2013/07/02

ИРАНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ТОГТОЛЦОО, УЛС ТӨРИЙН НАМУУД -2

Үндсэн хуулийн тулгуур үзэл баримтлал: Үндсэн хууль нь лалын тулгуур үзэл хийгээд бүгд найрамдах үзэл санааг хослуулан тулгуурласан. Энэхүү өвөрмөц хэлбэр нь зөвхөн үндсэн хуулиар ч тогтохгүй Ираны улс төрийн системийн ч тулгуур үзэл баримтлал юм. 


Majles-e Shora-ye Eslami буюу Ираны Парламент. Хууль тогтоох байгууллага болох Исламын зөвлөлийн их хурал нь ард түмнээс 4 жилдээ нэг удаа сонгогдох ба 290 гишүүнээс бүрдэнэ. Гишүүдийн олонхи нь мусульман, гэвч Иран дахь Христийн шашны Несториан ба Халдеи сүсэгтнүүд дундаасаа нэг, Зороастр хийгээд Жүүдийн шашны сүсэгтнүүд тус бүр нэг, өмнөд болон умард мужийн Армян загалмайтнуудаас тус бүр нэг гишүүн төлөөлөл болон сонгогддог хуултай. (64-р зүйл) 

Парламентын хуралдаан нээлттэй явагдах бөгөөд хурлын бүрэн протокол нь төрийн мэдлийн сонин, радиогоор олон түмэнд мэдээлэгдэнэ. Харин онцгой байдал үүссэн, улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэцэх үед ерөнхийлөгч, сайдуудын нэгний санал мөн парламентын 10 гишүүний санал гаргасан тохиолдолд хаалттай хуралддаг. Хаалттай хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудал түүний шийдвэрүүд нь Хамгаалагчдын зөвлөлийн гишүүд хийгээд парламентын нийт гишүүдийн ¾ хувийн дэмжлэг авсан нөхцөлд хүчин төгөлдөр үйлчилнэ. Хуралдааны протокол болон шийдвэрүүд уг онцгой байдал цуцлагдсан үе юмуу хуульд заасан нууцлалын хугацаа дууссан үед ард түмэнд зарлагдана. (69-р зүйл) 

Парламент нь үндсэн хуулийн болон лалын ёсны хүрээнд ямар ч асуудлаар хууль тогтоох эрхтэй. (71-р зүйл) Харин уг хуулийг нь үндсэн хууль хийгээд лалын ёсонд нийцэж буйг Хамгаалагчдын зөвлөл хянах ёстой. (72-р зүйл)

Парламент Засгийн газрыг томилох эрхтэй. Засгийн газар зарим онцгой асуудал дээр парламентаас итгэл үзүүлэх санал хураалт хүсэж болно. (87-р зүйл) Үндсэн хуулийн 88, 89 дүгээр зүйлд зааснаар “Засгийн газрын гишүүд парламентын өмнө өөрөө болон багаараа хариуцлага хүлээх ёстой. Парламент сайдуудад хандан асуулга тавих, аль нэгэн сайд, засгийн газар, ерөнхийлөгчид ч хариуцлага тооцох саналыг дэвшүүлэх эрхтэй. Хариуцлага тооцохыг санал болгосон аль нэгэн сайд, засгийн газар, уг асуудлаар 10 хоногт багтаан тайлбар өгөх ёстой. Парламент дараагаар нь итгэл үзүүлэх тухайд санал хураалт явуулна. Ерөнхийлөгчийн хувьд бол хариуцлага тооцох санал хүлээж авснаас 1 сарын дотор тайлбар хариулт өгөх бөгөөд парламентын гишүүдийн 2/3 хувийн саналаар огцруулах саналыг гаргах ба үүнийг Дээд удирдагчид өргөн барина. 

Энэхүү тогтолцоогоо Ираны улм төр судлаачид авторитар дэглэмийг үүсгэхээс сэргийлсэн гэж тайлбарладаг. 

