2013/01/21

НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ


(2013 оны 01 сарын 16-нд явагдсан "Монгол дахь улс төрийн намуудын төлөвшил" эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл)

Нам бол төрийн засгийн эрхийг гартаа авах, үгүй ядаж төрөөс гарах шийдвэрт нөлөөлөх үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага гэсэн сонгодог тодорхойлолт одоо ч ач холбогдлоо алдаагүй цаашдаа багагүй хугацаанд нам улс төрийн тогтолцоонд энэхүү үүрэг зорилгоо алдахгүй байх болов уу.


Дээрх ойлголтоос хамааралтайгаар улс төрийн намын зорилго стратеги, бүтэц, зохион байгуулалт, хэв маяг, үзэл баримтлал тодорхойлогддог. Улс төрийн ухаанд улс төрийн намыг ангилсан:
- Олон нийтийн нам (Mass parties)
- Боловсон хүчний буюу мэргэжлийн нам (Cadre parties) гэсэн сонгодог ангилал бий. 

Боловсон хүчний нам бол улс төрийн өндөр идэвх, ухамсартай,  үзэл суртлын нарийн шүүлтүүрээр орж, тусгайлан бэлтгэгдэн мэргэшсэн намын ажилтан, гишүүд дээр тулгуурлан бодлого, үйл ажиллагаа явуулдаг намын хэлбэр. 1990 онд Монголд өрнөсөн улс төрийн ардчилсан шинэчлэлээр монголд олон нийтийн намын хэв маяг төлөвшиж эхэлсэн. (Харин 1990 оноос өмнөх нэг намын тогтолцоо буюу МАХН-ын удирдлага, зохион байгуулалт бүтэц дээрх ангиллын алинд ч тохирдоггүй. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн МАХН олон нийтийн болон боловсон хүчний намын хэв шинжийг хоёуланг агуулж байдаг. Энэ үүднээсМАХН-ыг  эхний ээлжинд завсрын хэв маягтай гэж хэлж болно).

Одоогийн монгол дахь намууд (зарим нэг гишүүнчлэлгүй гэж албан ёсоор зарласан ҮШН зэрэг намыг эс тооцвол) өөрийн эгнээг сонгогч олон түмнээс аль болох өргөнөөр бүрдүүлэх замаар сонгогчдын саналыг өөртөө татах, цуглуулах, нэр хүндээ өсгөх, хадгалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. 

Орчин үеийн ихэнх намуудын бодлого, үйл ажиллагаа дээрх ангилалд тэр бүр нийцэхгүй болсон тул немц-америкийн улс төр судлаач Отто Киркхаймер (Otto Kirchheimer) “бүгдийг хамарсан” нам (catch-all party) гэсэн категори хэрэглэсэн байна. Ийм нам гишүүд дэмжигчдийг аль ихээр өөртөө татахын тулд үзэл суртлын “яршиг төвөг”-тэй арга хэрэгслээс үндсэндээ чөлөөлөгдсөн байдаг. Тэрбээр Германы Христийн ардчилсан холбоо, Социал демократ нам, АНУ-ын Ардчилсан ба Бүгд найрамдах нам, Английн Лейбористуудыг энэхүү ангилалд оруулсан байдаг. Эдгээр нам нь олон нийтийн намаас улс төрийн нэгдэл, зорилго зорилтоороо ялгаатай бөгөөд нийгмийн бүхий л бүлэг, анги давхрагын төлөөлөгчдөөр эгнээгээ бүрдүүлдэг. Энэхүү нэр томъёо германы улс төр судлаач Зигмунд Нойман (Sigmund Neumann)-ы “төлөөллийн хэв маяг”(representative)-ын намтай төсөөтэй. Ийм намууд сонгуульд аль болох их санал цуглуулахын тулд олон нийтийн санаа бодлыг тусган авах, бүрдүүлэхийг эрмэлздэг, сонгогчидтой харилцах зорилгоор улс төрийн өдөр тутмын ажил явуулах маркетингийг хэрэгжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, өдгөөх манай намууд нь дээрх хэв маягт багтах агаад нийгмийн ямар нэг анги бүлгийн эрх ашгийг төлөөлдөг, үзэл суртал, концепциороо олон түмнийг өөртөө татдаг явдал үндсэндээ байхгүй гэсэн үг. Ухаандаа яагаад аль нэг намыг дэмждэг вэ гэх асуулт нь яагаад хөлбөмбөгийг дэмждэг тухай асуулттай адил болсон гэсэн үг.

Улс төрийн ардчилсан тогтолцоонд олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, саналын хувь процентоо өсгөх нэг чухал технологи нь олон гишүүд дэмжигчтэй гэж харуулах, итгүүлэх явдал юм. Монголын улс төрийн намууд яг энэхүү зүй тогтлоор гишүүнчлэлийн төлөө өрсөлдөж, хөөцөлдөж эхэлсэн хэдий ч яваандаа олон нийтэд ийнхүү харагдахаасаа илүүтэй өрсөлдөгч нам хүчиндээ “бид олон шүү” гэж харагдах тэмцэл болон хувирсан гэхэд болно.

Яг чухамдаа аль нам хэдэн гишүүдтэйг мэддэг сонгогч тун цөөн бөгөөд олон хүнд энэ ямар ч ач холбогдолгүй зүйл. Тэгээд ч том намуудын хувьд өөрсдөө энэхүү гишүүнчлэлийн тоо хэмжээндээ толгой нь эргэсэн бөгөөд яс гишүүдийн тоо бүртгэл хийгээд хэвлэл мэдээллээр сурталддаг тоо нь зөрүүтэй байдаг. Судлаач М.Дювержегийн үзснээр угаасаа бүх нам хүчнүүд гишүүдийнхээ талаар байнгын тоо бүртгэл хөтөлдөггүй ажээ. 

Нөгөө талаасаа иргэд сонгогчид намд элсэх ямар сэдэл шалтгаан байж болох вэ гэсэн асуулт гарч ирж байна. Янз бүрийн шалтгаан нөхцөл байж болно. Өөрийн ажиглалт дээр тулгуурлан ерөнхийд нь ангилж үзэхийг оролдъё (Энэ талаар монголд нарийвчласан судалгаа тойм олж харсангүй).

1. Улс төрийн намаар дамжин карьер хөөх сонирхолтой этгээдүүд. Тооны хувьд цөөн. Улс төрөөр хоолоо олж иддэг эсвэл өөрт байгаа бусад нөөцийг (хөрөнгө мөнгө, улс төр дэх ойр дотны хүмүүсийн дэмжлэг) ашиглан нам хүчин улмаар засгийн эрхэнд тэмүүлдэг хүмүүсийг үүнд багтааж болно.

2. Улс төрийн нам хүчний ивгээл хамгаалалд орж, хууль ёс, ёс зүйн зөрчлөөс ангид гарах зорилгоор намд элсэгчид хийгээд нам дамнагчид. Ухаандаа дундад зууны европт гэмт хийгээд гэмгүй нэгэн засаг захиргааны шийтгэлээс зугтаж сүм хийдийн орогнолд багтахыг хичээдэг байсан шиг гэмт хийгээд гэмгүй улс төрч, иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүд намын ивгээлд орох замаар нам хүчний хамгаалалд ордог явдал нэг бус гарсан. 

3. Тухайн нам хүчин өөрийнх нь үзэл бодол, итгэл үнэмшилтэй давхцдаг гэх найдлагын үүднээс намын гишүүнээр элсдэг хэсэг. 

4. Амьдралын хэрэгцээ шаардлагаар (аргагүйн эрхэнд) намд элсэх, дэмжигч мэтээр харагдах үүднээс элсэгч хэсэг. Намд элсэх, гишүүн дэмжигч болж гүйснээрээ хоолоо олж идэхээс аваад байгаа хоолоо булаалгахгүй байх амин эрх ашгийн үүднээс нам хөөх, гишүүн болж харагдах сонирхол олон түмний дунд багагүй байна. Нам төвтэй төрийн тогтолцооны үед намд элссэнээр дараа дараагийн карьер, амьдрал ахуй шийдэгддэг байдал 1990-ээд оноос төгсгөл болсон хэдий ч засгийн эрхэнд гарсан нам хүчний гишүүн дэмжигч байснаараа ажил албанд томилогддог, амины том жижиг бизнесээ “хамгаалуулдаг” явдал одоо ч үргэлжилсээр байна. Ялангуяа хөдөө орон нутагт намд элсэж, нам дамнаснаараа ажилтай амьдралтай байх явдал амь бөхтэй оршсоор байна. Улс төр, намаас хамааралтай амьдрал, ахуйгаа авч явах, аль ч нам засгийн үед  оршин тогтнохын тулд  гэр бүлийн гишүүд аль аль намд элсэн орох явдал цөөнгүй ажиглагддаг. Байтугай, олонд танигдсан том улс төрч, нийгмийн зүтгэлтнүүд ийнхүү эрх баригч намуудад эхнэр нөхрөөрөө, үр хүүхэд, төрөл садангаараа хуваарилагдан үзэж тарж байгаа явдал нууц биш. Үүнд ямар ч итгэл үнэмшил, үзэл баримтлалын ялгаа зөрүү хамаагүй. 

5. Тохиолдлын буюу санамсаргүй, зорилгогүй намд элсэх үзэгдэл. Мөнгөн урамшуулалд хууртан намд элссэн, намын “кампаничлал”-д санамсаргүй өртөх, уруу татагдах, намын шийдвэр гаргах байгууллага (их хурал, гүйцэтгэх зөвлөл)-д өрсөлдөгч нөхөрт санал хэрэг болсон тул гудамжинд явж байсан хүнийг гэнэт намд элсүүлэх, сонгуулийн сурталчилгааны штабт хөөрхөн охин сууж байсан тул элсэх сэдэл төрсөн залуу гээд санамсаргүй, зорилгогүй намын гишүүн болсон хүмүүсийн тоо олноор яригдана. 

Мэдээж янз бүрийн нам хүчнүүдэд иргэд сонгогчид гишүүнээр элсэх, сонгуулийн үеэр тухайн намдаа  саналаа өгөх, сонгуулийн хооронд намын амьдралд оролцох нь иргэн хүний эрх төдийгүй ардчилсан нийгмийг цаашлаад улс төрийн намын системийн амьдрах чадварыг тодорхойлж байдаг. Нэг үгээр улс төрийн намын гишүүнчлэлийн идэвхтэй чанар нь нийгэм-улс төрийн эрүүл, эрх чөлөөт байдлын үзүүлэлт юм. Тэгээд ч Монгол улсын улс төрийн намын тухай хуулинд “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг мөшгөн хавчих, заналхийх, гүтгэх, доромжлох, дарамтлахыг хориглоно” гэж заасан байдаг.

Жирийн иргэд, сонгогчдын хувьд намдаа дурамжхан хандах, өөр намд саналаа өгөх,намаасаа гарах, намаа солих нь ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл. 

Намд элсэх, намаас түтгэлзүүлэх, хасах үндэслэл, хувь хүн хүсэлтээрээ намаас гарах явдлыг хууль тогтоомж, намын дүрэм журмаар тодорхой заасан байдаг. Олон нийтийн намын хувьд намд элсэх, гишүүнчлэлээс хасах явдал ямар нэг ялгаварлан гадуурхлаас ангид байх учиртай.

Нам сольж, нам дамжин явж буй этгээдийн хувьд үзэл бодол, итгэл үнэмшлээ сольж байгаа гэхээсээ илүүтэй улс төрийн тоглолт, амин хувийн эрх ашгаас шалтгаалсан алхам юм. Намаа сольж байгаа явдал нь үнэт зүйл гэхээсээ тухайн хүний ноён нуруу, улс төрийн тавцанд амьдрах арга, тоглох технологиос үүдэлтэй асуудал байх нь олонтаа. Учир нь намуудын үнэт зүйл нь ямар нэг үзэл суртлын утга чанараасаа илүү засгийн эрх барих тэмцэл өрсөлдөөндөө байдаг тухай илтгэлийн эхэнд дурьдсан.  

Харин нам гишүүд дэмжигчдийн өмнө, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, ёс зүйн асуудал хэрхэн зохицуулагддаг вэ? Улс төрийн намын тухай хуулинд: “Намд албадан элсүүлэх болон намаас гарахыг шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно. Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл түүнд давуу байдал олгох үндэслэл болохгүй. Намын зүгээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хутгалдан оролцохыг хориглох” тус тус заалтууд бий. Засгийн эрхэнд гарсан нам хүчнүүдээс уг хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа ихээр гардаг. Гэвч өнгөрсөн хугацаанд хариуцлага хүлээлгэж, асуудлыг хуулийн дагуу шийдсэн тохиолдол нэгээхэн ч алга.

Дүгнэлтийн оронд
Улс төрийн намын гишүүнчлэл, нам дамжсаных нь төлөө хэн нэгнийг гадуурхаж болохгүйг заасан улс төр эрх зүйн харилцааны үндсэн зохицуулалт байна. Уг асуудалд хандах олон нийтийн санаа бодол, улс төрийн намуудын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, намын дотоод асуудлаа шийдвэрлэх арга барилаас үүдэж “зохисгүй” гэх уг үзэгдэл “засагдах” эсэх нь шийдвэрлэгдэнэ.  

Ерөнхийдөө улс төрийн тогтолцооны төлөвшил, намуудын хоорондын харилцааны өрнөл хөгжил, улс төрийн тоглоомын дүрмийн шинэчлэл  (инноваци) тодорхойлж явах биз ээ.  

Гол нь нийгмийн чиг хандлагыг урьдаас харж, түрүүлж хөдлөх зоригтой, тийнхүү өөрчлөлт хийх чадвартай багтай нам хүчин ирээдүйд хожно. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)