Монголдоо ганцхан түм түжигнэж, бум бужигнасан суурьшил газар яахын аргагүй улсын нийслэл Улаанбаатар. Олны амьдрал бужигнаж, түмний асуудал түжигнэн, засаг төрийн бодлого эвхэгдсэн их сууринг залуурдана гэдэг мэдээжийн амаргүй хэрэг. Ховдын хязгаарын хүү Богдын хүрээний тамгыг нэртэй, төртэй, ёстой, жудагтай атгасан нь маргашгүй үнэн. Алдсан, буруудсан, гомдсон, тунирхсан нь лавтай бий л байх. Хувь заяаны эрхээр Нийслэлийн төрийг, Ардын намын хороотой хавсран удирдаж, цадиг тавилангийн зургаар амралтын сэнтийд азнах түүний улс төрийн зураглал басхүү сонирхолтой.
Энэ онд болсон УИХ ба НИТХ-ын сонгуулийн дүнгээс улбаалан нам, засгийн албан тушаалаасаа огцорсон түүний улс төрийн замналын талаар судлаачийн хувьд бичихийг оролдлоо. Үүнийг эргэн харахуйд Г.Мөнхбаяр хэмээх нэгний гэхээсээ улс төрийн нэгэн зүтгэлтний унаж, босох амьдралын бичил тэмдэглэл гэж болно.
Нэгэн зүйл.
2008 оны сонгуульд Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдох боломж түүнд бүрэн байлаа. Тус дүүргээс НИТХ-д нэг удаа, дүүргийн ИТХ-ын хуралд хоёр удаа дараалан сонгогдчихсон хангалттай нэр хүндтэй байв. Гэсэн ч хүрд эргүүлэх боломж тухайн үеийн НИТХ-ын дарга Г.Мөнхбаярт бус харин дүүргийн Засаг дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Л.Одончимэд, Ц.Баярсайхан нарт олдлоо.
Нэгэн зүйл.
Нэг бүрэн эрхийн хугацаанд муугүй ажилласан хотын даргын хувьд “Зэрэг нэмэх”-ээр УИХ-ын сонгуульд жагсаалтаар эсвэл тойрогт нэр дэвших боломж байсан нь мэдээж. Нийслэлийн намын гишүүд ч үүнтэй санал зөрөхөөргүй байв. Гэвч 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгууль хамт явах болсон нь Нийслэлийн МАН-ын хорооны даргад “амиа бодох” ёсгүйг сануулав. Ингээд УИХ-д нэр дэвших хангалттай хувийн нэр хүндтэй байсан ч улс төрийн ээдрээт нөхцөл байдал Г.Мөнхбаярт хоёр дахь удаагаа хатуурхлаа.
Нэгэн зүйл.
УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн дүнгээр МАН Улаанбаатар хотод харамсалтай ялагдал хүлээлээ. НИТХ-ын 45 суудлаас тойрогт арав, жагсаалтаар дөнгөж дөрөв, харин УИХ-д яг одоогоор нэг ч төлөөлөлгүй сууна. Ардын намын Удирдах зөвлөлөөс эхлүүлсэн албан тушаалын “хариуцлага”-ын буухиа нийслэлд үргэлжлэн хотын намын даргыг огцруулав. Амжилт, хариуцлагын аль алины өмнө гар гараа барин түүнтэй хамт байх учиртай дүүргүүдийн намын хорооны олонхи дарга нар суудалдаа шигдэж, “ганцхан” Г.Мөнхбаяр л улс төрийн хариуцлага гэгчийг хүлээв.
Нэгэн зүйл.