Reis-e Jomhuri буюу Ерөнхийлөгч. Үндсэн хуулийн 113-р зүйлд зааснаар бол ЛБНИУ-д Дээд удирдагчийн дараах хамгийн дээд албан тушаал бол Ерөнхийлөгч юм. Тэрээр үндсэн хуулийг хэрэгжүүлэх, Дээд удирдагчийн зүгээс өгсөн даалгаваруудаас гадна хамгийн гол нь гүйцэтгэх засаглалын удирдагч байх ёстой. Ерөнхийлөгч нь сонгуулиар ард түмний саналыг үндэслэн сонгогдох ба бүрэн эрхийн хугацаа нь 4 жил байх бөгөөд 1 удаа улиран сонгогдох эрхтэй. (114-р зүйл) Ираны ерөнхийлөгчөөр сонгогдох хүн Ираны иргэн байх, гарал угсааны хувьд ч Иран байх ёстой. Харин хүйсийн хувьд заавал эрэгтэй байх шаардлагатай. Мөн Шийтийн 12 имамын урсгалын сүсэгтэн байх, Хамгаалагчдын зөвлөлийн тавьсан бусад шаардлагуудад нийцэж байх ёстой. (115-р зүйл)

Ерөнхийлөгч нь ард түмэн, Дээд удирдагч, Парламентын өмнө хариуцлага хүлээнэ. (122-р зүйл) Хуулийг сахиулах, улс орны төлөвлөлт, төсөв, удирдлага болон боловсон хүчний асуудлыг хариуцах ба эдгээрийн удирдлагыг бусад этгээдэд шилжүүлэн өгөх эрхтэй. (126-р зүйл) Парламентын зүгээс батламжлах эрх өгөгдсөний дараа гадаад улсуудтай хийх гэрээ, хэлэлцээр, ОУ-ын байгуулагатай эрх зүйн гэрээ баримтан дээр гарын үсэг зурах эрх Ерөнхийлөгч болон хуульд заасан бусад этгээдэд байна. (125-р зүйл) Гадаад хэргийн сайдын санал болгосон элчин сайд нарыг батламжлах, Ираны элчин сайдуудын итгэмжлэх жуух бичигт гарын үсэг зурах, гадаадын элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авна. (128-р зүйл) Сайд нарын зөвлөлийн тэргүүнийхээ хувьд Парламентад Засгийн газрын өмнөөс хариуцлага хүлээх, сайд нарыг огцруулах эрхтэй. Сонгогдсоныхоо дараа Дээд удирдагчийн зүгээс батламжлагдах ба огцрох хүсэлтээ ч мөн Дээд удирдагчид өргөн барина. Харин хүсэлтийг Дээд удирдагч зөвшөөрсөн хариу өгөх хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байх болно. (130-р зүйл) 

Шүүх засаглал. Ираны шүүх засаглалын систем ч лалын хууль зүйд үндэслэсэн байдаг. Шүүх засаглалын тэргүүн болох Дээд шүүгч нь Дээд удирдагчын зүгээс 5 жилийн хугацаатайгаар томилогдох ба шүүх, хуулийн өндөр мэдлэгтэй, үнэн шударгыг эрхэмлэсэн нэгэн байх ёстой. (157-р зүйл) Дээд шүүгч нь дараах үүргийг хүлээнэ: 1. Шүүхийн системд хэрэгтэй байгууллагуудыг байгуулах 2. Исламын Бүгд Найрамдах үзэл санаанд нийцсэн шүүх тогтолцооны холбогдолтой төслүүдийг боловсруулах 3. Хуульд заасан үндэслэлээр шударга шүүгчдийг ажилд авах, томилох, чөлөөлөх, ажиллах газруудыг нь өөрчлөх, үүргийг нь тодорхойлох, дэвшүүлэх болон бусад удирдлагын арга хэмжээнүүдийг явуулах. (158-р зүйл) 

Дээд шүүгчийн тодорхойлсон журмын дагуу Улсын дээд шүүх томилогдоно. (161-р зүйл) Үүнээс гадна Дээд шүүгч, Улсын Дээд Шүүхийн гишүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр Улсын Дээд Шүүхийн Тэргүүн болон улсын ерөнхий прокурорыг 5 жилийн хугацаатай томилно. (162-р зүйл)

Шүүх засаглал, хууль зүйтэй холбоотой нэгэн онцлог нь Засгийн газрын танхимыг бүрдүүлэх үүрэгтэй Ерөнхийлөгч зөвхөн Хууль зүйн сайдыг томилох асуудал дээр хязгаарлагдмал эрхтэй. Учир нь Хууль зүйн сайдад дэвшигч нарыг Дээд шүүгч нэр дэвшүүлэх ба Ерөнхийлөгч тэдний дундаас сонголтоо хийдэг. Шүүх засаглалын хууль тогтоох болон гүйцэтгэхтэй холбоотой бүх асуудлыг Хууль зүйн сайд мэдэж шийднэ. Түүгээр ч барахгүй Дээд шүүгч нь шүүх засаглалын санхүү болон удирдлагын холбоотой бүхий л асуудал хийгээд шүүгч нараас бусад албан хаагчдын боловсон хүчний асуудлыг ч Хууль зүйн сайдад хариуцуулж болно. Энэ тохиолдолд Хууль зүйн сайд нь засгийн газрын хамгийн дээд байр суурьтай албан тушаалтан болно. (160-р зүйл) 

Улс төрийн намууд. Үндсэн хуулийн 26-р зүйлд зааснаар улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, үндэсний эв нэгдэл, лалын тулгуур үзэл хийгээд Исламын бүгд Найрамдах үзэл санаанд харшлаагүй тохиолдолд нам, холбоо, улс төрийн болон ашиг сонирхлын нийгэмлэгүүд хийгээд шашны цөөнхийн бүлэглэлүүд эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах эрхтэй. 

Улс төрийн намуудын тухай хуулийг 1981 оны 9-р сард баталсан. Улс төрийн нам байгуулахын тулд Дотоод хэргийн яамнаас гэрчилгээ авах ёстой. Улс төрийн намуудыг батламжлах, гэрчилгээ олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих хийгээд хуульд харшилсан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хаах эрхийг Дотоод хэргийн яамны бүтцэд байх нэгэн комисст олгожээ. Албан ёсны нэр нь <<10-р зүйлийг хэрэгжүүлэх комисс>> уг байгууллага нь Улсын Ерөнхий прокурорын төлөөлөгч, Улсын дээд шүүхийн төлөөлөгч, Дотоод хэргийн ямны төлөөлөгч хийгээд парламентын зүгээс томилсон 2 төлөөлөгчөөс бүрдэх ба бүрэн эрхийн хугацаа нь 2 жил байдаг. 

2012 оны 9-р сарын байдлаар Иранд улс төрийн 221 нам, холбоод үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Ираны сонгуулийн систем нь олон намын тогтолцоонд суурилаагүй тул энэхүү улс төрийн хүчнүүд нь улс төрийн намын үүргийг гүйцэтгэж үл чадах ба зөвхөн олон нийтийн байгууллага төдий л статустай. Учир нь Ираны Ерөнхийлөгч, Парламент болон Сэцдийн зөвлөлийн сонгуульд нэр дэвшигчид өөрсдөө бие даан нэр дэвших бөгөөд зөвхөн үүний дараа л улс төрийн хүчнүүд аль нэр дэвшигчийг дэмжихээ зарладаг. Үүнээс гадна парламентад намын бүлэг байгуулах нь хууль зүйн үндэслэл байдаггүй.  

Ираны лалын хувьсгалын дараа 1987 он хүртэл зөвхөн Исламын Бүгд Найрамдах Нам оршин тогтнож байв. Уг нам шашны засаглалын эсрэг улс төрийн хүчнүүдийг устгах, шашны зүтгэлтнүүдийг улс төрийн тавцанд гарч ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Харин түүхэн хөгжлийн явцад уг намын дотор үзэл бодлын зөрчилдөөн, ашиг сонирхлын бүлгүүд олшрох болсон үед Дээд удирдагч Аятоллах Хомеини улс орны эрх ашгийг тэргүүнд тавих зорилгоосоо ухарсан хэмээн зэмлээд хаагдахыг хүссэн. Үүний дагуу 1987 оны 6-р сард уг нам өөрийн хүсэлтээрээ тарсан төдийгүй 1989 он хүртэл Иранд улс төрийн нам байгуулахыг хоригложээ. Харин 1989 онд Иран-Иракын дайн дууссантай холбогдон Улс төрийн намын тухай хуулийн 10-р зүйлийг сэргээн мөрдүүлэх шийдвэр гарснаас эхлэн нам хүчнүүд олноороо төрөн гарах болов. Энэ үеэс эхлэн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намууд гэвэл: Тэмцэгч шашны зүтгэлтнүүдийн Тегераны нийгэмлэг, Тэмцэгч Шашны зүтгэлтнүүдийн холбоо, Исламын холбоодын эвсэл, Исламын инженерүүдийн нийгэмлэг, Исламын Хувьсгалын можахедуудын Бүлэглэл, Бүтээн байгуулагчдын  нам, Исламын Ираны оролцоо фронт, Үндэсний Итгэлийн нам. 

Тэмцэгч шашны зүтгэлтнүүдийн Тегераны нийгэмлэг (Ruhaniyat). Аятоллах Хомеиниг дэмжигч шашны зүтгэлтнүүдийг нэгтгэн Шахын дэглэмийн эсрэг тэмцлийг зохион байгуулах зорилгоор 1977 онд Тегеран хотноо байгуулагдсан. 1981 онд лалын Бүгд Найрамдах Намын төв байранд дэлбэрсэн бөмбөгөнд амь үрэгдсэн Аяатоллах Мухаммед Хусеини Бехешти нь уг нийгэмлэгийн анхны ерөнхий зохицуулагч байв. 1979 онд болсон халдлагаар амиа алдсан Аяатоллах Муртеза Мотаххари үзэл санааны эцгийн үүрэг гүйцэтгэжээ. Ираны өнөөгийн Дээд удирдагч Али Хаманеи, хуучин ерөнхийлөгч Рафсанжани зэрэг маш олон гишүүд нь төрийн өндөр албан тушаалд хүрч байлаа. Өөрсдийгөө өнөөгийн Ираны улс төрийн “анхдагч” хэмээн үздэг нийгэмлэг Аяатоллах Мухаммед Реза Махдави Кани-гийн удирдлагын доор үйл ажиллагаагаа явуулдаг. 

Тэмцэгч Шашны зүтгэлтнүүдийн холбоо (Ruhaniyun). 1988 онд Мехди Карруби, Мухаммед Мусави Хоеиниха, Махмуд Доай, Мухаммед Тавассоли, Мухаммед Хатеми, Мухаммед Жамарани, аятоллах Хасан Сане-и болон Аятоллах Садэк Халхали тэргүүтэй Тэмцэгч шашны зүтгэлтнүүдийн Тегераны нийгэмлэгийн зарим зүтгэлтнүүд үзэл бодлын зөрүүгээс шалтгаалан нийгэмлэгээс гарч буйгаа мэдэгдээд Дээд удирдагч Хомеини болон ард түмэндээ илүү их зүтгэхийн тулд шинэ холбоо байгуулж буйгаа зарласан билээ. Хомеини уг холбоог батламжлахдаа: Ираны улс төрийн зөрчилдөөн бус нийгэм дэхь олонхийн саналын тусгал болохыг тэмдэглэн хэлсэн байдаг. Уг холбооны гишүүн шашны зүтгэлтнүүд тухайн үеийн Шинэчлэгчид хэмээн нэрлэгдсэн улс төрийн хөдөлгөөнийг дэмжих болсон ба ерөнхийлөгч асан Мухаммед Хатеми уг хөдөлгөөний удирдагч байв.  Ингэснээр өнөөгийн Ираны залуусын дэмжлэгийг хүлээсэн бөгөөд зарим тохиолдолд түүнийг Ираны ардчиллын бэлэг тэмдэг хэмээн үзэх нь бий. Өнөөдөр уг холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Мухаммед Мусави Хойениха ажиллаж буй бол Удирдах зөвлөлийн дарга нь ерөнхийлөгч асан Мухаммед Хатеми юм. 

Исламын холбоодын эвсэл (Mo’talefeh). 1963 онд лалын үзэлтэй бүлгүүдийг нэгтгэх зорилгоор Шахын эсрэг үзэлтэй Тегераны төв захын бизнесмен, жижиг дунд үйлдвэрлэгчдийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Лалын хувьсгалын дараа Тэмцэгч шашны зүтгэлтнүүдийн Тегераны нийгэмлэгийн үзэл санааг дэмжих болсон бөгөөд аль ч сонгуульд өөрийн дэмжигч нэр дэвшигчдийг зарлаагүй. Хабиболлах Асгар Олади, Асадоллах Бадамчиян, Мортеза Наваби тэргүүтэй бүлэглэл нь өөрийн эзэмшдэг Ресалат сонин болон долоо хоног тутмын Шома сэтгүүлээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлдэг. 

Исламын инженерүүдийн нийгэмлэг. Исламын холбоодын эвсэлтэй маш ойрын харилцаатай. Лалын фундаменталист үзлийг сурталчилдаг уг нийгэмлэг 1988 онд Ираны мусульман ард түмний Лалын үзэл, улс төр, шинжлэх ухаан хийгээд техникийн мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор байгуулагдсан. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Мухаммед Реза Бахонар. Уг нийгэмлэгийн алдартай гишүүд гэвэл ерөнхийлөгч Махмуд Ахмединежад, Маноучехр Моттаки, Муртаза Набави нар юм. Харин Махмуд Ахмединежад нь ерөнхийлөгчөөр сонгогдонгуутаа нийгэмлэгээс харилцаагаа тасалсан тухай яриа бий.

Исламын Хувьсгалын можахедуудын Бүлэглэл (Mujahedeen-e Enghelab). Аяатоллах Хомеинигийн засаглалын төлөө Шахын эсрэг зэвсэгт тэмцэлд босох нь цорын ганц арга зам болохыг сурталчилсан лалын бүлэглэлүүдийн нэгдэл болж 1979 онд байгуулагдсан. Анхны удирдагчаар нь Хүжжетүлислам расти Кашани-г Аяатоллах Хомеини зүгээс томилсон. Харин улс орны эдийн засгийн асуудлаар санал зөрөлдөн гурван хэсэг хуваагдсаныхаа дараа 1982 онд тарсан. 1991 онд дахин байгуулагдсаныхаа дараагаар Ираны долоо дахь ерөнхийлөгч Хатеми-гийн сонгуулийн кампанит ажлыг дэмжиж оролцсон. Үр дүнд нь бүлэглэлийн удирдагчдын нэг Бехзад Набави Хатемигийн танхимд багтан дэд ерөнхийлөгч болсон. Долоо дахь удаагын парламентын сонгуульд нэр дэвшигчид дундах уг бүлгийн гишүүдийг Хамгаалагчдын зөвлөл батлаагүй тул 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийн гишүүдээсээ нэр дэвшүүлээгүй, реформыг уриалсан бие даагч Мустафа Моеныг дэмжсэн. Өнөөдөр уг бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн даргаар Мохаммад Саламати ажилладаг. Хагас сар тутмын Аср-э Ма, долоо хоног тутмын Мобин нэртэй сониноор дамжуулан үзэл бодлоо илэрхийлдэг. 

Бүтээн байгуулагчдын нам (Kargozarane Sazandegi). 1996 онд тухайн үеийн ерөнхийлөгч Рафсанжани-гийн танхимын сайдуудын байгуулсан нам. Зорилго нь Ираны улс төр, эдийн засгийн хөгжлийг түргэсгэхийн тулд Рафсанжанигийн явуулсан “дахин сэргээн байгуулалтын” бодлогыг үргэлжлүүлэх байсан. Намын гишүүдийн ихэнх нь эдийн засагчид. Аяатоллах Хашеми Рафсанжани-г “Бүтээн Байгуулалтын Эцэг” хэмээн тунхагласан уг намын хамгийн нөлөө бүхий гишүүн нь Тегеран хотын хуучин захирагч Голам Хусеин Карбасчи. Намын гол зорилго нь улс төр эдийн засгийн хөгжлийг хангах явдал болой. Уг намын мөрийн хөтөлбөрт Нийгмийн шударга ёсыг хангах, хөрөнгөнд үл дулдуйдсан эдийн засгийн хөгжил, лалын хувьсгалын зарчмын хүрээнд Ираны гадаад харилцааг хөгжүүлэх, эрдэмтэн мэргэжилтнүүдийн мэдлэгийг төрийн бодлогод ашиглах, үзэл бодлын чөлөөт байдлыг бий болгох зэрэг зорилтууд багтдаг. Тегеран хотын захиргаанаас гаргадаг Хамшахри, Ираны мэдээллийн товчооноос гаргадаг Иран нэртэй сонингууд уг намын хяналтанд байдаг.

