2013/06/17

ИРАНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ТОГТОЛЦОО, УЛС ТӨРИЙН НАМУУД

Дэлхий нийтэд Ираны асуудал гол анхаарал татаж байна. Энэ нь мэдээж шинээр ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Хасан Руханитай холбоотой. Ийм цаг үед бид судлаач Д.Анхбаярын Ираны үндсэн хууль, улс төрийн тогтолцоог хөндсөн нийтлэлийг уншигч олондоо хүргэж буйдаа баяртай байна. 

Оршил 
Шахын буюу хаант засгийн эсрэг Ираны ард түмэн тэмцсээр 1979 оны 2-р сарын 11-нд Ираны Лалын Хувьсгалын ялалтыг тунхаглажээ. Уг үйл явдлыг Ираны судлаачид 1891 оны тамхины бойкот, 1905-1911 оны үндсэн хуулийн хувьсгал, 1951-1953 оны хооронд нефтийг үндэсний болгох хөдөлгөөний үргэлжлэл байсан хэмээн үзнэ. Хувьсгалын дараахан буюу 1979 оны 3-р сарын 30-31-нд явагдсан бүх нийтийн санал асуулгаар Ираны төрийн хэлбэр нь Лалын бүгд найрамдах улс байхаар тогтжээ. Энэ нь Ираны улс төрийн тогтолцоо нь ард түмний хүсэл зорилгод нийцсэн шашны засаглал болов гэсэн үг юм. 


1979 оны Ираны лалын хувьсгалын үе 
Ингээд 1979 оны 8-р сарын 3-нд сонгогдсон Сэцэдийн зөвлөл шинэ үндсэн хууль зохиох ажилдаа ханцуй шамлан орж салбар хороодод зүйл зүйлээр нь хэлэлцүүлсэн Үндсэн хуулийн төслөөр 1979 оны 12-р сарын 2-3-ны өдрүүдэд бүх нийтийн санал асуулгаар явуулжээ. Сонгогчдын 74 хувийг хамарсан санал асуулгаар 99,4%-ийн саналтайгаар Лалын Бүгд Найрамдах Иран Улсын шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болов.   

Лалын тулгуур үзэл. Үндсэн хуулинд өгүүлснээр бол 1979 оны Ираны лалын хувьсгалын гол онцлог, тухайлсан дэг сургуулийг баримталсан лалын хүчин зүйл гэжээ.  Үндсэн хуулинд "дарангуйллын тогтолцоо" хэмээн нэрлэгдсэн Шахын дэглэмийн үед Имам Хомеини-гийн боловсруулсан "Велает-и Факих" буюу шашны хуулийг үндэс болгосон Лалын засаглалын үзэл санаа нь лалын шүтлэгт Ираны ард түмний шинэ зорилгыг тодорхойлон Лалын тулгуур үзэлд суурилсан тэмцлийн замыг заасан гэж үздэг.
 
Лалын хувьсгалын удирдагч ЛБНИУ-ын үндэслэгч Аяатоллах Хомеини 
"Велает-и Факих"  нь төрийн тухай Шийтийн цоо шинэ онол юм. Шийтийн уламжлалт онол ёсоор бол алга болсон Имам (Lost İmam)-ын төрөөс бусад бүх төрүүд хууль ёсны биш аж. Үүгээр бол бодит болон бодит бус төрийн бүхий л хэлбэр Имамуудын зүгээс удирдуулах ёстой хэмээдэг бөгөөд 874 онд 12 дахь Имам Мехди учир битүүлэг шалтгаанаар гэнэт алга болсон ба ийнхүү гэнэт алга болсон шигээ нэг өдөр гэнэт эргэн ирнэ хэмээн Шийтийн уламжлалт сургаалд өгүүлдэг. Дэлхий дээрх шударга бус байдал гамшиг зовлон дээд цэгтээ тулсан үед л 12 дахь Имам Мехди гэнэт буцан ирж хүн төрөлхтнийг удирдан Сүүлчийн өдрийг хүлээх ёстой. 

Имам Хомеини, Шахын мөрдлөгөөс зугтаан Иракын Нежеф хотноо байх үедээ буюу 1970 оны 1-р сарын 1-нээс 2-р сарын 8-ны хооронд айлдсан "Шашны хууль хийгээд лалын төр" (Velayet-e Fakih, Hokumet-e Eslami) нэртэй цуврал лекцийнхээ дүнд Алга болсон Имамын үзэл санааг цоо шинээр тайлбарласан үзлийг гаргаж ирсэн. Энэ үзлээр бол удирдагчид улс орныг захирах хийгээд ариун хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх ёстой аж. Тэрээр цааш нь өгүүлэхдээ Алга болсон Имамын оронд ард түмний захиргаа шударга хууль сахиулагчдын гарт байх жамтайн тул шашны удирдагчид Ариун Хуулийн утга санааг тайлагч болохын хувьд улс орны удирдагчийн байр сууринд суух ёстой гэжээ. 

Хомеинигийн өгүүлсэн ёсоор бол "Исламын засаглал нь үндсэн хуулийн засаглал мөн" бөгөөд харин "өнөөгийн ойлголтоор бол үндсэн хууль нь заавал олонхийн эрх ашигт нийцсэн байх албагүй. Өөрөөр хэлбэл удирдагчид улс орныг удирдах явцдаа тодорхой нөхцөл байдалд захирагдах явдлыг л үндсэн хууль гээд байгаа юм шүү дээ" хэмээн тодорхойлж байв. Харин тодорхой нөхцөл байдал гэдэг нь Коран судар, Их элч Мухаммедийн тухай судруудад тэмдэглэгдсэн журмуудыг юм хэмээгээд дэлгэрүүлэн тайлбарлахдаа "дагаж мөрдөх болон мөрдүүлэх тодорхой нөхцлүүд нь Лалын хууль болон зарлигууд. Ийм учраас лалын засаглал гэдэг нь Ариун хуулийг л хүн төрөлхтөнд даган мөрдүүлнэ гэсэн үг" хэмээжээ. Хомеинигийн үзэл ёсоор бол Лалын хууль дүрмийг мөрдүүлэх эрх нь зөвхөн шашны удирдагчдын гарт л байдаг. Ийм учир улсын хууль сахиулах эрх ч мөн түүний гарт байх ёстой аж. Шашны зүтгэлтнүүд, Имамууд нь Их Элч Мухаммедийн бие төлөөлөгчид мөн. 

Хомеинын боловсруулсан Лалын засаглалын үзэл санаа нь үндсэн хуулиндаа тусгагдсанаар Velayet-e Fakih-ийн шууд илэрхийлэл болсон. Дээд удирдагчийн албан тушаал, түүний аппаратийг Ираны төрийн хамгийн дээд байгуулал болгон тунхаглахад хүргэсэн. Үндсэн хуулинд тунхагласнаар энэ үзэл санаа, дээд удирдагч нь ард түмнийг харийн оюун санааны нөлөөллөөс ангижирсан, лалын дэг журамт үлгэр жишээ нийгмийг цогцлоон байгуулах гол хүчин гэж хуульчилсан.  