Статистикаас харвал 2008 оны УИХ-ын сонгуулиар нийслэлийн тойргуудаас 20 мандатын долоог нь, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр нийслэлийн сонгогчдын саналын 43.21 хувийг Ардын нам авсан баримт бий. Энэ бол улс төрийн том дүр зургийн ерөнхий рейтинг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ардын нам уугуул нэрээ сэргээсний дараа хуучин “МАХН” нэрийг нь ашиглан нам байгуулсан улс төрийн бүлэглэлийн үйл ажиллагаа хотод илэрхий идэвхитэй байв. Ийм үед нийслэлийн МАН-ын хорооны даргыг нэг хүнд бүрэн итгэл хүлээлгэлгүйгээр тус намын Удирдах зөвлөлөөс тухайн үеийн намын хорооны дарга Б.Мөнхбаатар, хотын дарга Г.Мөнхбаяр нарыг шууд өрсөлдүүлэхээр шийдсэн нь намын бүтцийн удирдлагын далд хямрал бий болгох, өрдөөх алхам болсон.
Нэгэн зүйл.
УИХ-ын сонгуулийн том тоглолтын дундуур нийслэлийн намын байгууллага өөрийн онцлогийг НИТХ-ын сонгуульдаа зориулан гаргаж ирэх байсан тухай цөөнгүй улс төрчид дугардаг. Боломжийг бүрэн ашиглаагүй гэсэн шүүмжлэл, дүгнэлтүүд ч бий. Нам нь нэгэнт буруу тавилаар сонгуульдаа орчихсон үед хотынхонд “цонх нээгдээгүй” ч байж болох юм. Гэхдээ... гэдэг асуулт мэдээж нээлттэй үлдэж байгаа. Түүнээс гадна НИТХ-ын нэр дэвшүүлэлтэнд алдаа гарч байгааг хотын намын хорооны хурлын уур амьсгалаас эхлээд намын гишүүд, нийгмийн рекаци харуулсан ч үл тоосон гэм түүний багт ноогдоно. Тойрогт дэвших 30 мандат, жагсаалтанд орох 15 нэрс, түүний эрэмблэлийн марафоны шахаас, дарамт, галыг намын хорооны даргын хувьд Г.Мөнхбаяр өөртөө хүлээсэн.
Нэгэн зүйл.
Аливаа улс төрчийн холын амжилт эсвэл түгээмэл алдааны цөм нь түүнийг тойрон хүрээлэгчдийн хил хязгаар хэрхэн тогтсон, тэр хүрээлэлд ямар тоглолт явж буйгаас шууд хамаардаг. Дүр эсгэгчдийн хиймэл орчин, цөөнхийн ташаа мэдээлэл, туршлагагүй болон суларсан нэр хүндтэнгүүдийн явцуу хүрээлэл, төвд найдсан амиа хичээгч, нам ба төрийн суганд нуугдсан хоёр нүүртнүүдийн балгаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагч асан” гэх тодотгол хотын Ардын намын экс даргын намтарт бичигдлээ. Юутай ч хот дахь төрийн ч, намын ч олон хүний өмнөөс дээрээс ирсэн дарамт, доороос тулсан шахалтыг улаан нүүрээрээ халхласаар дөрвөн жилийг Г.Мөнхбаяр өнгөрөөсөн.
Нэгэн зүйл.
Удирдах зөвлөлийн “бодлого” нэрээр хүч түрсэн хэдий ч сөрөг дэвшигчээ ганцхан саналын илүүгээр ялсан өнөөгийн нийслэлийн МАН-ын хорооны даргын ард экс даргыг бий гэсэн хардлага цөөнгүй гишүүнээс сонсогддог. Энэ факт үнэн бол хэдий жирийн олны итгэл, намын цөөнгүй гишүүний хүндэтгэлийг хүлээдэг ч дарга асны улс төрд эргэн ирэх зам төдийлөн сайнгүй. Уул шугамдаа сая болж өнгөрсөн сонгуулиар нийслэлийн намын байгууллагын гал тогоог хариуцаж, ерөнхий менежерээр ажилласан хүний хувьд намын дарга Г.Мөнхбаярыг ганцаар нь золигтуулах бус хамтдаа хариуцлагаа хүлээх нэгэн гэдгийг олон хүн хэлдэг.
Судлаач Н.Батсүмбэрэл
2012.09.17
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл