2010/10/09

ГУРВАН УДАА ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН БИЧГИЙН ИХ ХҮН

Дамдинсүрэн хэмээх бичгийн их хүн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд "бичээч Цэнд"-ийн хоёрдугаар хүү болон төржээ. Бичиг номонд гаргууд, сайн эцгээрээ монгол бичиг заалгаж, ишиг хурга эргүүлэх болсон үедээ авдартай номоос нь амтарсан уншдаг болж. Түүний уншсан хамгийн анхны номууд нь "Үлгэрийн далай", "Рашааны дусал", түүний тайлбар "Панчатантра" "Субашид" мөн түүний тайлбар болох "Уушаандар", ноён хутагтын шүлгүүд болон "Моломтойн", "Лүмбүгарав", "Оюунтүлхүүр", "Цаасан шувуу" зэрэг аж.




Бичиг үсэгт шамдсан ухаан хурц тэрээр1924 онд өвөг эцэг Эрэгзэндонойн сануулсан ёсоор Матад хошууны намын үүрт гишүүнээр элсч,1925 онд Тамсаг дахь цэргийн хорооны бичээчээр томилогдож тэндээсээ Улаанбаатарт иржээ. Улсаас томилсон ажил бүрт үг дуугүй явж байсан тэрээр 1928 онд намын дотор буй болсон баруун зүүний тэмцлийн учрыг төдийлөн сайн мэдэхгүй, дундыг баримталж явсаар сүүлдээ зүүний этгээдэд идэвхитэй тусалж улмаар 1929 оны нэгдүгээр сард Үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллажээ. Мөн оны намар Улаанбаатар хотын 21 пүүсийн 240 гаруй ажилчин хятад данжаад нарыг эсэргүүцэж ажил хаяж жагсахад Хятад хэлний орчуулагч Намжилдоржийн хамт ажил хаялтыг зохион байгуулж улмаар феодалын хөрөнгө хураах төв комиссын нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байжээ.

Тэрээр энэ их ажлын хажуугаар мөн оны нэгдүгээр сарын 9-нд анх байгуулагдсан уран зохиолчдын бүлгэмд элсэн тэргүүлэгчээр нь сонгогдон ажиллаж байхдаа “Гологдсон хүүхэн" хэмээх туужаа бичжээ. 1930 оны хоёрдугаар сард тэрээр Үйлдвэрчний төв зөвлөлийн ажлаа Лхүмбэд шилжүүлээд ажлаасаа халагдаж Говь-Алтай аймгийн Жавхлантын хошуу гэдэг газарт хамтралын сургагчаар ажиллажээ. Ийн ажиллаж байхдаа "Хамтрал тараасан" гэсэн зэм хүртэж байсан гэдэг. Учир нь олон айлаас ирсэн мал зун нь таргалахгүй байсан учир намар айл айлд нь тарааж өгөөд "малаа сайн таргалуул" гэж үүрэгджээ. Үүнийг нь Сартуулын Чойжинжав хэмээх эр өөрөө албан тушаалд нь суухын тулд дээд газарт хошуу хүргэсэн учир энэ албанаасаа халагдаж "Сүү тосны түр сургууль"-д монгол бичгийн багш болжээ.
Ямагт оюун ухаанаа хөгжүүлэхэд тэмүүлж байсан тэрээр өөрийн хүсэлдээ хөтлөгдөн 1931 оны хавраас 1932 оны намар хүртэл Буриадын эрдмийн хүрээлэнд ном орчуулах хэрэгт туслалцсаар Дашнимаев хэмээх буриадтай хамтран Сталины "Ленинизмийн асуудал" гэдэг номыг латин үсгээр хэвлэн гаргахад гар бие оролцжээ. Энэ нь түүний амьдрал, ертөнцийг үзэх үзлийг бүрэн нээж улмаар Улаанбаатарт ирж Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлагч болоход нөлөөлсөн гэдэг. Тэрээр монгол хэлний тайлбар толь хийх ажил дээр манай хуучны сэхээтнүүд болох Шагж, Бат-Очир, Дорж мэйрэн, Аяа тэргүүн, шинэ сэхээтэн Гомбожав мэргэн, Б.Ринчен, Д.Нацагдорж нартай хамтран ажиллаж тэднээс их зүйлийг сурч ялангуяа Шагж гуайн монгол, төвд хэлний мэдлэг, Дорж мэйрэнгийн ардын домог яриа зэргээс багагүй мэдлэг олж авчээ.
Үүний дараагаас Зохиолчдын бүлгэмийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Э.Оюуны гуйснаар "Пионерийн лагерь" шүлгээ бичжээ. Мөн зохиолч Д.Нацагдоржтой зэгсэн үерхжээ. Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлэг нь таалагдсан, мөн хэвлэгдээгүй байсан тул 500 төгрөгийн шагнал бичиж түүнийгээ зохиолчдын бүлгэмийнхээ хөрөнгө болгож байжээ. Тун удалгүй "Хичээл бэлгээ гаргаж хэл бичгээ сайжруулъя" хэмээх анхны эрдэм шинжилгээний хялбарчилсан өгүүллээ бичиж хэвлүүлжээ.
Түүний авьяас билэгт атаархсандаа ч тэрүү хайнга цалгардаа ч тэрүү тухайн үеийн сэхээтнүүд "хөөрхөн" чадчихдаг байсан гэдэг. Үүний нэг тод жишээ нь 1924 оны зургаадугаар сард намд элссэн батлахыг нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн намын үүрийн дарга Лэгцэгдорж гэгч хүн " Чиний батлах хуучин учир хүчингүй. Би шинээр бичээд өгье" гэж хэлээд авч хуулж бичихдээ 1933 онд намд элссэнээр бичиж өгч байсан гэдэг. Энэ нь түүнийг Орос улсад сургуульд явахад багагүй төвөг учруулж байсан ч мөн оныхоо есдүгээр сард Ленинградын бага ястны дээд сургуульд суралцаж тэндээсээ Дорно дахиныг судлах институтэд шилжиж суралцжээ. Энэ үедээ тэрээр Ленинградын их сургуулийн Монгол хэлний ангийг дүүргэсэн Л.В.Зевинатай гэрлэж 1937 онд хүү Левээ төрүүлжээ.
1938 онд Ленинградаас Улаанбаатар дуудагдаж ирж Шинжлэх ухааны хүрээлэнд судлагчаар ажиллаж байхдаа А.С.Пушкины "Алтан загасны үлгэр", "Олег цэцний дуулал", Пантелеевын "Дугтуйтай бичиг" зохиолыг орчуулжээ.
Бичгийн их хүмүүний амьдралд хар сүүдэр тусч 1938 оны 11 дүгээр сарын 4-нд түүнийг Дотоод яамнаас баривчилжээ. 15 cap байцаасны эцэст "хэрэгт холбогдолгүй" гэж цагаатган 1940 оны нэгдүгээр сарын 27-нд суллажээ. Хардлагын хар сүүдрээс гарсан тэрээр яаран Ленинградаас эхнэр, хүүхдээ авчран амьдарч 1942 онд хүү Константин, 1946 онд хүү Михайл, 1954 онд охин Дулмаа нар нь мэндэлсэн аж.
