2012/01/06

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР ТАРАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?


МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд Ардчилсан намыг Засгийн газраас гарах мэдэгдэл хийсэнд харамсаж байна гэжээ. Үнэхээр энэ явдал “гарман дээр морио солино” гэгч боллоо. Хэрэв ингээд засгийн газраас АН гараад явбал Монголын хоёр гол улс төрийн намд ямар нөхцөл байдал үүсэж болох талаар бага зэрэг төсөөлөх гээд үзье. 


Эрх баригчийн бууриа сахиад үлдэж байгаа МАН-д байдал нэлээд сайнаар нөлөөлөх болов уу. Учир нь нам дотор ирэх сонгуульд нэр дэвших санаатай зарим нөхдийн амыг таглах сайн боломж гарч байна. Өөрөөр хэлбэл, амбиц ихтэй залуус, гавьяагаа үнэлүүлэх гэж гомдоллож явдаг олон хүнд гарах гарахгүй нь мэдэгдэхгүй сонгуульд үзэж байснаас хэдэн сар ч гэсэн сайд, дарга хийж сайхан намтартай болох бололцоо бий болж байна гэсэн үг. Ийм замыг сонгох хүмүүс мундахгүй олон байж таараа.  Мөн намын зүгээс боловсролтой олон залуусыг өөртөө татаж, ирэх сонгуульд ашиглах нэг хэрэгсэл нь АН-ын сайд, дарга нарын үлдээх зөөлөн суудлууд болж болох талтай. Ийнхүү сонгуулийн өмнө томоохон томилгоонууд хийснээр нам дотор буй бүлгүүд ч хэл амаа ололцож, олон түмний өмнө ачааны хүндийг үүрэгч гол баатар болох сайхан боломж гарч магадгүй юм.  

АН-ын хувьд бүх хүчээ сонгуульд хаях боломж гарч байгаа ч нам доторхи нэр дэвшигчдийн амбиц, бүлэг фракцуудын зөрчилд энэ явдал төдий л хүчтэй нөлөөллөхгүй байж мэдэх юм. Харин ч сайд, даргаасаа буух дургүй хүмүүсийн бүлэглэлийг бий болгох аюул тээж магад. Гэхдээ гол өрсөлдөгч болох МАН-ын эсрэг жинхэнэ сөрөг хүчин болсон нь нэр хүндийг нь өсгөх, тэр хэрээрээ урам зориг, эрч хүчийг олж болох талтай. 

МАХН болон түүний бараа бологчдын хувьд ч гэсэн улс төрийн томоохон алхам хийх шаардлага гарч байна. Тэдний гол бай болох МАНАН нэгэнт арилж цэлмэх тул хэнтэй эвсэх, тохирох гээд төвөгтэй асуудал тулгарах байх. 

Гэхдээ хамтарсан Засгийн газрыг тараах санал АН-ын даргаас гэнэт шахуу гарч байгаа нь “хөөгдөхөөсөө өмнө” яаран хийсэн улс төрийн алхам байх магдлал өндөр. Ямар ч байсан МАН-д л энэ үйл явдал ашигтай тусах байх даа. 
А. Энхбат, 2012.01.05   

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)