2013/06/14

МОНГОЛД ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

Эх оронд маань коммунизм ялж байна. Тийм ээ! Монгол улс социализм байгуулж байна. Хувийн өмчийг харж хандан, хамгаалж өмгөөлөх учиртай  төр засаг нь өөрөө хувийн өмчийг нураадаг, хураадаг хадны мангаа болоод хувирчихаж. 


Саяхандаа, нам засаг маань Монгол улсад сэтгүүлзүй үүсч хөгжсний 100 жилийн ойгоор хэд хэдэн телевизийг хааж, телевизийн эздэд “гоё” бэлэг барив. Заавал нэг баяр ёслол далимдуулж байж ямар нэгэн юм хийдэг ясны коммунист сэтгэхүйтэй Харилцаа Холбоо Зохицуулах Хорооны дарга, даамал нийлсэн хэдэн чукча цаашдаа ч хувийн телевизүүдийг хаана, бооно гэдгээ нүүр дүүрэн мишээлтэйгээр илэрхийлнэ лээ.

Үнэн худлыг нь мэдэхгүй ч, өөрөө хэд хэдэн телевизийн суваг авчихсан нэгэн эрхэм өөрийнхөө орлогыг ихэсгэхийн тулд өрсөлдөгчдөө намнаж суугаа гэх яриа гарсан нь үнэний ортой байж ч мэднэ. Яагаад гэхээр, зохиогчийн эрхийг хамгаалах асуудлыг эс тооцвол телевизүүдийг хаагаад байгаа шалтаг шалтгаан нь үнэн инээдтэй. Телевизийн студийн таазны өндөр гурван метр байж болохгүй, молохгүй. Сэтгүүлчийн тоо тэд байна, эд байна. Телевизээрээ тийм юм гаргаж болохгүй, ийм юм гаргаж болно молно гээд л...

Юу вэ? Ямар гээчийн цензуртэй мэдээлэл, захиалгат сэтгүүлзүй вэ? Телевизийн эзэд, сэтгүүлчид юу гаргахаа өөрсдөө мэдэг л дээ! Харин үзэгчид тухайн нэвтрүүлэг таалагдахгүй бол сувгаа солих бүрэн эрхтэй шүү дээ. Үзэгчийн гарт удирдлага ямагт ойрхон байдаг!

Телевизийн хэрэг мандахаас хэдэн сарын өмнө Улаанбаатар хот маань Улсын баатар даргатай болов оо. 1990 онд юу юугүй л ардчилал мандуулна гээд жагсаж явсан мань эр 20 жилийн дараа гэнэт коммунизм байгуулаад унах нь тэр. 

Энэ байшинг нураана, тэр байшинг хураана. Ийм машин эдэнд явахгүй, тийм машин тэдэнд явахгүй гээд л... Бүр сүүлдээ, буруу рультэй машиныг хориглоно гээд баахан сүгсэлзээтэхэв. Учир мэдэх хүнээс сонсохнээ, солонгос машин оруулж ирдэг найзууд нь машинаа зарах гэтэл тэнэг ард түмэн нь япон машин авч унаад байсан юм байхаа, тэгэхээр нь мань хашир мужик зантайгаараа найзууддаа туслах гээд үзэж л дээ...

Азаар, гоё ярьдаг ерөнхийлөгч маань гоё загналтаа хийж япон машинуудыг цаазын ялнаас аварсан юмдаг. Гэхдээ, ерөнхийлөгч нь ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, хотын даргаа нэг дор цуглуулж байгаад загнах нь зөв ч юм уу, буруу ч юм уу хэн мэдлээ?!

Ямартай ч, буруу рультэй ч гэсэн чанар сайтай япон машинууд маань тайван давхих тавилантайгаа хоцорлоо, харин нарийн замаар явдаг вагонуудыг өмөөрөх хүн байтугай, нохой ч олдсонгүй.

Уг нь Монголдоо хамгийн их татвар төлдөг хувийн компаниуд өөрсдийнхөө мөнгөөр урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавих гэсэн юм билээ л дээ. Даанч манай коммунист төр эрс эсэргүүцвээ... 

