1911 онд Халхын Хүрээний “Бүх хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх газар” хэмээх түр засгийн газар байгуулж да лам Чагдаржав тэргүүлсэн бөгөөд Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулан, тусгаар тогтнолоо дахин сэргээх, VIII Богдыг хаан ширээнд залах, цэрэг цуглуулах зэрэг ажлуудыг гардан гүйцэтгэсэн билээ. Тэгвэл уг явдлаас арван жилийн дараа Ардын түр засгийн газар байгуулагдан “цэцэг” хэмээх Чагдаржав түр засгийн газрын ерөнхий сайдаар томилогдсон юм. Ийнхүү ХХ зууны эхэнд Монголын хоёр ч түр засгийн газрыг амьдай нар толгойлж байв.
Ардын түр засгийн газрын ерөнхий сайд Дамбын Чагдаржав 1880 онд Их шавийн Чандмань отог (Одоогийн Төв аймагийн Баян Өнжүүл суманд) Дамба хэмээх чинээлэг айлд мэндэлжээ. Хүүхэд насаа Их хүрээний Сэцэн тойны аймагт харьяалагдан, Дэчингалавын хуралд шавилан өнгөрөөн гэлэн сахил хүртэж төвд, монгол бичиг сурсан байна.
“Цэцэг” хочит Д. Чагдаржав нас биенд хүрсэн үеэс худалдаа арилжаа хийж нэлээд хөрөнгөжсөн аж. 1914 онд тэрбээр Зүүн хүрээний шүтээн аймгийн Лувсангомбо гэгчтэй хоёул Нийслэл хүрээнээс гарч Орос, Англи, Итали, Хятад зэрэг орноор тойрон аялж яваад 1917 онд нутагтаа буцан иржээ. Тэд Богд хааны зарлиг ёсоор бусад орны хөгжил дэвшил, тэдний зүгээс монголчуудад хэрхэн хандаж буй, Монгол улс цаашид хэрхэн хөгжвөл зохихыг заншлан мэдэх тусгай даалгавартай явсан байх магадлал өндөр.
Д. Чагдаржавын үзэл бодол бүрэлдэн төлөвшихөд энэхүү аялал багагүй нөлөө үзүүлсэн нь тодорхой. 1917 онд юм үзэж нүд тайлсан тэрбээр Хүрээний баячуудтай хувь нийлүүлэн хоршоо байгуулж, тус хоршооны даргаар сонгогджээ.
1918 оны сүүлээр Консулын дэнжид Д. Бодоотой санаа нийлж, хувьсгалт бүлгэм үүсгэн байгуулахад идвэхтэй оролцон анхны гишүүн болжээ. Тэрбээр “Феодор” хэмээх нууц нэртэйгээр Эрхүүд очиж С. Данзантай хамт Москвад сар шахам болж ЗОУ-ын удирдагчидтай уулзсан байдаг. Мөн зөвлөлтын 5-р армийн тусламжийг хүлээн авах, ардын журамт цэрэг элсүүлэх, хувьсгалчдын бодлого суртлыг тайлбарлан таниулах ажлуудыг гардан гүйцэтгэж байв. Д. Чагдаржав нь 1921 оны 3 сард Монголын Ардын засгийн хэргийг Бүгд түр ерөнхийлөн захирах газрыг байгуулагдахад түр засгийн дарга, ерөнхий сайд, Сангийн яамны даргаар томилогдож 1921 оны 3 сарын 13 наас 4 сарын 16 хүртэл уг албыг хашсан юм.
Түүнийг Мишигдорж, Ядамжав нарын хамт Ардын засгийн газрын төлөөний бүрэн эрхт түшмэлээр тухайн үеийн халуун цэг Хөвсгөл, Урианхайн хязгаарт томилон ажиллуулж Урианхайн хязгаарыг Орост алдахгүйг хичээж байлаа. Чагдаржав Орос руу дүрвэн гарахыг завдсан ноёд, язгууртнуудад догшин зан гаргаж банздах зэргээр номхтгох гэж оролдож байв. Хөвсгөл нутаг очиж цагаантны үлдэгдлийг цэвэрлэх ажилд идэвхийлэн зүтгэж, 300 гаруй цэрэг цуглуулсан бөгөөд хожим уг цэргийг Хатан баатар Магсаржавын удирлагад шилжүүлсэн байдаг.
1921 оны 10 сард Ардын засгийн дуудсан ёсоор Нийслэл хүрээнд ирж Монголын Ардын харилцан туслах хоршоог байгуулах ажилдаа шамдан зүтгэж, удалгүй мөн оны 10 сарын 26-нд 100 гаруй хувь нийлүүлэгчтэй Монголын эд хэрэглэгчдийн хоршоог байгуулснаа олон нийтэд зарлажээ.
Удалгүй ерөнхий сайд Д.Бодоо түүнийг Ардын засаг, Богд хаан хоёрын харилцаа болон хоорондын итгэлийг дээшлүүлэх зорилгоор хааны дэргэдэх шадар сайдаар томилов. Гэвч 1922 оны хавраас ажлаас халагдан хөдөө Өнжүүлд (Төв аймгийн Өнжүүл сум) ээж дээрээ очиж хавар зуныг өнгөрөөжээ. Ингээд мөн оны 8 сард Нийслэл хүрээнд дуудагдан ирээд “Бодоогийн эсэргүү хэрэгт” холбогдон С. Данзан тэргүүтэй комисс түүнийг буруутан болгож 1922 оны 8 сарын 31-нд Д. Бодоо нарын бусад 14 хүний хамт цаазлуулсан.
Д. Чагдаржав МАН-ыг үндэслэгчдийн нэг төдийгүй Yндэсний ардчилсан хувьсгалыг ялалтанд хүргэхэд хүчин зүтгэж явсан хувьсгалч, монголын анхны хөрөнгөтөн, тухайн үеийн эдийн засаг санхүүгийн гол бодлоготон байв.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл