Хувьсгалт түр засгийн газрын гишүүн, Сангийн яамны эрхэлсэн түшмэл, сайд, журамт цэргийн лам, Цэргийн эмнэлгийн дарга, Хянан байцаах төв комиссийн гишүүн, дарга, Банкны дарга, Улсын бага хурлын тэргүүлэгч, орлогч дарга, МАХН-ын төв хорооны тэргүүлэгч зэрэг өндөр хариуцлагатай албанд ажиллаж явсан Ардын намын анхны долоогийн нэг бол Дарьжавын Лосол юм.
Тэрбээр 1890 онд Цэцэн хан аймгийн Дайчинбээсийн хошуунд мэндэлжээ. Бага залуу насаа гандан хийдэд шавилан өнгөрөөжээ.
Д.Лосол нь Д.Бодоо, Д.Чагдаржав, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Жамьян, бага Данзан нарын хамтаар Консулийн дэнжийн бүлгийг үндэслэн байгуулсан байна.
1908 онд эх нутагаа орхин Зүүн хойт хятад, Бээжин, Петербург, Москва зэрэг хотуудаар тойрон аялсан байдаг. Тэрбээр юм үзэж нүд тайлснаа “эзэрхэг засгийн байдлыг нүдээр үзэж, сэтгэлдээ хадгалан явсан “ хэмээн бичсэн нь бий. Монгол ирснийхээ дараа 1913 онд Зүүн өмнөд хязгаарыг чөлөөлөхөд манлайбаатар Дамдинсүрэнгийн цэргийн ламаар явсан бөгөөд ирээд Богд хаанаас цорж цол хүртсэн.
1920 онд ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, Дагва гэсэн нууц нэртэйгээр зүсээ буруулан явсан түүнийг хувьсгалчдын харилцааны нууц түлхүүрт “аав” гэж бичдэг байв.
Төлөөлөгчдийн ажлын хуваариар С.Данзан, Д.Чагдаржав, Элбэгдорж Жамбалон нартай явж ЗОУ-ын төв засгийн газартай уулзахаар яваад замдаа бие нь өвдөж буцжээ. Гэвч тэрбээр Омск хотоос эргэж ирээд Эрхүү мужийн Большевик намын бага хуралд Д. Сүхбаатарын хамт оролцсон байдаг нь сонин.
Д. Лосол бол ЗОУ-аас тусламж гуйх бичгийн эхийг зохиогчдийн нэг. Буриадын Дэрстийн дацанд Д. Сүхбаатарын даалгавараар очиж ажиллаж байгаад 1921 оны 3 сарын 1-нд нээгдсэн Монголын хувьсгалчдын зөвөлгөөнөөс Ардын намын Төв Хорооны 3 гишүүний нэгээр сонгогдсон ба Нийслэл Хүрээний зүг түр засгийн газар, ардын журамт цэргийг авч хөдлөхөд хойд хязгаарыг тохинуулах үүрэгтэйгээр Хиагтад үлджээ. 1921 онд ЗОУ-ын алс дорнодын коммунист байгууллагын хуралд очсон монгол төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эхнэр Даваажавын хамт зургаан хүнтэй очиж оролцжээ.
Тэрбээр 1924 онд Д.Лосол шар шувтлан хар болсон бөгөөд 1928 онд Коминтерний их хуралд төлөөлөгчөөр оролцсон цогтой хувьсгалч байлаа. Х. Чойбалсан, Г. Дэмид нарын хамтаар “Монголын үндэсний хувьсгал анх үүсч байгуулагдсан товч түүх” гэдэг бүтээлийг бичилцсэн.
Түүний эх оронч зүтгэлийг Монголын төр үнэлж Цэргийн гавьяа, Бичгийн гавьяаний одонгоор шагнаж байсан ч хэлмэгдэн 1939 оны 7 сард Орос улсад цаазлагдсан бөгөөд Монгол улс 1962 онд Д. Лосолийн гэм буруугүйг тогтоон цагаатгасан байдаг.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл