Оюу Толгойн дийлэнх хувийг “Рио Тинто” худалдаж авахаар боллоо гэдгийг сонсоод би хувьдаа их баярласанаа санаж байна. Дэлхийн хэмжээний аварга компани энэ төслийг хэрэгжүүлэхдээ Айвенхог бодвол хамаагүй илүү хариуцлагатай, төслийн оролцогчдод илүү хүндэтгэлтэй, илүү нээлттэй хандана гэдэг найдвар байсан. Тэгээд ч хамаг хэцүү, гол ажлуудыг Айвенхоу хийчихсэн байсан. Магадгүй Айвенхоу төслийг лоббидохдоо хэт их PR хэт их хүлээлт үүсгэсэн байх. Тиймээс “Рио Тинто”-гийн менежментээс бид илүү ихийг хүлээж байсан.
Харамсалтай нь ОТ-г тойрсон улс төр, популизмд энэ улс тэр чигээрээ автаад удаж байхад энэ бүхнийг шийдвэрлэх, тоймтой, бодитой мэдээлэл өгөх, түүнийг ойлгуулах, таниулах тал дээр Рио Тинто мэргэжлийн бус, санаачлагагүй хандаж байгаад гайхаж байна. Танай вэб дээр тухайн төслийн оролцогчдод төслөөс үзүүлэх нөлөөг ойлгуулах, ач тусыг нэмэгдүүлэх, сөрөг нөлөөг багасгах нь бидний зорилт гэсэн байдаг. Хамгийн гол нь “хүн бүрийн шаардлага, хүслийг биелүүлж чадахгүй ч олон нийтийн дэмжлэгийг хүлээхийг бид хичээдэг” гэсэн байна.
Бодвол “Рио Тинто” олон нийтийн санал асуулга, судалгаа хийлгэдэг л байх. Түүгээр ямар дүр зураг байгааг мэдэхгүй байна. Гэхдээ social media, уулзсан ярьсан хүмүүсийнхээ байдлыг харахад олон нийтийн дэмжлэг чинь улам багасаад байгаа юм шиг санагдаж байна. Танай төслийн амжилт олон нийтийн дэмжлэгээс хамгийн их биш юмаа гэхэд нилээдгүй шалтгаална гэдэгт эргэлзэхгүй байна. Дэмжлэг багасаж байгаа нь популист улс төрчдөөс болсон гэж мэтгэж болох ч тэдний ядуу популизмаас сэргийлж, популизмийн эсрэг дорвитой юм хийхгүй байгаа танай компаний алдаа.
Биллборд PR
ОТ бол “Hublot” эсвэл “Airmarket” биш. Энэ бол бидний хувьд маш том нийгмийн төсөл. Бид өөрсдийгөө үүний нэг хэсэг, бидний ирээдүйн гол баталгаа гэж хардаг. Бидэнд энэ төсөл ямар бодитой ашиг авч ирэх вэ гэдэг чухал ч үүнийг самбар дээр зурсан талхаар ойлгочихож болмооргүй байна. Би Канад, Австралид амьдарч үзсэн. Канадын ЗГ талхны 2/3-ийг хүртэнэ, Австралийн иргэд аягатай сүүний ихэнхийг хүртэнэ гэсэн биллбоард үзээгүй. Тэнд хувь эзэмшигчдийн нээлттэй хурал болдог, түүн дээр гүйцэтгэх захирал нь тайлангаа тавьж танилцуулдаг. Тэр тайлан вэб сайт дээр татаж авахаар байрладаг. Бид төслийн шууд хувь эзэмшигч биш ч, бид засгийн газрыг сонгодог (монголд УИХ-ын гишүүн дандаа Засгийн газарт байдаг юм). Манай засгийн газар тэр хурлынхаа мэдээллийг нууж байгаа бол танай компани танилцуулж болно. PR шинжлэх ухаан болтлоо хөгжөөд байхад биллбоардоос өөр арга бодож олохгүй байгаа нь бидэнд ердөө ойлгогдохгүй байна.
Хаалттай мэдээлэл
ОТ төслийг би нээлттэй төсөл гэж боддог. Энэ бол атомын цахилгаан станц биш, NASA-ын төсөл ч биш. Энэ бол зүгээр л уурхайн төсөл. Энд танай компани хувь эзэмшигч бөгөөд төслийг удирдлагаар хангадаг гэж ойлгодог. Энэ төслийн талаарх гэрээ, тайлан, мэдээлэл яагаад “Wikileaks”-дүүлэх хэмжээнд хүрээд байгааг ердөө ойлгохгүй байна. Мэдээлэлгүй хүмүүсийн дунд цуу үг хурдан тардагийг хэн ч мэднэ. Эхний хөрөнгө оруулалтын зардал өссөн гэдгийг өнөөх популист гэгдэх хүмүүсийн буянаар л мэдэж авсан. Яагаад өсгөх шаардлага гарлаа гэдгийг хэвлэлээр танилцуулж болохгүй гэж. Хүн болгон зардал өсөж байгааг мэдэж байна, хүн болгонд инфляци мэдэгдэж байна. Бид ойлгоно.
Төсөл хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа өөрчлөгдсөн тухай бас л хүний амнаас сонссон. Тооцоо судалгаа нь олдохгүй л байгаа.
Олон нийттэй үл харилцах нь
Энэ төсөл бол Монголын олон нийттэй “тохиролцож” хийж буй анхны томоохон төсөл. Олон нийт дэмжиж байж баталсан гэж ойлгодог. Олон нийт цаашид энэ төсөлд оролцсон хэвээрээ байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон нийт энэ төсөлд маш том ач холбогдол өгдөгийг хэлэх нь илүүц. Гэтэл өдийг хүртэл олон нийтийг танай компани биш улс төрчид л төсөлд оролцуулж байна. Монголчууд маш их хартай ард түмэн. Хоёр том гүрний дунд оршдог учир сүүлийн зургаан зууны турш байнга болгоомжлол, хардалт дунд байж ирсэн. Гадны нөлөө, оролцоог маш гярхай ажигладаг. Хирийн юманд шууд итгэдэггүй.
