- Ах нь дүүдээ цэцэлсэн шастир оршвой -
2012 01 08 21:03. Улаанбаатар хот.
Дүү: - Ахаа манлайлагч болох гэсий. Яах ёстой вэ? (Яг гэрээ санаад байнаа гэдэг шиг сонин өнгөөр гэнэт асуудаг юм байна.)
Ах: - Юу солироод байгаам бэ? Наад хичээл номоо сайн хийгээд бушуухан дээд сургуулиа төгсөхөө л хичээ гэж цочим хариулав.
Дүү: - Ийм асуудлыг дүүдээ эвтэйхэн тайлбарлаж чадахгүй юм бол багш гэж яанам бэ хэмээн адарч, зэвүү хүргээд авлаа.
Ах: - Юу чи тэгээд лидер болохыг хүсээд байгаа юм уу? хэхэ сонин л юм байна. (буулт хийв). За тэгэхээр ийм байна. Хүн бүр бага балчираасаа эхлээд том болоод ийм мундаг хүн болно, тийм ч алдартай баатар болно гэж хүсэж мөрөөддөг. Энэ нь ч зүй ёсны бөгөөд цаашдын ирээдүйд нь чухал хүчин зүйл болдог.
(Хэнхэг занг минь хөдөлгөөд, хэнхэг үгээр яриулж чадсандаа дүү жогтой инээж буй хэдий ч дуртай нь аргагүй сонсож байнаа.)
Гэвч лидер болох нь дөрвөн гол хүчин зүйлээс шалтгаалдаг юм.
Нэгд нь: Оюуны чадамж. Тархи сайн ажилладаг байх хэрэгтэй. Мундаг сайн улс төрч, лам, эрдэмтэн, эдийн засагч, зохиолч, эмч, судлаач бүр луйварчин, мафийн толгойлогчдын хувьд төрөлхөөс өгөгдсөн оюун ухааны өндөр чадвар байх хэрэгтэй. Ядахдаа л нөхцөл байдлыг оновчтой үнэлээд шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргадаг байх наад захын чадвар хэрэгтэй дээ. Хүн гэдэг амьтан энэ чадвараараа л бусад амьтдаас ялгагддаг гээд танай багш нар чинь хүртэл байнга үглэж л байгаа биз дээ.
Хоёрт: Зан авир. За чи мэднэ. Дондог гэж манай хажуу орцонд нэг хөгшин байв даа. Түүнийг хүмүүс олон хэл мэддэг, зөндөө ном уншсан, мэдэхгүй чадахгүй юмгүй гэж ярьдаг байсан. Гэхдээ бид лав түүнийг харж байгаагүй. Гэрээсээ гардаггүй, хөөрхий муу самган нь л хоол хүнсийг нь зөөгөөд байхаас өөрөө ер хөдөлдөггүй, мэдэж чаддагаа харуулаад ганц ном, алгын чинээ өгүүлбэр бичихгүй байсаар өнгөрсөн шүү дээ.
Тэгэхээр нийгэм хүлээн зөвшөөрөгдөж, олон танигдсан, бусдыг дагуулах хүсэлтэй болохыг хүсвэл хүнтэй харьцаад арга эвийг нь олоод, өөрийгөө ойлгуулаад инээдгүй юмаа гэхэд ярвайдаггүй байх чадвар хэрэгтэй дээ дүү минь. Мундаг манлайлагчаа байя гэхэд бусадтай зохицоод, сэргэлэнтээд хоолоо олоод идээд байж болноо л гэсэн үг. Санаж байна уу нобелийн шагналт эдийн засагч, математикч Жон Нэш гэдэг хүний талаар “Шизофрени” гэж кино байдаг даа. Тэр хүн шизофрений шинжээ таниад түүнийгээ барьж хянаж чадаагүй бол нобелийн шагнал авах байсан болов уу? Аашны муугаас ажил төрөл, амьдралаа алдсан хичнээн мянган тохиолдлыг хэлээд барахав.
Гуравт: Хувийн зохион байгуулалт. Энэ чадвар ялангуяа спорт, урлагийнханд илүү чухал. Байнга дасгалжиж байж амжилтад хүрдэг салбар юм даа.
