2013/06/13

ИРАНЫ УЛС ТӨР БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Дэлхийн улс төрийн амьдралд өрнөж буй нэгэн чухал сэдэв бол Ираны ерөнхийлөгчийн сонгууль юм. Манай нийтлэлч Д. Анхбаяр маань бидэнд уг сонгуульд нэр дэвшиж буй улс төрчдийн талаар материал ирүүлжээ. Удахгүй бид түүний Ираны үндсэн хуулийн тогтолцоо, төрийн байгууламж, улс төрийн намуудын тухай цуврал нийтлэлүүдийг хүргэх болно.  

Ираны ерөнхийлөгчид нэр дэвшигчид
5-р сарын 21-нд Хамгаалагчдын зөвлөл буюу Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр 8 хүний нэрсийг ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны нэр дэвшигчээр зарласан. Явцын дунд 2 нэр дэвшигч нэрээ татсанаар 6 нэр дэвшигч үлдсэн.  Ингээд 6-р сарын 14-нд болох сонгуулиар доорх нэр дэвшигчдээс нэг нь Ираны ерөнхийлөгчөөр сонгогдох юм.  
1.Сайд Желили
1965 оны 9-р сарын 6-нд Машад хотноо мэндэлсэн.  Тегеран дахь Имам Садик Их сургуулийг улс төр судлаачаар дүүргэсэн. “Куран судар дахь Лалын улс төрийн үзэл бодлын парадигм” сэдвээр доктор хамгаалсан. 1980-1988 оны хоорондох Иран-Иракын дайнд сайн дураараа явж байлдсан. Дайнд баруун хөлөө тайруулсан. 1989 оноос улс төрийн карьераа эхэлж 2001 он хүртэл Дээд Удирдагчийн Тамгийн Газрын бодлого төлөвлөгөөний хэлтсийн гүйцэтгэх захирал, 2005 оноос Гадаад Хэргийн Яамны Европ, Америкийн Газрын даргаар ажиллаж байна. Мөн 2002 оноос эхлэн ҮАБЗ-ийн гишүүн болсон ба 2007 оноос эхлэн ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичиг, цөмийн асуудал хариуцсан ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Дээд удирдагчийн итгэлийг хүлээсэн хүн ба Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хөдөлшгүй болон түрэмгий зангаараа олон улсад танигдсан. Ийм ч учраас Алма-Атад болсон 6 этгээдийн хэлэцээрийн дараа түүний сонгуулийн кампанит ажлыг Дээд удирдагчийн зүгээс албан бусаар эхлүүлсэн. Хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Ираны гадаад дотоод бодлого хуучин хэвээр үргэлжлэх болно гэдгийг удаа дараа мэдэгдээд байна.

2. Хасан Рохани

1948 оны 11-р сарын 12-нд Семнан мужид төрсөн. Шашны дунд сургууль төгссөнийхөө дараа 1972 онд Тегераны их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. Ерөнхийлөгч Хатемигийн үед ҮАБЗ-ийн нарийн бичигийн дарга хийгээд цөмийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн ахлах төлөөлөгчийн албан тушаалуудыг хашиж байсан ба тухайн үед баруунд буулт хийж Натанзийн цөмийн байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох тухай зөвшилд хүрч байв. Түүнийг олон улсын тавцанд ``Шэйх дипломатч`` хэмээн хочилдог. Тэрээр Хашеми Рафсанжани болон Хатеми нартай дотно ба шинэчлэгчдийг дэмждэг гэдгээрээ танигдсан. Хэрвээ ерөнхийлөгч болвол Рафсанжани-гийн үйл хэргийг үргэлжлүүлэх нэгэн хэмээн үнэлэгддэг.
 
3. Мохсен Ризае Миргаед.  

1954 оны 9-р сарын 9-нд Хузестан мужид төрсөн. Исламын хувьсгалын өмнө механик инженерийн чиглэлээр сурч байсан боловч дайны улмаас сургуулиа хаян фронтод явсан. Тэрээр 1981 онд 27 настайдаа Хувьсгалт гвардын ерөнхий командлагчийн тушаалд дэвшсэн ба 1997 он хүртэл байсан. Одоо Нийгмийн Хөгжлийг тодорхойлогч Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Түүний баримталдаг байр суурь тодорхойгүй ба өөрийгөө бие даан нэр дэвшигч хэмээн тунхагласан. Гэхдээ Рафсанжани-гийн талынхнаас бага зэргийн дэмжлэг хүлээх магадлал байгаа боловч тэрээр хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орохгүй байгаа юм.

3. Мохаммад Гарази

1941 оны 10-р сарын 5-нд Исфахан хотноо мэндэлсэн. Тегераны их сургуулийг электроникийн чиглэлээр дүүргэсэн ба 1979 оныг хүртэл улс төрийн шалтгаанаар Франц, Иракд цагаачилж байсан. Лалын хувьсгалын дараа Курдистан муж болон Хузистан мужийн захирачаар ажиллаж байгаад 1980 онд Ираны парламентэд сонгогдсон. 1981-1985 оны хооронд Ираны Газрын тосны ямны сайд, 1985-1997 он хүртэл Ираны шуудан холбооны яамны сайд байсан. Ерөнхийдөө аятоллах Хаманеи-д ойрхон нэрсийн нэг боловч уг сонгуульд найдвар муутай.

4. Мохаммад Багир Галибаф

1961 оны 8-р сарын 23-нд Машад хотноо төрсөн. Тэрээр нэр дэвшигчид дундах бага ястан ганц хүн гэдгээрээ онцлогтой бөгөөд аав нь Күрд үндэстэн ажээ. Уг мэргэжил нь нисэгч боловч 2000 онд Тарбиат Модаррэс Их сургуульд улс төрийн ухаанаар доктор хамгаалсан. 22 насандаа Хувьсгалт Гвардын Хорасан тойргийн 5-р штабт захирагч хийж байсан ба 1994 онд Хувьсгалт Гвардын эдийн засаг санхүүг хариуцдаг Хатэм ал Анбия штабын даргаар томилогдсон. 2000-2005 оны хооронд Ираны цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан ба 2005 онд Ахмадинежад ерөнхийлөгч болоход түүний суларсан ор дээр Тегеран хотын захирагчаар томилогдож өнөөг хүртэл уг албыг хашиж байна. Тэрээр Тегеран хотын дэд бүтэц, хот тохижуулах тал дээр маш зоримог ба ухаалаг алхамууд хийж эхэлсэн ба ард түмний талархлыг хүлээсэн нэгэн. Тэрээр олон улсын  Worldmayor нийгэмлэгийн зүгээс 2008 оны дэлхийн шилдэг 8 хотын захирагчийн нэг болж байв. Тэрээр улс төрийн хувьд Дээд Удирдагч Али Хаманеигийн шадар, 2010 оноос хойш ерөнхийлөгчид хүчтэй яригдаж байгаа нэр дэвшигч.

5. Али Акбар Велаяти. 

1945 оны 6-р сарын 25-нд Тегеран хотноо мэндэлсэн. Тегераны их сургуулийн хүүхдийн эмчийн ангийг дүүргэсэн. 1971-1974 онд Жон Хопкинсийн их сургуульд уг мэргэжлээрээ суралцсан.  1980-1981 онуудад Ираны парламентын гишүүнээр сонгогдон улмаар 1981-1997 оны хооронд Ираны ГХ-ийн сайдаар ажиллаж байсан ба одоогоор Дээд Удирдагч Али Хаманеигийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажилладаг. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд Аятоллах Хаманеи сойж байгаа тухай бор шувуу сүүлийн 3 сарын туршид хүчтэй явсан. Мөн тэрээр Ахмадинежадыг шүүмжлэх ба Ираны эдийн засагт шинэчлэл хийх, ард түмний амьдралыг сайжруулах зэргээр дэмжлэг авхаар оролдож байгаа юм.

Эдний дотроос сонгогдох магадлал сайтай нь консерватив бүлгийнхнээс  Сайд Желили, Мохаммад Багир Галибаф, Али Акбар Велаяти нар бөгөөд сүүлийн үеийн мэдээгээр Мохаммад Багир Галибаф, Али Акбар Велаяти нар эвсэл байгуулан оролцохоор болсон байна. Харин шинэчлэгчдийг буюу дэвшилтэт хэсгийнхнийг төлөөлж буй Хасан Рохани-гийн нэр хүнд ялангуяа залуусын дунд маш өндөр байгаа нь түүний сонгогдох магадлалыг улам өндөр болгож байна.  

Иймд сонгуулийн гол өрсөлдөөн Мохаммад Багир Галибаф, Али Акбар Велаяти-гийн эвсэл болон Хасан Роухани нарын хооронд болох болов уу гэсэн таамаглал нэлээд үндэслэлтэй байна. Харин төвийн байр суурийг баримталж буй Мохсен Ризае Миргаед-ын сурталчилгаа сүүлийн өдрүүдэд нэлээд эрчимжиж буй тул түүний авах санал 10-15 хувь байх болов уу.

Ираны сонгуулийн хуулинд зааснаар бол ерөнхийлөгчөөр сонгогдох босго саналын хувь 50+1 байх бөгөөд энэ хувьд хэн нэг нь хүрэхгүй бол 2-р шатанд хамгийн их санал авсан 2 нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлдэг аж.

Д. Анхбаяр                                                                      
Эль-Кувейт хот. 2013. 06. 12    

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)