Төр ч гэж дээ, нарийн ярьвал нэг ширхэг жиргэдэг бөх л эсэргүүцээд яваа юм. Эсэргүүцээд байгаа шалтгаан нь бүр хөх инээд хүрмээр. “Нарийн царигтай төмөр зам тавьчихвал монголын нүүрс тоолуургүй урсана, хятадууд буу зэвсэг, танк пуужингаа ачаад ороод ирнэ...” ч гэх шиг...

Хэрвээ Хятадууд жижиг Монгол руу дайрахаа хүрвэл төмөр замтай замгүй дайрчихна л даа. Гэхдээ манай улсыг тоож дайрах ч үгүй, Эрээн хотоо долоо хоног карентийлаад л гүйцээ! 

Ер нь байна аа, хөрш айлдаа аяга бууз оруулж өгөхийн тулд хажуу орцны айл руу балконоороо дамжиж ороод, шатаар бууж, буцаж өөрийнхөө орцруу ороод, лифтэнд суугаад хажуу айлынхаа хаалгыг тогших хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу? Бүү мэд!

Ингэж зугаацаад байгаагийн цаад шалтгаан нь хойд хөршид байрлах нүүрсний томоохон ордуудтай холбоотой гэх яриа дуулдана лээ. Орос ах нар өөрийнхөө нүүрсийг Тавантолгойнхоос урьтаж эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд манай томчуудад их хэмжээний мөнгө амлаад, монголын төмөр замын төслийг гацааж, өөрийнхөө нүүрсний ордыг Хятадын төмөр замтай түрүүлж холбох гэж байгаа юм байх. 

Хоног хугацаа өнгөрөх тусам л энэ яриа үнэний ортой мэт санагдаад байгаа юм. Учир нь хоёр хөрш маань Монголын газар нутгийг тойруулан төмөр зам бариад бараг дуусч байхад, манайхан “өргөн, нарийн цариг” гэсэн хэнд ч хэрэггүй хэрүүлээс огт хэтэрсэнгүй. 

Гадаадын хөрөнгө оруулалт гацаад эхэллээ! Гадныхан Монголоос мөнгөө татаад Мянмарлуу хөрөнгө оруулахаар явчихав. Ядаж байхад, “эх орондоо аймар хайртай” гэдгээ батлахын тулд хувийн компаниудынхаа ажлыг урагш нь биш арагш нь чангааж буй популист улс төрчидтэй Монгол оронд коммунизм бүрэн төгс ялж байна! Үгүй гээч? Тэгвэл, үргэлжлүүлээд өгье! Гар утасны тариф секундээр хэмжигдэх учиртай. Сэтгэгдэл бичих хориотой. Гэм буруутай чинь шүүхээр тогтоогдоогүй байсан ч шонд өлгөнө, шоронд хорино. Махны үнийг төр барина аа, бензиний үнийг төр зохицуулна. Архины үйлдвэрийг хаана аа, агаарын тээврийн компанийг торгоно. Оюутолгойн хувиа ихэсгэнэ, Тавантолгойг төр эзэмшинэ...

Ардчилсан нийгмийн амин сүнс болсон хувийг өмчийг хориглочихоод “итгэл, сэтгэл, зүтгэл” байвал эдийн засаг хөгжинө гээд хүүхэн панаалдаж байгаа юм шиг хөгжилтэй онигоо яриад сууж болж байгаа юм уу, монголчууд аа?

Бурхан А. Баярхүү

2 comments:

  1. Сайхан мушгин гуйвуулж гүтгэх юм даа, энэ МАНгарууд

    ReplyDelete
  2. Яг зөв бичсэн байна. одоо гитдууд манайхаас биш оросоос шүүрс аваад эхэлсэн манай нүүрсийг зүгээр л хог болгосн энд маш их зохион байгуулалттай юм болоод өнгөрчихлөө дөө. баттулна оросуудаас хахууль авсан нь гарцаагүй. мөрөөрөө 70 доллараар зараад болоод байсан юмууг өмнөх засгийн алдаатай бодлого энэ тэрээ гэсээр байгаад болиулж аваад одоо бүр шалдаа буучихсан 35 доллараар аваач гээд сууж байдаг даанч дээ

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)