2012/04/19

ДОГСОМЫН БОДОО

Жанжин Сүхбаатарын төрсөн өдөрт зориулан түүний тухай түүхэн баримтанд тулгуурлан товчхон нийтлэл гаргаснаас хойш уншигчлаас нэг мөсөн анхны долоогийн түүхэн хөрөг цувралаар тавиач гэсэн санал ирэх болсон. Тиймээс та бүгдийнхээ хүсэлтийг харгалзан энэ удаа 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын гол лидер Д. Бодоогийн тухай товчхон мэдээлэл нийтэлж байна.  

Консулын бүлгэмийг анхлан үүсгэн байгуулагч, хувьсгалын удирдагчдын нэг, Ардын түр засгийн газрын түшмэл, Түр засгийн газрын ерөнхий сайд, МАН-ын төв хорооны дарга,  Ардын засгийн газрын ерөнхий сайд, Гадаад явдлын яамны тэргүүн сайд агсан  Догсомын Бодоо 1800 онд Нийслэл Хүрээний Элбэг амгалант гацаанд /одоогийн Амгаланбаатар/ мэндэлжээ.

Тэрбээр Зүүн Хүрээнд шавилан сууж шашны боловсролтой болсон бөгөөд Олноо өргөгдсөн Монгол улсын төр, шашны байгууллагад бичээч, түшмэл, орос консулын орчуулагчын сургуульд багш, ”Монголын сонин бичиг”, “Шинэ толь”, “Нийслэл Хүрээний сонин бичиг” зэрэг тогтмол хэвлэлүүдэд сурвалжлагч, нийтлэгчээр ажиллаж агсан манай анхны сэтгүүлчдын нэг.

Д. Бодоо өөрийн хэлснээр Барон Унгерний цэрэгт эллсэн явдлаа түүний хүчийг тагнах, хүчээр дайчлагдсан монголчуудаа түүнээс хөндийрүүлэх зорилготой гэсэн байдаг. Ардын хувьсгалт нам Улаан Оросоос тусламж гуйсан нь зөв болсон. Харин дотоод бодлогодоо Улаан Оросыг дууриах гэж байгаа нь буруу гэсэн байр суурьтай байжээ. Монгол улсын Ерөнхий сайд байх үедээ Дамбийжанцан, Егүзэр хутагт, Дилэв хутагт, Дарь эх лам, Цорж мэргэн Санжаажамц, Зуугийн хувилгаан зэрэг том толгой лам нарт  захидал илгээж ардын төрийн үйл хэрэгт хүчин зүтгэхийг хичээнгүйлэн гуйсан нь бий.

Засаг төрийн талаар Д. Бодоо болон түүнтэй ижил бодолтой хүмүүсийг  “Бүгд найрамдах ёсны” үзэлтэн гэж болох юм гэсэн зарим судлаачдын дүгнэлт ихээхэн бодиттой. Тэрбээр Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийг үүсгэн байгуулахад зохих үүрэг гүйцэтгэсэн байна.

1922 онд тухайн үеийн Монголын улс төрийн нам, бүлэглэлүүдээс дэмжлэггүй болсон тэрбээр улс төрийн амьдралаас бүрэн холдохоор шийдэж, Намын Төв Хороонд албан тушаалаас чөлөөлж өгөх өргөдөл өгсөн бөгөөд түүний хүсэлтийг ёсоор болгожээ. Гэвч удалгүй Д. Бодоог ЗОУ-д суух элчин сайдаар томилоход татгалзан “бурхан шажингүй газар очиж амьдарч чадахгүй” гэсэн байдаг. 

Энэ явдлаас хойш нэг их удалгүй түүний үзэл бодол, үйл хэргийг мушгин буруутгаж, Жа лам Дамбийжанцантай холбоотой хэмээн дайрч гүтгэн, намаас үлдэн хөөж, дайчлан баривчлан буудан хороосон. Энхүү хилс хэргийг түүний хувьсгалч анд, мөнхийн өрсөлдөгч С. Данзан, коминтерний төлөөлөгч Э.Ринчино нар голлон зохион байгуулсан нь түүхэн үнэн. Энд ЗОУ-ын оролцоо, гар хөл гэхээсээ илүү хувийн атаа хорсол, албан тушаалын хинээ, үзэл бодлын зөрөө гол хүчин зүйл болсон гэж үзэж болохоор. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)