Бид өмнөх нийтлэлдээ багшийн аавын тухай өгүүлсэн бол одоо түүний товч намтарт анхаарлаа хандуулья. Т. Исэнбикэ  багш 1940 онд Станбул хотноо мэндэлжээ.  Тэрбээр дунд боловсролоо Герман лицейд олж аваад 1964 онд Станбулын Их Сургуулийн түүхийг ангийг төгссөн байна. Улмаар Тайваны Үндэсний Их Сургууль, Анкарагийн Их Сургууль зэрэгт суралцаж байгаад 1973 онд Харвардын Их Сургуулийн Зүүн Азийн хэл, иргэншлийн тэнхимд  "The Chapter on Annual Grants in the Yьan shih" гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. 


Ингээд Т. Исэнбикэ багш БНТУ-ын Хажэттэпэ Их Сургууль, Дундад Азийн Техникийн Их Сургууль, АНУ-ын Харвардын Их Сургуулийн судалгааны төвүүд болон “Wellesley”, “Tufts”, “Washington” зэрэг их Сургуулиудад ажиллах болсон байна. Мөн 1990 оноос UNESCO-гийн “Дундад Азийн түүх, соёл иргэншил судлал”-ын багийн гишүүн болсон бол бас тус байгууллагын “Торгон замын судалгаа” төсөлд ажиллажээ. 

Тэрбээр дэлхийн олон оронд судалгаа хийсэн бөгөөд энэ намар ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургуулиар зочлох үедээ Дэлхийн Хүмүүнлэгийн Ухааны холбооны гишүүнээр сонгогдсноо хэлж байсан.  

Ингээд утсаар багшийн өрөөг заалгаж аваад “Залуучууд” зочид буудалд яваад очлоо. Багш өглөөнийхөө цайг ууж байна. Онгоц, цагийн зөрүүнөөс болж жаахан ядарснаа хэлээд, басхүү намайг түмэн янзын асуултаар булж, эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукын хөшөө, Тэмүүжинг Чингис хэмээн өргөмжилсөн алдарт Хар Зүрхний Хөх нуур, Чингисийн Их Аварга ордны тууриар аялан явах хүсэлтэйгээ хэлж: “газарчин, орчуулагчаар чамайг авна шүү, машины хувьд санаа зоволтгүй академич Б.Энхтүвшин гаргаж өгнө гэсэн” гэлээ.

Хар зүрхний Хөх нуур
Ингээд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн гэрээт жолооч Болд хэмээх ахтай гурвуул аян замд гарахаар болов. Өглөөний 8 цагт багшийг буудлаас нь аван бид замдаа гарлаа. Нас хэдий 70 хүрч байгаа ч Т. Исэнбикэ профессор тун ануухан нэгэн “би урд суухгүй, юм бичих учир ар талын суудал илүү тухтай” гээд намайг жолоочын хажууд суулгаад авав. Замдаа гэр хороолол, оршуулгын газрын зураг аван яаралгүй явсаар бид Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал дээр ирлээ. Гадаа салхитай байсан ч багш гараа алдлан салхи сөрөн зогсоод гайхамшигтай гэж дуу алдав. 
Багш зураг авч байгаа нь 
Нэгэнт дэлхий нь хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түүхчтэй явж байгаагийн хэрэг гэж бодоод багшаа би  мэргэн сайд Тоньюкукыг Монгол угсааны хүн гэж боддог, тийм ч байх магадлал бий гэж яриа өдвөл багш “тийм шүү. Боломжтой. Хятад сурвалжаас харахад Түрэгүүдээс нэг л ондоо байх шиг байдаг юм гэлээ. Багш бол Тан улсын хуучин судрын Түрэгийн түүхэнд холбогдох бүлгийг галиглаж, турк хэлээр орчуулсан хүн. 
Эндээс хөдлөж үдийн алдад Хэрлэнгийн гүүрэн дээр ирлээ. Хол газар явж байгаа надад гэргий минь хоний махтай том хуушуур хорийг хийж өгсөн юм. Би ч бас замдаа ариун дагшин газраар явах тул хангай дэлхийд өргөх болон өөрийн ходоодыг машин дотор баясгах зорилгоор жаахан боов, чихэр авч гарсан бөгөөд түүнийгээ гаргаж багш, жолоочтойгоо хувааж хүртлээ. Мусульман шашинт хүн аллахын нэрийг дурдаж хоолойг нь огтолж алсан малын мах идэх учиртай тул багшаас хуушуур идэх үү гэж асуувал өгвөл нэг хоёрыг хорооно шүү гэв. Түрэг угсаатны үндэсний хоолонд манай хуушууртай адил хоол бий бөгөөд түүнийгээ чибөрэк гэнэ. Ийм хоолыг Туркийн татарууд олноор амьдрах Эскишихэр гэх хотод идэж болно. 
  
