2013/02/08

МАРКСИЗМААС ЛИБЕРАЛИЗМ РУУ: МЕЛЕС ЗЕНАУИГИЙН АЛХАМ


Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиопи улс нь баруун африкт оршдог орон. Төр ёсны түүхэн эртний уг сурвалжтай гэдгээрээ тивдээ л өмнүүр бичигдэнэ. 80 гаруй сая хүн амтай энэ орон 20-р зууны капиталист, коммунист ертөнцийн сөргөлдөөний хөлд сүйдэн нилээн замарсан. Дарангуйлалт дэглэм, цэрэг дайн, бүх нийтийг хамарсан өлсгөлөнгийн золиос болж олон мянган хүний амь нас сүйдсэн гашуун түүхтэй. Одоо ч овог аймгийн мөргөлдөөн, шашин хоорондын зөрчил тасраагүй хэвээр. 

Шинэ зуунаас ардчилал руу хэр чинээгээр шилжих гэж зүтгэж буй ч улс төрийн уламжлалт хандлага, нийгэм эдийн засгийн сул дорой хөгжил, овог аймгийн зохион байгуулалтын давамгайлал нь ахиц гаргахад бэрхшээл учруулсаар байна. Ялангуяа африкийн орнуудад төрийн эрхэнд гарсан нөхрийн санаа зоригоос улс орны нөхцөл байдал бүхэлдээ хөтлөгддөг хандлага энэ орныг тойрсонгүй.

1995 оноос хойш бүхэл бүтэн 17 жил Этиопийн хувь заяаг шийдэж ирсэн улс төрийн томоохон зүтгэлтэн Мелес Зенауи Асрес өнгөрсөн оны 8 сард Брюссель хотноо өвчний улмаас таалал төгссөн юм. Түүнийг нас нөгчсөнд, Африкийн холбоо, Өрнөдийнхөн, дэлхийн бусад орны тэргүүнүүд, ялангуяа АНУ тухайн бүс нутаг дахь алан хядлагатай тэмцэхэд гол түнш нь байсны хувьд ихэд харамссан. Зенауи авъяаслаг дипломат, чадварлаг улс төрч, шинэ африкийн дүр төрхийг өөртөө шингээсэн харизмат манлайлагч байсан гэж ажиглагчид тооцдог.

Энэ нөхрийн талаар бусад сайн муу олон сэтгэгдэл бий. Мелес Зенауи гэж хэн болох, шинэ цагийн этиопийг хааш нь чирсэн талаар товч мэдээлэл өгөх үүдннээс энэхүү товч өгүүллийг хүргэж байна.

Мелес Зенауигийн улс төрийн замнал
1956 онд төрсөн. 1972 онд Этиопийн нийслэл Аддис-Абебагийн их сургуульд эмчээр суралцахаар ирсэн хэдий ч марксист-офицеруудийн “Дерг” хэмээх бүлэглэлийн өдөөсөн цэргийн эргэлтийн улмаас энэхүү төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн гэдэг. 1975 оноос засгийн эрхэнд очсон  даруй Менгисту Хайле Мариамаар толгойлуулсан энэхүү бүлэглэл “улаан террор”-ын бодлого явуулж, өөрсдийн дайсан гэж тооцогдсон хэн бүхнийг зайлуулах арга хэмжээ авч эхэлжээ. Зенауи энэ үеэс улс төрийн тэмцэлд идэвхтэй оролцох болжээ. Оршин буй харгис дэглэмтэй тэмцэх зорилготой “Тиграгийн чөлөөлөх ардын фронт”-оор удирдуулсан Марксист-ленинист эвслийг толгойлох болжээ. Тэр цагаас Зенауи үрэгдсэн найзыгаа дурсан өөрийгөө “Мелес” гэж нэрийдэж.

1989 онд тэрээр бусад олон хөдөлгөөн, босогчдын бүлгийг нэгтгэсэн “Этиопийн ардын хувьсгалт ардчилсан фронт” (ЭАХАФ)-ын удирдагч болов.  1991 оноос ЭАХАФ засгийн эрх баригчдын түлхэн унагааснаар олон жил үргэлжилсэн иргэний дайн сая нэг эцэслэжээ. Дашрамд дурьдахад Этиопийг 1975-1991 оны хооронд захирч асан Менгистугийн засгийн газрыг ЗХУ болон зүүн европын социалист лагерийн орнууд бүхий л талын дэмжлэг үзүүлж байсан гэдэг. Уншигчид санаж буй бол 1991 онд ЗХУ-аар толгойлуулсан коммунист лагерь мөн задран унасан.

Ингээд 1991 онд Мелес Этиопийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний эхний томоохон шийдвэр бол Этиопийн холбооны улсын бүрэлдэхүүнд багтдаг ч салан тусгаарлахыг эрмэлзэж ирсэн Эритрейг тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. Үүнд толгойлж байсан хөдөлгөөнд нь тус улсын босогчид гол үүрэг рольтой оролцсон явдал гол нөлөө үзүүлсэн ажээ.