Тиймдээ ч ихэнхдээ тэднээс урьтаж хөдөлдөг, уян хатан байж ирсэн. Бидэнтэй тохиролцож хийнэ гэсэн төсөл нь нуугдмал, үл ойлгогдом болсноор хардалт үүсээд байна. Үүн дээр мэдээж улс төрчид тоглодог. Улс төрчдөд бид нэг их итгэдэггүй ч одоогоор өөр эх сурвалж алга. Дор хаяж танай зүгээс төслийн Хэвлэлийн төлөөлөгч томилж болмоор санагдах юм. Энэ бол зүгээр шаардлагатай үед хэвлэлд албаны мэдээ өгөх биш төсөлтэй холбоотой ерөнхий мэдээллийг хүссэн хүнд өгдөг, өгөх эрхтэй хүн байх хэрэгтэй. Ядаж төслийн зардал, тулгамдаад байгаа асуудлууд, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа гэх мэтийн багцаалдаг, түүнийг энгийнээр ойлгомжтой тайлбарлах чадвартай хүн байвал яасан юм бэ гэж. Тэгэхгүй бол одоогоор бид Баярцогт гишүүнийг танай “Spokesperson” гэж хараад байна.
Папуа Шинэ Гвиней VS Монгол
Папуа Шинэ Гвинейн Боганвилл аралд Пангуна гэж асар том зэс алтны орд байдаг. ОТ-оос илүү гарахаар том. Рио Тинто энэ уурхайг ашиглаж байгаад 1989 оноос хөөгдсөн байдаг. Рио Тинтогийн зүгээс үүнийг орон нутгийн зөрчлөөс болсон гэдэг ч үнэндээ нутгийн иргэдтэй хэл амаа ололцож, орон нутгийн онцлогийг харгалзаж үзэж чадаагүйгээс болсон гэж би боддог. Эцэст нь Рио Тинто уурхайгаа алдаж хамгийн аймшигтай нь тэнд 10 гаруй жилийн турш иргэний дайн гарсан юм. Тухайн үед Рио Тинто зөвхөн тус орны ЗГ-тай харилцаж, тэдний дэмжлэгт бүрэн найдаж байсан. Тэр эмгэнэлт явдаас хойш зөвхөн Рио Тинто ч биш ихэнх хариуцлагатай уул уурхайн компаниуд төсөл эхлэхээсээ өмнө байгаль орчны нөлөөллийг судлахаас гадна нийгмийн нөлөөллийн судалгаа хийдэг болсон. Энэ судалгаагаар тухайн орон нутагт хэн нь хэн болох, хэнтэй нь юуг ямар байр сууринаас ярих, ямар нийгмийн эрсдэл байгааг тооцдог.
ОТ дээр ийм судалгаа хийсэн боловч тэр нь дутуу дулимаг болсон гэж “Oyu Tolgoi Watch”, “Bank Information Center”, “CEE Bankwatch”, “London Mining Network”, “Accountability Counsel”, “Urgewald” нарын 2012 оны 11 сард бэлтгэсэн тайланд дурьдсан байна. Судалгаанд нийгмийн эрсдэлд зөвхөн “голланд өвчнийг” оруулсан бөгөөд Монголд одоо хүчээ аваад буй ашигт малтмалыг нийгэмчлэх улс төржилтийн талаар юу ч дурьдаагүй байна. Дурьдаагүй учир тэр эрсдэлийг саармагжуулах, нөлөөг нь багасгах талаар аливаа арга хэмжээ авахгүй гэж ойлгогдож байна. Рио Тинто компанийг Пангунагийн эмгэнэлт явдлаас сургамж аваасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл төслийн үйл ажиллагаа явагдах бүх үе шатад гарах нийгмийн эрсдэлийг зөв тооцож, түүнд үзүүлэх хариу үйлдэл, саармагжуулах төлөвлөгөөг зөв хийгээсэй. Яагаад гэвэл эдгээр эрсдэл бол төслөөс шууд болон шууд бус үр ашиг хүлээж буй бидний ч эрсдэл мөн.
Төгсгөл
Би бол энэ төслийг бидэнд үр ашигтай, бидний ирээдүйд асар их ач холбогдолтой гэж үздэг олон мянган иргэдийн нэг. Энэ төсөл бол хэтэрхий үнэтэй улс төрийн тоглоом гэж үздэг учир улс төржилтөөс энэ төслийг хол байлгах хүсэлтэй байдаг. Гэтэл одоо хүмүүс надаас энэ төсөл чинь луйвар юм биш үү гэж асуухад үнэндээ хэлэх үг олддоггүй. Энэ төсөл амжилтгүй болвол бусад хөрөнгө оруулалт зогсоно гэсэн айдсаар л хүмүүст хариу барьдаг хүмүүсийн нэг. Би төслийн тухай мэдээллийг улс төрчдөөс л авдаг. Харин танай компаниас гэрээ өөрчлөхгүй гэдэг л мэдэгдэл сонссон. Цаашдаа ийм байдлаар энэ төсөл явахад хэцүү гэдгийг хэлэхэд харамсалтай байна. Бидэнд нээлттэй, бодитой, ойлгомжтой, үнэн мэдээлэл л хэрэгтэй байна. Түүний дараа бид ямар ч асуудлыг хамтдаа шийдэж болно. Түүнээс нааш 100 биллборд нэмэргүй л болов уу.
С.Энхтөр
Twitter/@turuu09
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл