2012/05/13

“ДУУГҮЙ БАЙДЛЫН ЭРЧЛЭЭ” (THE SPIRAL OF SILENCE) -НИЙ ОНОЛ


Нэгэн жарны тэртээ Сталин гэх гүрж эр орос орныг хөл дээр нь босгосон шигээ бас толгойноос нь салгаж байлаа. Хүндэлдэг шигээ айдас дагуулсан энэ нөхрийн хийсэн гавъяаг амьдад нь магтаж дуулж байснаа өнгөрсөний дараахан бүх нийтээр шүүмжлэн газар дор ортол, тамд очтол нь буруутган шүүмжлэх болсон юм. Ингэхэд амьд байхад нь дарангуйлагчаа иргэд нь шүүмжилж байгаагүй юм болоо? Энэ тухай нэг сонирхолтой домог байдаг даа.


60-аад оны үед Сталины дараагаар засгийн эрхэнд очсон Хрущев орон нутгаар явж Сталины дахин шүтэлт, түүний үйлдэж байсан их хэлмэгдүүлэлт хүчирхийллийн тухай байнга яриа таниулга хийдэг байжээ. Нэг удаагийн уулзалтан дээр  цугларсан хүмүүсийн дотроос асуулт бичгээр ирж гэнэ. Никита Сергеевич туслахынхаа гараас нөгөө бичгийг нь шувт татан булааж аваад шууд өөрөө чанга дуугаар унштал “Та тэр үед өөрөө Сталины яг дэргэд нь ажилладаг байсан, тэгэхдээ юугаа хийж явсан юм бэ?” гэсэн байж. Хурлын заал ч нам гүм болж гэнэ. Хрущев хэсэг дуугүй болсноо “Энэ асуултыг тавьсан хүн одоохон босоод ир” хэмээн нөгөө л чанга дуугаараа зандчиж гэнэ. Хэн ч зориглож босоогүй гэдэг. “Би тэр үед яг чам шиг амьтан байсан юм” гэж хэлээд бөөн инээдэм болж байсан тухай домог бий.

Ингэхэд яагаад хүмүүс бусдыг аялдан дагадаг вэ? Ямар нөхцөлд хүмүүс үзэл бодлоо илэн далангүй илэрхийлж чаддаг юм бол. Энэ талаар тухайлсан онолыг 20-р зууны дунд үед боловсруулсан байдаг ажээ.

Дуугүй байдлын эрчлээ буюу “the spiral of silence” гэж ойлголт байх юм. Немцийн нийгэм судлаач, хатагтай Элизабет Ноэль-Нойманы дэвшүүлсэн энэхүү онол нь “хэрэв хүн цөөнхийн талд буйгаа мэдэрсэн нөхцөлд бусдын үзэн ядалт,  гадуурхалт өртөхөөс эмээн өөрийн санаа бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэхээ хязгаарладаг” гэсэн санаанд үндэслэдэг. Энэхүү айдас болгоомжлол нь эрчлээс мэт улам эрч хүчээ авч өргөждөг аж. Цаашлаад хүмүүсийн “сүржигнэх” сэдлээс үүдэж, олон нийтийн санаа бодлын судалгааны дүн, хуурамч статистик мэдрэмжид ихээр итгэж, автаж эхэлдэг байна. Ялангуяа ОНМХ ямар санаа бодол зонхилж байгааг тодорхойлоход томоохон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд олон нийтийн санаа бодлыг бүрдүүлэхийн зэрэгцээ энэ талаар хувь хүмүүсийн төсөөлөлд хүчтэй нөлөө үзүүлж чаддаг байна. Ноэль-Нойманы энэхүү онол нь баримт фактаар нотлогдоход төвөгтэй ч дэвшүүлсэн санаа нь нилээн үндэслэлтэйд тооцогддог. 

Хүн үнэхээр социал хүрээлэн буй орчноосоо хамааралтай амьтан. Бусдын юу бодож санаж, үйлдэж байгаагаар баримжаалж, өөртөө тусгаж, хэлэх ярих үг хэлээ цэнэж суудаг “болгоомжтой” этгээд. Тэдэнд ямар нэг зэмлэл буруутгал, гадуурхлаас эмээх айдас хар аяндаа төрдөг. Энэхүү айдас болгоомжлолоос үүдэн бодол санаагаа ил нээлттэй илэрхийлэхээс татгалзах нь олонтаа. Бусад хүмүүс эергээр хүлээж авна гэж тооцсон нөхцөлд л хүн үзэл бодлоо олон нийтэд хүргэх зориг ордог байна. Харин итгэл үнэмшил, үзэл бодол нь олонхийн дэмжлэг авч чадахгүй гэж үзвэл дуугүй сууж байсан нь дээр гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл, “сөрөг хүчин” болохоос ихэнх хүмүүс татгалздаг гэсэн үг. Бусдын гадуурхалд өртөхөөс айх энэхүү мэдрэмж нь геометрийн прогрессоор өсч, бүгдийг хамарсан амаа хамхих байдал үүсэхийг “дуугүй байдлын эрчлээс” гэж нэрийдсэн хэрэг. 

Ийнхүү амаа хамхих явдал нь нэг талаас тогтвортой байдлыг хадгалах арга байж болох талтай. Халуун маргаан өрнөж улмаар тухайн асуудлаас болж, нөхцөл байдал хурцдахаас сэргийлж, чимээгүй болох явдал нэг бус байдаг. Нөгөө талаас ийнхүү нийтээр үгээ цэнэдэг үзэгдлийг ашиглан дэг журмыг хангахын тулд зориудаар “дуугүй болгох” арга хэмжээ авч болно. Дээр өгүүлсэн Хрущевийн хийсэн үйлдэлтэй адилаар. 

Гэхдээ “амаа хамхих” үзэгдэл нь бүх хүмүүсийг дарангуйлаад байдаггүй. Түүнд өртдөггүй дархлаатай хүмүүс гэж бий. Тухайлбал, өндөр боловсролтой, нилээн бие даасан үзэл бодолтой цаашлаад ямар нэг гадуурхал буруутгалаас эмээдэггүй “зоригтой” этгээд, зөрүүд ааш авиртай нөхдийн хувьд бусдын санаа бодлоос тэр бүр хамаараад байдаггүй. Тэд хэлэх үгээ хаана ч хэнээс ч эмээлгүй хэлж чаддаг. Тэд ноёрхож буй хэсэгт гадуурхагдаж болох ч амаа хамхисан олон хүний дэмжлэгийг ил далдуур хүлээж олж байдаг. Гэхдээ тухайн нийгэм дэх бүлгүүд, хүмүүсийн хооронд харилцан ойлголцол, зөвшилцөл буй нөхцөлд энэхүү “амаа хамхих” үзэгдэл тэр бүр газар аваад байдаггүй. Цөөнх өнөөдөр гадуурхагдан хавчигдлаа ч, тэдний дэвшилт үзэл санаа маргааш нь олонхийг араасаа дагуулдаг нь зүй тогтол юм даа. 

Судлаач Э. Ноэль-Нойман олон түмний ялангуяа хувь хүмүүсийн хоорондын харилцаа, хувь хүн бусдын санаа бодлыг хэрхэн харгалзаж, өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг талаар сонирхолтой онол дэвшүүлжээ. Монголчуудын “түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэх хэлц нь “явцдаа цөөнх болж балрав аа нөхөөр...” гэсэн л санааг агуулдаг болж таарах нь. Тэгээд ч дорно дахины хүмүүний нэрэлхүү бөгөөд ая тал харж, асуудалд хүлээцтэй ханддаг чанар нь “амаа хамхих явдал”-ыг эрхэмлэх үзэгдэлтэй улам бүр нөхцөлддөг байж магадлалтай. Мэдээж “дуугарсныг дэмжих дуу хоолой” ч мөн нэг эрчээ авбал дуу дуугаа өргөөд олны санаа болж биелдэг зүй тогтол бий. Үүнийг нь хүн төрөлхтөн ардчилал гэж нэрлэсэн болтой. Бид тэрхүү ардчилсан нийгмийг байгуулахын төлөө 20 гаруй жил тэмцэж байна даа.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)