1994 онд Мелес  Этиопийн шинэ үндсэн хуулийн үндэслэгчийн нэг болж, Этиопийг парламентийн засаглалтай бүгд найрамдах улсыг зарлан тунхаглав. Засгийн эрхэнд гарах хүртлээ Мелес нь хэт зүүний марксист үзэлтэнд тооцогдож байсан агаад үзэл суртлын хандлагаа эрс өөрчилж нилээн либерал нэгэн болж хувирсан байна. 1995 оноос ерөнхий сайдаар томилогдсоноос хойш нас нөгчитлөө энэхүү албыг тасралтгүй хашсан юм.

Тэр юу амжуулсан хүн бэ?
Улс төр, эдийн засгийн урт хугацааны хямрал, иргэний дайн, бослого тэмцэлд олон жил идэгдэж, сүйрлийн ирмэгт хүрсэн Этиопи улсыг хөл дээр нь босгох хариуцлагатай үүрэг түүний нуруун дээр буусан юм. Мелес хуучин коммунист загвараар байгуулсан хамтрал, сангийн аж ахуйг тарааж, газар тариалангийн реформ хэрэгжүүлж эхлэв. Газрыг төрийн мэдэлд хэвээр үлдээсэн ч тариачдад 99 жилийн хугацаагаар түрээслэжээ. Үр нөлөө нь удалгүй гарч, Этиопи кофе экспортоор дэлхийд эхний 6-р байр, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 10-р байрт, эрдэнэ шишийн тариалангаар африктаа 2-р байранд жагсаж чаджээ. Цэцгийн аж ахуйн салбарыг шинээр байгуулж, элсэн чихрийн үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлснээр олон тэрбум долларын ашиг олох болов.

Тэрчлэн аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогод анхаарч, нэн тэргүүнд улс орныхоо бололцоо нөхцөлд тохируулан хөрөнгө оруулалтыг хөнгөн, хүнсний үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлд хандуулах болжээ. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирснаар барилгын салбар эрс өсчээ. Эдийн засгийн чиглэлээр явуулсан Мелесийн либерал бодлого нь үр дүнгээ өгч гадны хөрөнгө оруулалтыг ихээр татаж чадсан төдийгүй зөв оновчтой зарцуулж байснаараа онцлог.

Гэвч Мелес улс төрийн зорилгоо хангахын тулд Эритрейгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь нөгөө талаасаа эдийн засгийн хувьд том гарцаа алдав. Өөрөөр хэлбэл, энэхүү бүс нутаг нь Этиопийн хувьд далайн гол гарц байсан юм. Тэгээд ч энхийн байдлаар шийдсэн “салан тусгаарлалт” нь өмнөх зөрчил мөргөлдөөнийг бүрэн шийдэж чадаагүйгээр барахгүй 1998 онд Эритрейтэй дайн хийхэд хүрчээ. Хэдийгээр Этиоп энэ дайнд ялсан ч уг хязгаарыг өөрт эргүүлэн нэгтгэхийг хүсээгүй тул ажиллагаа дууссаны дараа үймээний бүс нутгаас цэргээ гаргасан байна. Бэрхшээл дагуулсан энэхүү асуудлыг энхийн хэлэлцээрээр шийдэж дуусав уу үгүй салан тусгаарлагчид, далайн дээрэмчид, лалын дайчдыг номотгох зорилгоор хөрш Сомали улсад 2006 болон 2011 онд тус тус  цэргээ оруулжээ. Суданы нийслэл Могадишог Лалын шүүхийн холбооны босогчдоос чөлөөлж чаджээ. Бас ч үгүй хөрш Суданы өмнөд хойд нутгийн энхийн хэлэлцээрийг зуучилж амжив.

ОНМХ-ийг хянадаг, шударга бус сонгууль явуулж ирсэн, өрсөлдөгч нам хүчин, бүлэглэлүүд, эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүч хэрэглэн тараасан гэж сөрөг хүчнийхэн нь шүүмжилдэг ч өрнөдөд түүнийг хүндэлдэг гэж болно. Өрнөдийн улс төрчид, сэтгүүлчид африкийн тансаг хангалуунаараа гайхагдсан бусад удирдагчтай харьцуулахад Мелесийн хувийн чанар, өрнөдийхөнтэй хэл амаа олох, ижил түвшинд харилцах чадвар, ялангуяа баруун африкт энхийг сахиулахад оруулсан хүчин чармайлтыг өндрөөр үнэлж ирсэн юм. 
Улс оронд тогтвортой байдлыг хадгалах гэсэн түүний оролдлого нь зарим талаараа дарангуйллын шинж чанартай байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тухайлбал 2005 онд явагдсан сонгууль сөрөг хүчин эсэргүүцэлтэй тулгарч улмаар үүнийг хүч хэрэглэн дарсны улмаас 200 орчим хүний амь нас сүйдэж, сөрөг хүчнийг дэмжигч 30 гаран мянган хүн баривчлагдсан байна. Гадаад бодлогын хувьд АНУ-ыг баримжаалдаг байсныг нь шүүмжилж, Америкийн тоглоомын хүүхэлдэй байсан гэж хочлох явдал ч байлаа. Мэдээж, бүс нутагт хяналт тавихыг хүссэн хүчирхэг гүрнүүдийн дунд учир начрыг нь олж, дундаас нь хожил олх тоглолт явуулж байсан л байх.

Тэрээр улс орондоо төдийгүй бүс нутагтаа бодлого тодорхойлогч байсан. 1995-1996 оны хооронд Африкийн холбооны даргын хариуцлагатай албыг хашиж байсны зэрэгцээ африкийн баруун эрэгт энх тайвныг тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрч чадсан гэж болно.

Ямар ч гэсэн Мелес Зенауи хагас феодалийн засаглалтай, өлсгөлөн гуйланчлалд автсан, овог аймгийн зөрчил мөргөлдөөндөө идэгдсэн орныг эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой, ардчиллын агаар бага ч болтугай үнэртсэн улс болгон үлдээв. Хил залгаа байдалтай Сомали, Хойд, Өмнөд Судан, Эритрей, Кени зэрэг дотоод, гадаад байнгын тогтворгүй орнуудын дунд хашигдсан энэхүү улсын хувь заяа хаашаа эргэх нь тогтолцооны онцлогоосоо илүү дараагийн удирдагчийн ур чадвар, гадаад дотоод дэмжлэгийг хэр оновчтой татаж, хуваарилж амжихаас шалтгаална гэж тооцох үндэслэл бий.

Харин монголчууд бид...
Монголчууд бид африктай өөрсдийгөө жишин зүйрлэх дургүй ард түмэн. Тэднээс тохой биш юмаа гэхэд төө илүү гэж бардамнадаг улс. Яг чухамдаа 90-ээд онд өрнөсөн ардчиллын гурав дахь давалгаагаар коммунист замналаа орхиж, улс төр, эдийн засгийн реформ эхэлсэн африкийн зарим орны нөхцөл байдалтай тун төстэй байсныг сануулах юун.

Тухайн үед бидэнд африкийг бодвол давуу тал олон байсан. Ядаж л гадаад дотоод зөрчил мөргөлдөөнгүй, төрийн институцийн төлөвшил, иргэдийн амьдралын түвшин, боловсрол мэдлэгийн зэргэмжээрээ арай дөнгүүр байсан нь маргаангүй. Харин гарааны энэхүү илт давуу бололцоогоо хэр дүнтэй ашиглаж, учирсан сорилт бэрхшээлийг давах суурь чадамжаа “чулуу болгож” чадсан тухайд эргэж ярилцах асуудал бий л байх. Улс оронд зовлон бэрхшээл хэдий их байна төдий хэрээр түүнийг даван туулах дархлаа чадвар суудаг болтой. Эсвэл учирсан зовлонгоо даалгүй нуран унаж, эргэлт буцалтгүй дампуурдаг үзэгдэл ч бий.

Монголчууд их гүрний сэтгэлгээтэй ард түмэн. Ялангуяа улс төрчид, бодлого боловсруулагчид нь АНУ, Орос, Герман, Японтой зиндаархаж, тэдний туршлагыг судалж, шингээхийг туйлын зорилгоо болгодог. Хүлгийн жолоог ч тэр улсууд руу байнга залаастай. Судалсан туршлагаа хэрэгжүүлж чаддаг эсэх тухайд харин ямар бол??? Зүүн европ, африкийн адил нөхцлөөс эхэлж, ижил санаа зорилгод хүрэх гэсэн улс орнуудыг нэг нүдээрээ ч тоохгүй. Яагаад гэвэл монголчууд тэднээс “ядаж төө илүү учраас...” гэсэн бардам зантай тул... 

1980-аад оны их өлсгөлөнгийн үед гадны хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг дээр үндсэндээ тэсч байлаа.  Дээрх зураг дэр "Хил хязгааргүй эмч нар"-ын байгууллагын тусламж бууж байна. Цаана онгоцны буудлын байшин дээр оросоор "Добро пожаловать" гэж бичжээ.
1977-1991 оны хооронд Менгисту гэх нөхөр Этиопид социализм байгуулахыг оролдов.
Зураг дээр  Этиопийн коммунист хувьсгалын баярыг тэмдэглэж байгаа нь 1987 он.
1991 онд Менгистугийн дэглэмийг түлхэн унагаав.
Түүнийг зайлуулснаас  хоёрхон өдрийн дараагаар Лениний хөшөөг буулгаж байгаа нь.
Цэцэг бол Этиопийн гадаад валютын нэг том эх үүсвэр.
Цэцгийн фирмийн эзэн "орлого"-оо усажл байгаа нь. 2007 он.
Гоёлын зориулалттай тавгаар доод уруулаа чимсэн Мурси омгийн бүсгүй
За энэ ч манайхнаас арай ондоо юм аа.
Ногоон байгууламжинд хучигдсан Этиопийн нийслэл Аддис Абаба

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)