Бүгд найрамдах үзэл санаа
Үндсэн хуулийн хоёрдахь чухал үзэл бол Бүгд найрамдах үзэл санаа. Үүгээр бол Ираны түүхэн дэхь хамгийн агуу хувьсгалыг мандуулсан ард түмэн нь өөрсдийн хувь заяагаа тодорхойлох бүрэн эрхтэй. Үндсэн хуулинд тодорхойлсноор жил гаруй хугацаанд 60 мянган хүний амь золин байж ялсан хувьсгалыг <<Тусгаар тогтнол, Эрх чөлөө, Лалын Бүгд Найрамдах Улс>> гэсэн уриагаар ялалтанд хүргэжээ. Үндсэн хуулийн оршил хэсэгт ард түмний тэмцлийн үр дүнд ялсан лалын хувьсгалын үр дүнг баталгаажуулсан үндсэн хууль нь дарангуйллын тогтолцооноос ангид байж шийдвэр гаргах эрх мэдлийг ард түмний гарт хадгалуулахад оршино хэмээн тунхагласан байдаг. Энэхүү үндэслэлийг удирдлага болгон үндсэн хуулийн 3-р зүйлд Лалын Бүгд Найрамдах засаглал нь бүх ард түмэн улстөр, эдийн засаг хийгээд нийгэм соёлын амьдралд өөрсдөө шийдвэр гаргахад нь туслах явдал бөгөөд ингэснээр Үндсэн Хуулийн 2-р зүйлд заасан ариун зорилгод хүрцгээх явдал ажээ. 

Ард түмэн үндсэн хуулиар баталгаажсан эрхийн дагуу сонгуулийн журмаар Ираны төрийн байгууламжийг тодорхойлдог. Үндсэн хуулийн 6-р зүйлд зааснаар улс орны ажил хэргийг сонгуулийн системээр олонхийн саналын дагуу шийдэх явдлыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл ард түмэн нь Ерөнхийлөгч, парламентын гишүүд болон бусад зөвлөлийн гишүүдийг сонгох эрхтэй юм. 

Ираны үндсэн хуулийн 5-р зүйлд ард түмний засаглал, эрхийн тухай өгүүлсэн байдаг. Үүгээр бол ертөнц хийгээд бүх хүн төрөлхтний цорын ганц эзэн нь Аллах бөгөөд тэрээр хүн төрөлхтөнд нийгмийн амьдралаа зохиох эрхийг нь өгсөн. Аллахаас өгөгдсөн эрхийг ард түмэн хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын хэлбэрээр эдэлдэг. Хууль тогтоох эрхийг ард түмнээс сонгогдсон парламентын гишүүд эдлэх бол гүйцэтгэх эрх мэдлийг ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч, түүний баг эдлэнэ. Шүүх эрх мэдлийг лалын журмын дагуу байгуулагдсан шүүхүүд эдлэнэ. 

Ираны төрийн байгууламж

Veli-ye Fakih буюу дээд удирдагч. ЛБНИУ-ын хамгийн өндөр албан тушаал бол Rahbar буюу дээд удирдагч бөгөөд тэрээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал хийгээд ард түмнийг захирах онцгой эрхтэй субьект. Ираны үндсэн хуулийн 109-р зүйлд зааснаар бол дээд удирдагч нь тушаал заавар өгөх хэмжээний өндөр мэдлэгтэй, шударга, улс төр нийгмийг зохион байгуулах өндөр ур чадвартай этгээд байх ёстой. Дээд удирдагчийн эрхийг үндсэн хуулийн 110-р зүйлд зааснаар бол 1. Нийгмийн хөгжлийг тодорхойлогч зөвлөлтэй зөвлөлдсөний үндсэн дээр төрийн бодлогыг тодорхойлох 2. Төрийн бодлого ба түүний хэрэгжилтийг хянах 3. Сонгууль, санал асуулгыг явуулах тушаал гаргах 4. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 5. Дайтах, найрамдах болон бүх нийтийн дайчилгааг зарлах 6. Хамгаалагчдын зөвлөлийн гишүүд, Шүүх засаглалын тэргүүн, Радио, телевизийн хорооны дарга, Жанжин Штабын дарга, Хувьсгалт Гвардын ерөнхий командлагч, байнгын арми хийгээд хүчний бусад байгууллагуудын дарга нарыг томилох, түдгэлзүүлэх, чөлөөлөх 7. Хууль тогтоох, гүйцэтгэх хийгээд шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулах 8. Ердийн аргаар шийдвэрлэгдэшгүй асуудлуудын Нийгмийн хөгжлийг тодорхойлогч зөвлөлөөр дамжуулан зохицуулах 9. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг батламжлах 10. Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх 11. Шүүх засаглалын тэргүүний саналыг үндэслэн лалын журмын дагуу ялтанд өршөөл үзүүлэх зэрэг болно. 
 
Ираны өнөөгийн дээд удирдагч Аяатоллах Али Хаманеи
Ираны дээд удирдагч нь Сэцдийн зөвлөлийн зүгээс сонгогдон нас бартлаа энэхүү үүргээ гүйцэтгэнэ. Харин Дээд удирдагчийн үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон, 109-р зүйлд заасан болзлыг хангахаа байсан буюу аль нэгийг хангахгүй нь тодорхой болсон үед албан тушаалаасаа буух асуудал хэлэлцэгдэх ба энэ шийдвэрийг ч Сэцдийн зөвлөл гаргана. 

Ираны анхны дээд удирдагч нь Аяатоллах Хомеини байсан ба 1979 оноос эхлэн 1989 онд нас барах хүртлээ уг албыг хашжээ. Харин 1989 онд түүнийг залгамжлан гарч ирсэн Али Хаманеигийн хувьд үндсэн хуулин дахь нэгэн заалтыг хүчингүй болгуулж байж албан ёсоор томилогдсон юм. Тэр нь Дээд удирдагчаар сонгогдох хүн бол "marja’e taqlid" буюу залгамжлагч гэгээн гэсэн цолтой байх ёстой гэсэн заалт байв. Али Хаманеи энэ цолд хараахан хүрээгүй байсан тул үндсэн хуулиас энэ заалтыг хасуулж байж гарч ирсэн. Харин Али Хаманейгийн дараа хэн гарч ирэх тухай асуудал одоо хүртэл бүрхэг, эрх баригчдын хөндөхөөс зүрхшээдэг сэдвийн нэг болоод байна. 

Shora-ye Negahban буюу хамгаалагчдын зөвлөл. Дээд удирдагчийн дараах улс төрийн шийдвэр гаргах байгууллага бол үндсэн хуулийн цэцийн үүрэг гүйцэтгэдэг Хамгаалагчдын зөвлөл юм. Тэдний үүрэг бол үндсэн хуулийн 72-р зүйлд дурдсанаар Ираны парламентын батлан гаргасан хууль тогтоомжуудыг лалын хууль ёстой уялдаж буйг хянах явдал. Үндсэн хуулийн 94-р зүйлд зааснаар бол Ираны парламентаас гарсан хууль тогтоомжууд хамгаалагчдын зөвлөлөөр орох ба хэрвээ лалын хууль ёстой нийцэхгүй байна хэмээн үзвэл 10 хоногын дотор дахин хэлэлцүүлэхээр парламентад буцаан илгээнэ.

Үндсэн хуулийн 91-р зүйлд зааснаар Хамгаалагчдын зөвлөл нь 6 жилийн хугацаатай 12 гишүүнээс бүрдэнэ. 6 гишүүнийг нь цаг үеийн байдлыг сайн мэдэх лалын хуульчдаас бүрдэх бөгөөд Дээд удирдагчийн зүгээс томилогддоог бол нөгөө 6 нь мэргэжлийн хуульчдаас бүрдэх ба шүүх засаглалын тэргүүний нэр дэвшүүлснээр парламентын гишүүдийн саналаар томилогдоно. Хамгаалагчдын зөвлөлийн гишүүд 6 жилээр сонгогдох боловч 3 жилд нэг удаа гишүүдийн тэн хагас нь солигдоно (92-р зүйл).

Хамгаалагчдын зөвлөл нь Парламентын зүгээс гаргасан хууль тогтоомжуудын лалын ёсонд нийцэж буй эсэх талаар 6 лалын хуульчийн саналаар хүчин төгөлдөр болдог бол үндсэн хуулийн асуудлаар нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана (96-р зүйл). 

Хамгаалагчдын зөвлөл нь байр суурийн хувьд парламентын дээд шатны байгууллага юм. Үндсэн хуулийн 93-р зүйлд зааснаар бол Хамгаалагчдын зөвлөлийн батламж үгүй бол парламентын сонгууль ба парламентын эрх зүйн чадамж үгүй гэж үзнэ. Үүнээс гадна хамгаалагчдын зөвлөлийн ¾ саналаар үндсэн хуулийг тайлбарлах цорын ганц эрх энэхүү байгууллагын гарт байдаг (98-р зүйл). Мөн Парламентын хаалттай хуралдаанаар хууль тогтоомж батлах үед Хамгаалагчдын зөвлөлийн гишүүдийн ¾ нь уг хуралдаанд оролцох ёстой (69-р зүйл). 

Хамгаалагчдын зөвлөлийн өөр нэгэн чухал эрх бол Ерөнхийлөгч, парламент ба сэцдийн зөвлөлийг сонгох сонгууль дахь оролцоо. Сонгуульд нэр дэвшигчдийн лалын шашин болон төрдөө үнэнч нэгэн болохыг батламжлах үүрэг хамгаалагчдын зөвлөлд байдаг (110-р зүйл). Хэрвээ дээрх болзлыг хангаагүй гэж үзвэл нэр дэвшигчээр бүртгүүлэхээс татгалзсан шийдвэрийг гаргана. Ард түмний саналаар сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хамгаалачдын зөвлөлийн гишүүд заавал оролцох ёстой (121-р зүйл). 

Ийнхүү үндсэн хуулийг тайлбарлах эрхтэй цорын ганц байгууллага болох Хамгаалагчдын зөвлөл нь хууль тогтоомжийг батламжлах эрхийнхээ хүрээнд Засгийн газраас баталдаг хоёрдахь зэрэглэлийн тушаал шийдвэрүүдэд ч оролцох болжээ. 

Хамгаалагчдын зөвлөл нь дээр дурдсан шинжүүдээрээ Ираны улс төр дахь төр шашныг холбосон байгууллага болохын хувьд үндсэн хуулийг Velayet-e Fakih системтэй хослуулсан сонирхолтой тогтолцоог бий болгосон. Ард түмний зүгээс сонгогдсон парламентын хууль ёсны эрхийг батламжилсан шашны онцлогтой байгууллага болсон Хамгаалагчдын зөвлөлийн эрх үйл ажиллагаа нь Ираны улс төрийн системд шашны засаглал нь ард түмний засаглалаас хүчтэй болохын тод жишээ юм. 

Shora-ye Khobregan  буюу Сэцдийн зөвлөл. Сэцдийн зөвлөл нь ЛБНИУ-ын Дээд удирдагчийг сонгодог байгууллага билээ. Сэцдийн зөвлөл нь 1979 онд шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж батлуулсны дараа таарсан бол 1982 онд дахин байгуулсан аж. Сэцдийн зөвлөлийн нарийн бичгийн даргын газар нь Ираны шашны байгууллагууд төвлөрсөн Кум хотод байрлах бөгөөд Сэцдийн зөвлөлийн байнгын ажиллагаа нь Тегеран хотноо явагдана. Харин жилдээ хамгийн багадаа нэг удаа Кум хотод хуралдах ёстой байдаг.

Сэцдийн зөвлөл нь Ираны Дээд удирдагчийг сонгож томилох эрхээр хангагдсан (107-р зүйл). Үүгээр бол Сэцдийн зөвлөл нь үндсэн хуулийн 5 болон 109-р зүйлд заасан болзлуудыг хангаж буй шашны зүтгэлтнүүдийн дундаас сонголт хийж шинэ Дээд удирдагчийг томилно. Ингэхдээ бусад шашны зүтгэлтнүүдийн саналыг авсаны дараа ард түмэнд зарлана. Түүнээс гадна Дээд удирдагч үүрэг гүйцэтгэх чадваргүй болсон буюу үндсэн хуульд заасан болзлуудын аль нэгийг хангахаа больсон үед огцруулах эрх гагхүү Сэцдийн зөвлөлд байдаг. 

