2012/05/12

ХОТ БА МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛИЙН ЗӨРЧИЛДӨӨН


Уншигч та бүхэнд Нийслэлийн соёл, урлагийн газраас зохион явуулсан “Хотын соёл” сэдэвт зөвлөлдөх уулзалтанд тависан илтгэлээ нийтлэл болгон хүргэж байна. 

Монгол нутагт эртний хот, суурингийн туурь цөөнгүй олддог. Гэсэн хэдий ч нийтээр мал ахуй эрхлэн жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүсээр ХХ зууны эхэн хүрсэн билээ. Энэ л үеэс Монголчууд бид анхлан хот сууринг жинхэнэ утгаар нь үүсгэн амьдрах болсон. Тэгэхээр өнгөрсөн түүхтэйгээ харьцуулбал Монголчууд бид хотод амьдраад тун бага хугацааг өнгөрөөж буй.  


Хотын иргэн болоод хоёр, гуравхан үеийг өнгөрөөн дэлхий нийттэй хөл нийлүүлж байгаа боловч нүүдлийн ахуйтай шууд уялдан зохицдог уламжлалт зан үйл маань яг хэвээрээ. Тиймээс нүүдлийн ахуй, амьдралд зориулагдан хөгжиж ирсэн Монголчуудын уламжлалт зан үйл, соёлын элементүүд нь хот суурин амьдралын хэв маягтай шууд зөрчилдөх болсон нь хотын төдийгүй нийгмийн томоохон асуудал болоод байна. 

Асуудал яагаад бидний үед гарах болсон шалтгаан нь мэдээж комунист дэглэм. Аливаа зан үйл, уламжилал болгоныг хуучний бурангуй ёс, феодалын нийгмийн үлдэгдэл гэх нэрээр тас хориж байсан. Харин цагаан морин жилийн хувьсгал шүтэж бишрэх эрхийг дахин олгосон нь асуудал манай цаг үед гарч ирэх шалтгаан болжээ.

Асуудал уламжлалт ариун нандин, гүн гүнзгий утга агуулгатай зан үйлийг мухар сүсэг, бүдүүлэг үйлдэл болгож харагдуулж байгаа хэдий ч зан үйл, соёл маань өөрөө хотын амьдрал, иргэдэд ихээхэн саад учруулж байгаа нь бодит үнэн. 

Энд бид дараах хэдэн зан үйлийг жишээ болгоё: 

Цайны дээж өргөх: Монгол эзэгтэй өглөө бүр чанасан цайныхаа дээжийг ургах улаан нар, уул овоондоо өргөдөг ариун уламжлалтай. Тал нутагт гэрээсээ гараад энэ зан үйлийг үйлдэх нь эхнэр хүний хувьд ч тэр айл гэрт нь тэр хамгийн сайхан таатай зүйл. Гэтэл орон сууцанд амьдрах эзэгтэй тагтнаасаа, цонхоороо цайны дээж өргөх нь хотын амьдралтай шууд зөрчилдөнө. Доогуур явж байгаа хүн, машины дээрээс сүүтэй цай асгасан үйлдэл. Өвөл бол бүр хэцүү машин дээр асгасан сүүтэй цай. 

Тахил өргөх: Сүүлийн үед айл болгон бөөтэй, ламтай болсон. Тиймээс элдэв шашны зан үйл нь мөн л дээж өргөхтэй адил тахил өргөх зан үйлийг ихээр гүйцэтгэдэг. Энд сүү, архи, цай, будааг цонхоор өргөх нь мөн л дээрхтэй адил үр дүнг авчирна. 

Сүүжний яс, хонины толгой мөлжих: Монголчууд нүхийг нь ухсан сүүж, нүдийг нь ухсан толойг гэртээ хонуулдаггүй. Учир нь эдгээрт элдэв муу зүйл шүглэдэг гэж үздэг. Сүүжний яс мөлжсөн гэрийн эзэн ясыг босгоо давуулан шиддэг уламжлалтай бол хонины толгойны нүдийг ухаж мөлжөөд нүдийг нь тооноороо гаргаж шиддэг ёстой. Гэрт амьдрах малчин айлд ямар ч асуудалгүй. Гадагшаа шидсэн яс, хогийг нохой идэж цэвэрлэдэг. Харин орон сууцанд амьдрах айлд бол дээрх зан үйл шууд хогоо цонхоор шидсэн үйлдэл төдийгүй хүн ардыг айлгаж ичээсэн хэрэг. 

Бөө мөргөл: Одоо орцондоо бөөгүй айл ховор болжээ. Бөөгийн зан үйл нь харуй бүрийд үйлдэгдэх уламжлалтай. Задгай галын дэргэд эсвэл Монгол гэрт бөө, удган буух нь тухайн хот айлийн л хэрэг. Харин орон сууцанд иргэдийн ид амрах цагаар хажуу хөрш чинь эсвэл дээд, доод давхарын айлд чинь бөө залрах нь үнэхээр том асуудал, өсвөр насны хүүхдүүд шууд л айдас, хүйдэст автах жишээтэй. 

Дээр нь ХХ зуунд бүх нийтийн комунист хуаран бий болгох зорилгоор нийтийн орон сууцийг ихээр барих болсон төдийгүй бид одоо хүртэл тохилог орон сууцийг нийтийнхээр төсөөлсөөр л байна. Гэхдээ хот бол яах аргагүй нийтийн зүйл, нийтийн соёл, нийтийн хариуцлага, нийтийн амар амгалан. Харин нүүдэлчин ахуйп нийтийн гэх зүйл тун маруухан. 

ХХ зууны эхээр Уильяам Фильдинг Огборн соёлын хожимдолт гэдэг ойлголтыг гаргажээ. Тэр нь нийгмийн материаллаг амьдралын өөрчлөлтүүд материаллаг бус соёлын (заншил, үнэмшил, философийн систем, засаглалын хэлбэр ба хуулийн) өөрчлөлтөөс түрүүлэхэд гарна. Энэ нь материаллаг ба материаллаг бус соёлын зөрөөнд байнга хүргэх бөгөөд үүний үр дүнд нийгмийн шийдвэрлэгдээгүй олон асуудал гарна гэж Огбори үзэж байв. Тэгэхээр нүүдэлчин Монголчууд хотод амьдрах болсноор материаллаг соёлын хувьд ихээхэн дэвшилд хүрсэн боловч хуучин оюуны соёлын зарим зүйлс нь хоцрогдсоныг хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Өөрөөр хэлбэл нүүдэлчин уламжлалт зан үйл маань хотын суурин амьдралтай зохицохгүй. Гэтэл даяршилийн эрин үед Монголчуудын ганц онцгойрох зүйл нь уламжлалт зан үйл, соёл ахуй байдаг. Тиймээс үүнийгээ хотын амьдралд таарч тохирохгүй гэж адлах нь үнэхээр байж боломгүй хэрэг. 

Тиймээс уламжлалт зан үйл, соёл гэдэг бол хөдлөшгүй зүйл биш байнга хувирч хөгжиж байдаг амьд зүйл гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Хуучны ёс заншлийг сэргээхэд бас учир бий. Уламжлалт зан үйл, соёлын амин сүнс нь билэгдэл. Материаллаг зүйлс ч, зан үйлийн асуудлууд ч учир утгыг бий болгодог. Учир утгыг тээгч нь харилцаанд ашиглаж буй элементүүдийн дурын цогц байж болно гэж социологч А. Гидденс үзжээ.  

Одоо бид яах вэ? Дээрх асуудлуудыг хэрхэн зохицуулах вэ? Бидний төсөөлж буйгаар уламжлалт зан үйл болоод хотжилт хоёрын зөрчилдөөнийг судлах эрдэмтэн судлаачид, мөн уламжлалт зан үйлийг тээгчид, иргэний аюулгүй, амар тайван амьдрах эрхийг хамгаалагч төр гэсэн үндсэн гурван хэсэг хамтран ажиллах ёстой болж байна. 

Социологч Н. Смелзер “Сургалтаар соёлыг эзэмшинэ” гэж үзсэнчлэн  иргэд болон уламжлалт зан үйлийг тээгчид болох шүтлэгтэнгүүд, бөө удган нарын соёл, зан заншил, ёс уламжлалын цаад утга билэгдэлийн тухай мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хууль, эрх зүйн үүднээс тулгарч нийгмийн өмнө тулгарсан шинэ үзэгдэл, асуудалд хандаж шинэ хууль, эрх зүйн актуудыг боловсруулах зайлшгүй шаардлага байна.  
А. Энхбат 2012,05,10

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)