2012/10/23

УЛС ТӨРИЙН ТОГЛООМЫН ДҮРЭМ БОХИР ХЭВЭЭРЭЭ БАЙНА.

 З.Оргил                                  "Зууны мэдээ" сонин 2012 10 23                                                       

Улс төр судлаач Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

Яг одоо монголын улс төрийн сонирхолтой үйл явдал бол УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн Х тойрог дээр гарсан маргаан АН-ын талд шийдэгдэж байгааг МАН-аас эсэргүүцэж байгаа явдал. Та хэрхэн харж байна вэ?

     Бүр сонгуулийн кампанийн үеэр л нилээн хэл ам дагуулж эхэлсэн үйл явдал. Өвөрхангайн АН-ын дарга нь нэр дэвшигчдээ мөнгө төгрөг тарааж, сонгогчдыг худалдан авч байна гэж мэдэгдэл хийж байсан даа. Сонгууль бол олонхийн дэмжлэг авсан нь сонгогдож, улс төрд ард түмнээ төлөөлдөг тогтолцоо. Гэтэл цөөнх болсон нь сонгогдох гээд зүтгээд байгаа нь буруу үзэгдэл. Үүнээс шалтгаалж УИХ-ын буюу парламентийн хямрал үүсээд эхэлчихлээ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллага үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бололцоогүй болж, нэр хүнд нь олон түмний дунд унахыг парламентын хямрал гэж томъёолдог.

Энэ үйл явдал цаашдаа яаж өрнөх бол?
-    
     АН болон МАН 2 асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан зөвшилцөхөөс хамаарах байх. Санаж байгаа бол 2004 оны сонгуулиар нэр дэвшигчдийн хооронд мөн л ийм маргаантай асуудал үүсч, 2 жил хүртэл сунжирч байсан. Маргалдаж буй нэр дэвшигчдийг аль алийг нь “гомдоохгүй”-н тулд нэгийг нь УИХ-д тангаргийг нь өргүүлж нөгөөг нь том албан тушаалд томилж асуудлыг намжааж байлаа. Ийм зөрчил маргааныг шийдвэрлэх зохистой арга механизмыг бүрдүүлэхгүй бол цаашдаа ардчилсан тогтолцоонд халтай үйлдлүүд газар авахад хүрнэ. Ухаандаа энэ маргааныг Батхүү, Зоригт нар талдаа шийдэгдвэл цаашдаа сонгуульд ялсан нэр дэвшигчидтэйгээ зууралдан өөрт ашигтай шийдвэр гаргуулахыг эрмэлздэг, өөрөө гараагүйд өширхөж бусдыг татаж унагахыг оролддог тийм жишиг тогтоно. Нөгөө талаас үнэхээр Чинзориг, Төмөрхүү нар нь мөнгө төгрөг тараасан нь тогтоогдсон хэрнээ УИХ-д суудал эзэлвэл сонгогчдыг худалдан авах замаар гишүүн болж болдог юм гэсэн ойлголт газар авна. Цаашдаа монголын улс төрийн тоглоомын дүрэм бохир хэвээрээ үлдэх муу үр дагаврыг л авчирна даа.
       
       Таны хэлж буй тэр зохистой арга механизмыг хэрхэн бүрдүүлэх бололцоо байна вэ?
-     
       Жишээ нь сонгуулийн ерөнхий хороо гэх улс төрийн том институци байна. Ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн цэвэр тунгалаг орчин бүрдүүлэхэд энэхүү байгууллагын үүрэг хичнээн чухал болохыг бид одоо ухаарч эхэллээ. Нэн тэргүүнд энэхүү байгууллагыг улс төрийн намуудаас хараат бус болгомоор байна. Аль нам ялна тэр нь СЕХ-ны даргыг томилдог, нөгөө хэсэг нь тэрхүү этгээдэд хэзээ ч итгэдэггүй байдал өнөөдөр үйлчилж байна л даа. Нэн тэргүүнд энэхүү байгууллагыг намаас хараат бус болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Манай улс төрчид энэхүү нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Харамсалтай нь хийх зориг зүрх нь дутаад байгаа.

       Шүүх засаглалд бас асуудал байх шиг байна?
-      
     Мөн шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад дорвитой алхам хийх шаардлагатай. Хэн ерөнхийлөгчөөр очно тэр шүүхийг “баздаг” тогтолцоо одоо ч хэвээрээ. Ялангуяа улс төрийн асуудалд шүүх тогтолцоог ашигладаг, шүүхийн шийдвэрт улс төрч этгээд хутгалдан ордог байвал хэрхэн ардчилал, шударга ёсыг хэрэгжүүлдэг гэж үзэхэв дээ. Одоо манайд хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэл нь мөнгө төгрөг, хамаатан садангаар дамжуулж шүүхэд нөлөөлдөг явдлыг хязгаарлахад чухал алхам байх. Гэтэл шүүх засаглалаар өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар улс төрийн хүчнүүд тэмцэлдэж байгааг хэрхэн зохицуулсныг лав олж харахгүй байна. Ёгтолж хэлэхэд улс төр гэх бацаанд шүүх хэмээн хөгшин толгойгоо мэдүүлдэг хэвээрээ л үлдлээ.

Одоо үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх өөр хувилбар Танд байна уу?

Хөндлөнгөөс харахад “дөрвөн хэрээ нэг нэгийхнээ харыг гайхаж талцчихаад 2 хэрээ нь нөгөө хоёрыгоо илүү хар юм байна гэж зарга үүсгээд” байгаа л харагдах юм. Болдог бол дөрвүүлэнгийнх нь нэрийг татчихаад дахиад сонгууль явуулчихмаар санагдах юм. Тэгээд бүгдээрээ хараад сууж байя. Хэн нь шударгаар өрсөлдөж гарч ирэх вэ гэдэгт монгол даяараа хяналт тавиг.

УИХ дахь МАН бүлэг байгуулж чадахгүй нилээн удлаа. Энэ нөхцөл байдлыг судлаачийн хувьд та юу гэж харж байна?
-     
       АН-н зүгээс хууль тогтоомжинд суулгасан онц ач холбогдолгүй заалтыг ашиглаж улс төрийн ашиг хонжоог өөртөө гаргаж авч чадсан. Нөгөө 24 цагийн дотор УИХ-ын даргад бүлэг байгуулж буйгаа мэдэгдэх ёстой гэдэг заалтыг хэлээд байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАН яалт үгүй цөөнх болсон. Цөөнх олонхидоо “садаа болж”, хяналт тавихаас сэргийлж АН-аас явуулсан улс төрийн ов заль. Цөөнх үгээ хэлэх бололцоог нь хязгаарлана гэдэг нь парламентат ёс гэх ардчилсан тогтолцооны чухал шалгуурт огт нийцээгүй үйлдэл. Өөрөөр хэлбэл, цөөнхийг хүндэтгэх, дуу хоолойгоо илэрхийлэх нөхцлийг нь хаачихсан байгаа УИХ-ыг ардчилсан парламент гэж нэрлэхэд төвөгтэй. Ардчилсан орнуудад муухай л харагдаж байгаа. Тэрнээс биш манайхан шиг дотроо “өмнө нь МАН эрх баригч байхдаа ингэж байсан юм. Болж муу хогнууд, өшөөгөө ингэж авах ёстой юм” гэж тэдэнд ойлгогдохгүй л дээ.

Цөөнх болсон МАН үүргээ одоо хэрхэн биелүүлвэл зохих вэ?
-     
     Яг үнэндээ цөөнх нь цөөнхийн тоглолтын арга барилдаа орж өгдөггүй, олонх нь буурь суурь, намба сууж өгдөггүй нэг хэсэгтээ “зовох” нь. Аль алинд нь тухайн дүрээ бүтээх улс төрийн соёл дутагдаж байгааг харуулаад байна. Ухаандаа МАН өнгөрсөн хугацаанд өөрсдийн хийж бүтээж байсан зүйлийг үгүйсгэж, буруутгаж байгааг зүгээр хараад суугаад байна. Хийснээ танилцуулж, хамгаалж, басхүү эрх баригч хүчний зохисгүй алхмуудыг няцааж, шүүмжилж байх шаардлагатай байна. Төрийн албан хаагчдыг цөөн олноор нь сугалж халж байгааг зүгээр хараад сууж болохгүй. Нэг үгээр сөрж сурмаар байна. Нөгөө талаас УИХ дахь олонхи нь асуудлыг сэтгэл хөдлөлөөр, хүч түрж шийддэг, цөөнхийг гутааж доромжилсон, хэлснийг нь үл ойшоон ханддаг явдлаа эргэж хармаар байна.

Сая Өвөрхангайн тойргийн маргааныг АН-ын нэр дэвшигчдийн талд шийдвэрлэснийг МАН-ын гишүүд эсэргүүцэж жагсаал хийлээ. Энэ нь сөрөг хүчний тоглолтын арга барилдаа орж байгаагийн илрэл мөн үү?
-     
       Сөрөг хүчний дүрдээ орох гэж хичээж байна аа. Гэхдээ нөгөө хошин шогийн үзүүлбэр дээр гардаг шиг МАН-ыг “дуугараачээ, ямар нэг юм хийгээчээ...” гээд байсан хүмүүс сөрөг хүчний дүрээ бүтээж эхэлтэл, түүнийг нь хүлээж авах сэтгэл зүй бэлтгэгдээгүй байх жишээтэй. Эд нар хэзээ ийм болчихсон юм, худлаа харагдаж байна, эд нар ардчиллын талд байж яг харагдаач” гэж байх шиг. АН-ын гишүүд нь сөрөг хүчний дүрээсээ салж өгөхгүй тэд нараар оролдоо л, “...гудамжинд гарч хэвт, ингэж сөрдөггүй юм, зааж өгье” гэж намбагүйтээ л. Ардчилал гэдгийг хэн нь өмчилдөггүй нийтийн үнэт зүйл гэдгийг ухаардаг болоогүй л байна даа.

   АН-ын явуулж байгаа бодлогыг та юу гэж харж байна? Бүгдийг нь буруутгаж харлуулах шаардлагагүй санагдах юм.
-      
    АН толгойлсон эвслийн засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд удаагүй байна. Харагдаж байгаа зүйл гэвэл... тэд зоригтой, шийдэмгий байна. Үүн дээр бодлоготой байхыг нэмчихвэл ч. Бараг засгийн бодлогоос илүүтэй засаг даргаар томилогдсон Бат-Үүлийн алхмууд хүмүүст илүү тод томруун харагдаж, ойлгогдож байна л даа. Түгжрэлийг багасгах талаар өмнөх засаг даргын бодож байсан зүйлийг шууд ажил хэрэг болгочихлоо. Хууль бус, зөвшөөрөлгүй барилга байшингуудыг цэгцлэх зэргээр олон түмний анхаарлыг татсан, сайшаал хүртсэн зүйлүүд байнаа. Гэхдээ нөгөө талд нь үндэсний хөрөнгө оруулагчид, тэдний бүтээн байгуулалт хийх сонирхол тэмүүлэл байгаа гэдгийг харгалзах шаардлагатай юм билээ.  

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)