Сэцдийн зөвлөл нь 8 жилд нэг удаа болох сонгуулиар ард түмнээс сонгогдсон 84 шашны зүтгэлтнүүдээс бүрдэнэ. Сэцдийн зөвлөлд сонгогдох шашны зүтгэлтнүүд нь энэ албан тушаалд тохирох эсэхийг хамгаалагчдын зөвлөлийн зүгээс батламжилна. Үүгээр бол Сэцдийн зөвлөлийн сонгуульд нэр дэвшигч нь үнэнч шударга, өндөр ёс суртахуунтай, шаардлагатай үед Ираны Дээд удирдагчийн албан тушаалыг хаших хэмжээний лалын хууль зүйн мэдлэгтэй, нийгэм улс төрийн өндөр мэдлэгтэй, Исламын Бүгд найрамдах улсын эсрэг улс төр нийгмийн ямар ч үйл ажиллагаанд нэр холбогдоогүй байх ёстой аж. 

Энэ үүднээсээ Сэцдийн зөвлөл нь Үндсэн хуулийн системийн лалын хууль зүйн хүрээн дэх тогтвортой байдлыг нь хангадаг байгууллага юм. Гишүүд нь ард түмний зүгээс сонгогддог хийгээд дундаасаа Дээд удирдагчийг тодруулдаг зэрэг онцлогоороо Дээд Удирдагч хийгээд ард түмний хоорондох гүүр болж өгдөг байгууллага гэж хэлж болно. Харин цаг үеийн явцад Сэцдийн зөвлөл нь шашны зүтгэлтнүүдийн элит давхаргыг үүсгэх болсноор зарим сөрөг талууд ч гарч байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. 

Majma’-e tashkhis-e Maslahat-e Nezam буюу Нийгмийн хөгжлийг тодорхойлогч зөвлөл. Нийгмийн Хөгжлийг тодорхойлогч зөвлөл нь 1988 онд байгуулагдсан зөвлөх эрхтэй байгууллага юм. Зөвлөлийн гишүүд нь ЛБНИУ-ын ерөнхийлөгч, парламентын тэргүүн, шүүх засаглалын тэргүүн, Хамгаалагчдын зөвлөлийн лалын хуульч 6 гишүүн болон Дээд Удирдагчын томилсон бусад гишүүдээс бүрдэнэ. 

Үндсэн хуулийн 112-р зүйлээр бол Нийгмийн Хөгжлийг тодорхойлогч зөвлөлийн үндсэн үүрэг бол Парламент болон Хамгаалагчдын Зөвлөлийн хооронд хуулиудын шашны ёс болон үндсэн хуулинд нийцэж байгаа эсэх тал дээрх маргаан үл ойлголцлыг шийдвэрлэх явдал. Үүнээс гадна парламент Хамгаалагчдын зөвлөлийн тавьсан шаардлагыг хангаж чадахгүй болсон нөхцөлд хооронд нь зуучлагчын үүргийг ч мөн гүйцэтгэнэ. Ингэхдээ Нийгмийн Хөгжлийг тодорхойлогч зөвлөл нь парламент болон Хамгаалагчдын зөвлөлийн хэнийх нь ч талд орж болох эрхээр чөлөөтэй хангагдсан байдаг. Гэхдээ Нийгмийн Хөгжлийг тодорхойлогч зөвлөлд хэлэлцүүлэх асуудлыг зөвхөн Дээд удирдагчийн зүгээс л оруулна. 

Эдгээрээс гадна уг зөвлөлийн өөр нэгэн үндсэн үүрэг бол үндсэн хуулийн 110-р зүйлд зааснаар улс орны улс төр, цаг үеийн асуудлаар Дээд удирдагчид зөвлөхийн үүргийг гүйцэтгэдэг. 

Үргэлжлэл бий ..... 
Д. Анхбаяр Кувейт 2013 он

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)