Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхны Үндсэн хуулиа баталсан баатрууд |
Одоогоос яг гурван жилийн өмнө бид блогтоо “УЛС ТУНХАГЛАСАНТАЙ ХОЛБОГДОХ ЗАРИМ БАРИМТУУД”-ыг нийтлэж байв. Энэ удаад уг үйл явдал нь ямар ач холбогдолтой, хэрхэн нөхцөлдсөн талаар товч өгүүлэхийг хичээлээ.
Ардын засгийн газар 1921-1924 оны хооронд нийгэм соёл, улс төр эдийн засгийн олон реформыг явуулж, ололт амжилтанд хүрсэн нь түүхэн үнэн. Учир ийм ч Ардын засгийн үйл ажиллагаанд эргэлзэх, эсэргүүцэх явдал ард олны дунд багагүй байсан юм. Тиймээс ч тухай үеийн дэвшилтэт үзэлтэй сэхээтэн, лам хуврагуудаар Ардын засгийн үйл хэргийг сурталчлуулах ажлыг хийлгэв. Эрдэмтэн Ч. Дандаагийн “Шинэ засгийн гол ёсон”, Тарав бандидийн “Ардын засгийн ариун ёсон” зэрэг бүтээлүүд чухамдаа ийм л зорилгын үүднээс бичигдсэн. Гэвч энэ бүгд бичиг үсэг муутай ард олонд төдий л хүртээмжгүй байсан тул Ардын засгийн газрын өөрчлөн байгуулалт, ололт амжилтыг хууль эрхийн үүднээс баталгаажуулан тунхаглах хэрэгцээ нэгэнт үүсээд байлаа.
1924 оны 5 сард Бээжин хотноо Орос, Хятад хоёр “Асуудал зохицуулах ерөнхий зарчмын тухай” гэх нууц хэлэлцээр хийж хамтын ажиллагааны гэрээнд харилцан гарын үсэг зуржээ. Уг гэрээний 5-р зүйлд “Орос нь Гадаад Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Монгол нутагт Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэж заасан байна. Иймээс Монголын эрх баригчид үүссэн нөхцөл байдалд тулгуурлан улс төрийн дорвитой алхам хийж шинэхэн олоод байсан тусгаар тогтнолоо баталгаажуулах хэрэгцээ, шаардлагатай тулгарсан бөгөөд энэ нь Бүгд найрамдах улсыг тунхагласнаар гүйцэлдсэн.
1924 оны 5-р сарын 20-нд VIII Богд Жавзандамба хутагт хаан жанч халснаар Монголын төр албан ёсны тэргүүнгүй болов. Энэ орон зайг хэрхэн нөхөх тухай нам, төрийн удирдагчид хэлэлцэн ерөнхий сайд Б. Цэрэндоржийн санаачлагаар ерөнхийлөгчгүй
Бүгд найрамдах засаглал сонгохоор тогтон МАН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдэж үүнийгээ Бүгд найрамдах засаглал хэмээн тунхаглан, шинэ үндсэн хуулиараа баталгаажуулсан юм.
Хэдий уг үйл хэрэгт Зөвлөлтийн оролцоо байсан ч улс төр, геополитикийн нөхцөл байдал Монголчуудыг үндсэн хуульт Бүгд найрамдах улсыг тунхаглахад хүргэсэн бөгөөд тухайн үеийн удирдагчид маань ч уг үйл явдлыг амжилттай хэрэгжүүлж чадсан билээ.
А. Энхбат
2012. 11. 26
zarim humuust chingisiin "ul medegdeh" tursun udur temdegleh n iluu chuhal bh yum :(
ReplyDeleteтэгвэл барга гаралтай /бараг хужаа/ сүхийн төрсөн өдөр чухал байх. зүгээр даалгавар гүйцэтгэгч бсан.
ReplyDelete