Ц.Дамдинсүрэн нь 1942 оноос "Үнэн" сонины эрхлэгчээр ажиллаж дэлхийн II дайны үед Маршал Х.Чойбалсангийн хамт зөвлөлтийн фронтод бэлэг хүргэн өгч байж. 1945 онд "Үнэн" сонины эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөж Шинжлэх ухааны хүрээлэнд очихдоо Х.Чойбалсангийн 50 насны ойд зориулж ерөөл бичиж, 1947 онд "Монголын нууц товчоо"-г орчуулж, 1950 онд Төрийн сүлд дууны үгийг зохиож төрийн шагналыг гурван удаа хүртэж байжээ.
Төрийн шагналыг 1945, 1947 онд хүртсэн нь түүнийг Ленинград хотод очиж ажиллаж амьдрахад нь ихээхэн түлхэц болсон гэдэг. 1950 оны наймдугаар сараас Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар томилогдон ажиллахын өмнө буюу 1946 оноос Ленинградын Дорно дахиныг судлах институтийн аспирантаар ажиллаж байсан ч дайны дараах үе байсан тул хэдэн нялх хүүхдээ тэжээхэд хэцүү байжээ. Түүнд харин маршал Х.Чойбалсан багагүй тусалж халамжилдаг байсан гэдэг. Тэнд ажиллаж байхдаа “Гэсэрийн туужийн түүхт үндэс" гэдэг номоо бичиж 1950 оны аравдугаар сард Москвад дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Энэ номынхоо дараа "Гэсэрийн туужийг магтаж үндсэрхэг үзэл гаргалаа" хэмээн шүүмжлүүлж байв.
Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн даргаар томилогдсон түүнд эрдэм шинжилгээний ажил хийх цаг зав гарахгүй учир арга саам хийсээр1953 онд даргын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. Эрдмийн ажлын мөр хөөсөн түүнийг бас л зүгээр байлгасангүй 1959 онд Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болгожээ. 1970 онд Орос-Монгол толинд он тооллын хүснэгт хавсаргасныхаа төлөө Төв Хороогоор буруушаагдаж шүүхийн тогтоолоор 5600 төгрөг төлж байжээ.
Тэрээр өөрийн амьдралын тухай "Намтрын хуудас номондоо "Дээд газраас намайг зэмлэж шийтгэж байсан ч сайшааж урамшуулж байсан нь олон. Би төрийн шагналыг гурван удаа хүртсэн. Эх орон ард түмэн, нам засагтаа үнэнч, үр бүтээлтэй ажиллахыг чармайж байна. Одоо би Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахлах ажилтнаар ажиллаж байна. 1929-1973 он хүртэл 40 гаруй жилд уран зохиол нэлээдийг бичсэн. Түүвэр зохиол маань Монголд гурав, Өвөрмонголд нэг удаа хэвлэгдлээ" хэмээн дурьджээ.
Мөн тэрхүү номдоо лам болох гээд хар болсон тухайгаа "Манай ах надаас нэг ах юм. Бид хоёр тав, зургаан настай байлаа. Нэгийг маань хар нөгөөг нь лам болгоно гэж манайхан ярьдаг ч хэнийг нь лам, хэнийг нь хар болгохоо шийдээгүй байсан юм.
Нэг намар манайх жасаагаа уншуулав. Намрын жасаа гэдэг бол жил бүр нэг удаа бурхан шүтээнээ тахиж ном уншуулахыг хэлдэг юм. Тэр үед олон хүн цуглаж хоол унд идэж уун наргиж баясдаг. Манайд дөрвөн лам ирж бурхныг тахиж ном уншиж байлаа. Гэрийн унинаас дүүжилсэн хэнгэрэгний дэргэд хоёр дохиур байна. Ах бид хоёр нэг нэгээр нь аваад ах хамаагүй цохиж гарлаа. Би нөгөө дохиураар цахиур буугаар буудаж байгаа дүр үзүүлж ахлах ламыг онилтол манайхан намайг "Энэ нүгэлтэй амьтанг харав уу" гээд гэрээс хөөж гаргасан юм. Тэгээд ах лам, би хар болсон" хэмээн ярив.
Бичгийн их хүн Дамдинсүрэнгийн аав Цэнд нь аав Эрэгзэдонойгоороо бичиг үсэг заалган суралцсан нэгэн байсан төдийгүй Матад хошууны тамгын газар, Цэцэн хан аймгийн чуулган даргын жасаанд бичээчийн алба хашиж 1908-1911 он хүртэл Өвөрхангайн Гарди хэмээх газарт "Халхын хорин өртөө" гэгчийг хийж байсан гэдэг. Өртөөний ажлыг сайн хийлээ гэж "Сул залан жинс" шагнуулж 1920 онд жинхэнэ залан болж 1921 онд хошууны мэйрэн болж дэвшиж байсан аж.
Ард олны дунд нэр хүнд сайтай бичиг үсэгт чадвартай байсан тэрээр жилдээ 5-6 хүүхдэд бичиг үсэг төдийгүй дөрвөн аргын тоог сампингаар заадаг байсан нь хожмоо ардын засгийн үед аймаг, хошуу, улсын төвд алба хааж байсан гэдэг.
С.Туул

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)