Тус хотод миний бие хоёр жилийн өмнө очихдоо чибөрэкийг амталсан юм.      
Зам зуур нэг хүндрэл гарсан нь боловсон жорлон. Багш ч “нээрээ ийм газар тохилог жорлон олох ч хэцүү нь мэдээж, гэхдээ Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол юуны түрүүнд жуулчдын тох тухийг хангасан жорлон барих л хэрэгтэй” гэж байв. Хэрлэн голыг харж биширсэн багш голын зураг болон том эвэртэй ямааны зураг аваад бид цааш хөдлөв. Удалгүй засмал замаас гарч жороон замаар цаг гаруй яваад алдар Хар зүрхний Хөх нуурд хүрвэй. Энэ газар ирэлгүй миний бие арван оныг үджээ. Эль хул эзэнгүй нутаг аялал жуулчлалын томоохон төв болсон байна. Гэрэл цахилгаан татаж, орчин үеийн модон байшингууд барьсан төдийгүй Монголын гучин зургаан хаан, болон Есүхэй баатар, Монголын зарим хатдын модон хөшөө босгож урьд нь англи, монгол хэлээр товч тайлбар хийжээ.
Хаад, хатдад зориулан босгосон модон хөшөө
Ингээд багш бид хоёр Тэмүүжинг Чингис хэмээн өргөсөн энэ газрын Хөх нуурыг үзэж, хаадын модон хөшөөний зургийг авлаа. Энэ үед Монголчууд яагаад гучин зургаан хүнийг хаан гэж үзэж байгаа юм бол, энд Галдан бошигт тэргүүтэй Зүүн гарын хаад, Халхын гурван хан хийгээд Богд хааны хөшөө яагаад байхгүй байгаа юм бэ ? гээд олон асуултаар намайг булж гарав. Чадах чинээгээрээ хариу хэлсэн боловч нээрээ манай төр, албан ёсны түүх хаадыг ингэж олон зэрэг дэвд хуваасныг бараг тэр үед л мэдлээ. 
 Хар Зүрхний Хөх нуурт шинээр баригдаж буй байшин
Жуулчний баазын байшингийн ханшийг сонирхож зоогийн газарт нь багштай хоёул цай уулаа. Тэрбээр: - би өмнө нь Монгол зургаан удаа ирж байсан хамгийн сүүлд 2002 онд ирсэн түүнээс хойш танай орон их өөр болжээ. Тэр үед хамгийн үнэтэй, хамгийн сайхан газар гадаадынхан л байдаг байсан. Одоо Монголчууд өөрсдөө эх орныхоо сайхан газар ирж амарч байна энэ бол том дэвшил шүү гэсэн юм. Үнэхээр ч тэнд ганц солонгос охиныг эс тооцвол бүгд л манайхан байх аж. 
Т. Исэнбикэ багш Хар зүрх уул, Хөх нуур түүнийг тойрсон газар орны зургийг аваад: - Яг л манай Башкурдистан шиг нутаг хамаатан садандаа зургаа явуулбал намайг хэлэлгүйгээр нутагтаа очсон байна гэх байх даа гэв. Мөн Башкурдистаны татарууд бол их сонин шүү дээ, Чингис хаанаас өмнөх зохион байгуулалтаа хэвээр нь хадгалсан Монгол, Түрэг аймгуудын үр хойчис. Учир нь Чингис хааны захиргаанаас зугатаж тэнд нутагласан Монголчууд ч тэдэнд ач холбогдол өгч эзлээгүй үлдээсэн юм гэлээ. 
Ингээд бид Хар Зүрхний Хөх нуураас Чингисын Их Аварга ордны туурь хүрч хонохоор хөдөллөө. 
Үргэлжлэл бий ...

 А. Энхбат 

2 comments:

  1. сайхан аялжээ бүр хөдөө явмаар болчлоо хурдан зун болоосой

    ReplyDelete
  2. Ter ayrantai zurgan deerh " huushuur" yag manai huushuur shig haragdaj bna shuu. Ayran ih goyo undaa shuu. Turkees 2 zuild n denduu durtai. neg n ayran nuguu n murguliin tsagaar mosque-aas egshigleh duu. Geriinhee tsonhiig tom gegch n ongoilgochihood sonsood l suumaar bmaar neg tiim gej helemgui saihan ayalguu.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)