Исламын Ираны оролцоо фронт (Mosharekat). Ираны реформист үзлийг баримтлагч хамгийн том нам. Ираны хуучин ерөнхийлөгч Хатемиг сонгогдсоноос жилийн дараа 1998 онд реформист үзлийг баримтлагч групуудын нэгдэл болон байгуулагдсан. Уг нам нь Хатемигийн сонгуулийн уриа болох <<Бүх Ирануудын төлөөх Иран орон>> дээр <<оюун ухаан, шударга ёс, эрх чөлөө>> хэмээх уриаг нэмэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Намын гол зорилго нь улс төрийн амьдралд ард түмний шууд оролцоог нэмэгдүүлэх явдал, Ираны нийгэмд хуулийг шударгаар мөрдүүлэх, тэгш эрхийн зарчмыг улам хөгжүүлэх зэрэг болно. Өнөөгийн байдлаар уг намын ерөнхий нарийн бичгийн даргаар Мухсин Мирдамади ажилладаг ба гол зүтгэлтнүүд нь Мухаммед Реза Хатами, Абдуллах Рамазанзаде болон Мустафа Тажзаде нар.  

Үндэсний Итгэлийн нам (Etemad-e Melli). 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд Тэмцэгч Шашны зүтгэлтнүүдийн холбооны гишүүн Мехди Карруби нэр дэвших үед санал зөрөлдөөний улмаас уг холбооноос салж гарсан бүлгийнхний зүгээс байгуулагджээ. Уг намын гол зорилго нь Иранд олон намын тогтолцоо хийгээд намуудын сонгодог зохион байгуулалтын загварыг бий болгох явдал. Намын хэвлэл нь Этэмад-э Мэлли нэртэй сонин бөгөөд 2009 онд Мехди карруби нь ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо санал луйвардсан баримтыг дэлгэснээс болж хаагдсан. 

ЛБНИУ-ын үндсэн хуулийг санаачлагчид  нь лалын ёсны дагуу зохион байгуулагдсан төр болон нийгэмийн өвөрмөц тогтолцоог бий болгохыг зорьсон боловч Ариун хуулийн болон Ард түмний засаглалын хос тогтолцооны явцад шашны давамгайллыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон. 

Ираны улс төрийн амьдралд бүгд найрамдах үзэл санааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дээрх шашны байгууллагуудын хяналтын тогтолцоог багасгах болон ард түмний засаглалыг нэмэгдүүлэх явдал үндсэн сэдэв болж байдаг.  Энэ нь нэг талаасаа 1997 оноос улс төрийн тавцанд гарч ирсэн реформист үзэлтэй бүлэглэлүүдийн идэвхийг улам сэргээж байгаа. Харин одоогийн системийг хэвээр нь үргэлжлүүлэх хийгээд шашны нөлөөг улам хүчирхэгжүүлэх эрмэлзэл бүхий шашны зүтгэлтнүүд, консерватив үзэлтэй улс төрчдийн зүгээс энэ асуудал нь төрийг сулруулан улмаар ҮАБ-д сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болно үзнэ. Учир нь бүгд найрамдах засаглалын шашны хяналтыг багасгана гэдэг нь нэг талаараа улс төр нийгмийн эрх чөлөөг улам нээлттэй болгоно гэсэн үг. Энэ нь тэртэй тэргүй хянахад хэцүү болж буй ардчилал, эрх чөлөөний үзлийн эсрэг зогсдог консерватистуудын хувьд нэгэн төрлийн аюул занал юм. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд шашныхан байгууллагынхан хүчээр нөхцөл байдлыг хянахаар оролдож эхэлсний нэгэн жишээ нь лалын засаглалыг улам хөгжүүлэх зорилго хөтөлбөр бүхий нам эвслүүдэд л улс төрд оролцох эрх олгох болсон явдал. Өдрөөс өдөрт чангарах болсон энэхүү хянах цагдах байдал нь Ираны улс төр, нийгмийн амьдралд тогтворгүй сөрөг үр дагавар авчрах тодорхой. 

Д. Анхбаяр, Кувейт 2013 он 6 сар. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)