Өдөржин унтаад, шөнөжин компьютер тоглоом нүдээд, тасралтгүй кино үзээд эсвэл зогсолтгүй өөрийгөө тордоод, идээд уугаад, гоёод, хүмүүстэй харьцах бололцоо бүү хэл өөрийгөө таних, таниулах цаг гаргахгүй нөхөр манлайлагч болох бүү хэл харин хүмүүсийн хараал идэх болох нь бий. Эсвэл бүр мундаг болох аль нэг зүйлийг тухайлбал, ном унших, тоо бодоод толгой өөд татахгүй суугаад байвал биеийн бас мэдрэлийн бүр сэтгэцийн ядаргаанд автаад юун хүнийг манлайлах бүү хэл өөрийгөө авч явж чадахгүй хэмжээнд хэт төвлөрөх нь тэнэг хэрэг.
Амжилтад хүрнэ гэдэг чинь цагийн зөв менежмент шүү дээ. Амарвал амарсан шиг, ажиллавал ажилласан шиг зүтгээд, юм юмныхаа тунг нь тааруулаад байвал манлайлагчаа боль гэхэд муугүй мэргэжилтэн болно шүү. Цагийг үр бүтээлтэй ашиглах, залхууралгүй өөрийгөө дайчлах чадвараас л бусдыг удирдах чадвар эхэлдэг бөлгөө.
Дөрөвт: Аз тохиол. Хувь тавилан хийгээд хорвоо ертөнцийн санамсаргүй тохиолдлын үрээр бидний одоо хийгээд ирээдүйн олон зүйл шалтгаалдаг юм. Энэ тухай үлгэр домог, түүх намтар, шашин сургаалд хангалттай сайн өгүүлсэн байдаг дөө.
Ухаандаа, чи энэтхэгийн хамгийн доод кастын нэг айлд бацаан болоод төрчихсөн бол надтай манлайлагч яаж болох маргах байтугай маргааш хаах нь шиг очиж гуйлга гуйгаад, үхэх хүртлээ эвтэйхэн шиг хоолоо залгуулах тухай бодох байсан гэдэгт итгэлтэй байна. Оюун ухаан төгс, зан авир давгүй, өөрийгөө болон бусдыг чадварлаг удирдаад явчих ямар олон хүн цаг үе, нөхцөл нь бүрдээгүйгээс хэнд ч танигдаагүй өнгөрдөг бол...
Дээр хэлсэн 4 хүчин зүйл зөвхөн хувь хүнд хамаатай хэрэг биш. Бүхэл бүтэн улс орон, үндэстэн угсаатанд ч хамаатай асуудал. Аль нэг улс орны хөгжил, цэцэглэлт нь тухайн ард түмний оюуны чадвар, юуг эрхэмлэдэг, юуг үзэн яддаг, шудрага ёс гэж ямар зүйлийг ойлгодог, зан авир, залхуугүй шинж, өнгөрсөн одоо, ирээдүйн алийг нь чухалчилдаг гээд сэтгэлгээний олон зүйл нөлөөлдөг.
Дүү: - Тэгээд энэ янз бүрийн сургалтын төвүүд хүн бүрийг лидер болгоод өгье энэ тэр гээд байдаг чинь худлаа хэрэг үү.
Ах: - За даа шулуухан хэлэхэд бизнес юм даа. Яахав өөрийгөө нээгээд хувийн зохион байгуулалт, асуудалд хандах хандлагаа өөрчлөхөд нөлөөлдөг л биз. Хэрэв тэгээд бүгд сургалтын төвөөр бэлтгэгдээд манлайлагч болчихдог бол чухам л түүн лүү хүмүүс шуурна биз дээ. Тэгээд тийм газар төгсөөд лидер болчихсон хүн ер санаанд буудаггүй ээ.
За тэгэхээр май гээд манлайлагч болдоггүй, харин мааааайй гээд (би яг хонь шиг майлж чадсандаа өөрөө ч гайхлаа) мал болох магадлал өндөртэй хорвоо юм даа.
Дүү маань дурамжхан өрөө рүү гээ оров. Бодвол ярьсан зүйл маань сэтгэлд нь нийцээгүй юм байлгүй. “Урмыг нь хугалчих зүйл хэлчихэв үү дээ” гэж бас дотроо харамсав. “Гэхдээ үнэнийг мэдэж байх нь чухал шүү дээ” гэж өөрийгөө өмөөрөв.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл