Хөдөөний ганц нэг өрхийг эс тооцвол Монгол улсын бараг бүх айл зурагттай ба түүнийхээ өмнө багагүй цаг зарцуулдаг. Ихэнх айлд гэрийн эзэн болон түүнээс ахмад үеийнхэн мэдээллийн хөтөлбөрийг түлхүү үзнэ. Гэтэл манай телевизүүдийн мэдээнд гэрэл гэгээтэй зүйл тун бага, хаяа нэг хэдэн тамирчин медаль авсан эсвэл ганц нэг эрдэмтэн энд тэднээс шагнал хүртсэн тухай дуулгах. Ийм байдал сонин хэвлэлд ч гэсэн ижил. Жишээ нь манай эдийн засаг гадна дотныхны судалгаагаар байнга өсөлттэй гарах ба цаашдаа ч улам хурдацтай өсөлт үзүүлэх нь илэрхий болоод байдаг.
Гэтэл мэдээллийн хэрэгслүүд эх орон хөгжих биш доройтож, эдийн засаг сүйрч байгааг зарлах. Эндээс ард иргэдээ ядуу байна гэж ойлгуулаад тэднийгээ нэг их харж үзсэн, өрөвдсөн хүмүүс болох гээд байгаа хэсэг нөхдийн санаатай явуулага уу гэсэн хардлага төрөөд байна. Өөрөөр хэлбэл, мэдээний зорилго нь нийгмийг бухимдуулан өдөөн хатгаж, иргэд та нар ядуу, гэтэл зарим хэсэг нь авилгал аваад баяжиж байна аа алаад өгөөч тэднийг гээд байх шиг. Тэгэж байгаа хэсэг бий нь үнэн боловч төрд зүтгэж байгаа шударга хүмүүсийг бүхэлд нь харлуулах нь ихээхэн хортой. Энэ сэтгэлгээ яваандаа төр, засгийг үнэ хүндгүй болгож хүчгүйдүүлэх аюултай. Ийм байдал зарим нэг талаараа цухалзаад эхэлсэн. Ард түмнээс сонгогдсон хууль ёсны төлөөллийг сонгуулиар биш эргэлтээр солих тухай илт тод зарлахад нийгэм нэг цочирдохгүй болоод байна.
Мэдээтэй энэ зэрэгцэх олон хүн үздэг зурагтын хөтөлбөр бол кино. Хэдий орой бүр хүүхэлдэйн кино гарч хүүхэд багачуудыг унтахыг сануулдаг ч ихэнх монгол өрхөд хүүхдийн өрөө байхгүй, уламжлалт орон байраа хотжуулан хэрэглэх бид хошин шогийн жүжигт өгүүлдэгчлэн дээрээ цонхтой нэг өрөөнд голдуу амьдардаг. Тиймдээ ч “тавтай нойрсоорой” гээд байхад л үр хүүхдүүд маань эцэг эхтэйгээ зэрэгцэн зурагт үзээд л байна.
Энэ бол манай нийгмийн олонхийн дүр зураг. Телевизүүдэд кино алба гэж байдаг ч сонголт энэ тэр хийдэг нь хэд бол. Ихэвчлэн аль олдсноо л гаргадаг байх. За сонголт бол дүүрч, гэхдээ уг нь архи уух, тамхи татах, хэт задгай эротик хэсэг дээр нь жижигхэн бүдгэрэлт хийж байвал зүгээр санагдана. Ингэлээ гээд утга учир алдагдана гэж байхгүй. Ил задгай үзэх хүсэлтэй нь хувиараа худалдаж аваад үзнэ биз.
Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь юу билээ? Ойлгомжтой В. И. Ленин багшийн үг. Кино дан ганц урлаг болж хүмүүст сэтгэлийн таашаал өгдөг үеээ өнгөрөөгөөд удаж байна. Улс төр, үзэл суртлын гол зэвсэг болгосон хүн нь түүнийгээ хамгийн агуу урлагт тооцож байсан бол өнөө үед ч ийм агуулгаар дарангуйлагч системтэй олон оронд кино дээрх үүргээ гүйцэтгэсэн хэвээр. Үүний зэрэгцээ кино нь сургалт, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх, улс төрийн учир холбогдолтой. Манайд л гэхэд 1980 оны сүүл, 1990 оны эхээр төр засаг хөрөнгө зарж “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг нүсэр киног үйлдвэрлэж нийгэм дэх эх түүхийн бахархал, үндэсний үзлийг сэргээж байсныг бид мэднэ. Бас улс орны сүр хүчийг харуулах, түүхэн үнэнийг гуйвуулахад кино урлаг голлох үүрэгтэй. Ялангуяа сүүлийн жилүүдэд Бээжингийн оролцоотой бүтээгдэх болсон кинонууд Хятадын түүх, соёл иргэншлийг илт сурталчлах боллоо.
АНУ-ын Холливуд гэж дэлхийн кино үйлдвэрийн төв байх. Тэнд жилдээ хэдэн мянган кино хийгдэх ба түүнээс цөөхөн хэд бүтээл л олон саяын ашиг орлого авчирдаг. Тэдгээр кино нь мөнгө олохоос гадна орчин цагийн хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл, сэтгэлгээний хэв маягийг тодорхойлоод байх шиг. Кино одод нь дэлхийн хэмжээний ямар ч улс төрч, удирдагчдаас дутахгүй хүч нөлөөтэй болж, бүхэл бүтэн улс орнуудтай мөр зэрэгцэн хүмүүнлэг, сайн санааны үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Энэ аварга том үйлдвэрт улс төрийн утга мессэж агуулсан кино нэг бус. Жишээ нь “300 Спартан” гэх кино. Хэдий Иранд гаргахыг хориглосон ч олон улсын анхаарлыг татаж, эртний персүүдийн алдааг битгий давтаарай гэж тэдэнд сануулсан хэрэг.
Сургалт, танин мэдэхүйн хувьд баримтат кино гээд бүр тусдаа төрөл болоод хөгжсөн учир энд өгүүлэх нь илүүц.
Нийгмийн бухимдлыг хамгийн сайн таалж, хүмүүсийг аз жаргалтай мөрөөдөлд умбуулдаг киног энэтхэгийн Болливуд үйлдвэрлэдгээрээ алдартай. Ядуу зүдүү олон түмэн кино дахь дуу бүжиг, баян тансаг амьдрал ахуйн төсөөллөөр тэжээгдэн түр ч гэсэн зовлонгоо мартдаг бололтой. Ийм төрлийн кино нь зөвхөн дотоодын зах зээлд л зориулагдсан байдаг. Хэдий ийм төрлийн кино тархи угаадагч гэсэн нийгмийн бухимдлыг зөөлрүүлэхэд ихээхэн үүрэгтэй. Манайхан ч гэсэн 1990 оны дундуур үед Энэтхэг кино үзэж нилээд уйлсан. Одоо харах нээ үзэл суртлын хүлээсээс дөнгөж гараад байсан манай нийгэмд “Халтар царайт” ч гэсэн дажгүй эерэг нөлөө үзүүлсэн болов уу. Лав хөдөөний хэдэн хүн мал ахуйгаасаа тусламж болгон өгөх дээрээ тулж, өрөвч нинжин сэтгэл гаргаж байсан удаатай.
Ер нь зузаан зузаан философийн ном л хүнд юм ойлгуулдаг үе өнгөрчээ. Сайн киног гүйцэд ойлгоод үзвэл бүр үйлийн үр, мөн чанарыг хялбархаан учрыг нь тайлж болохоор. Ийм кинонд 2005 онд Холивудын хийгдсэн “Сүйрэл” (Crash) хэмээх бүтээлийг нэрлэж болно. Олон ангит киноны хувьд АНУ-д хийгдсэн “Миний нэр Эрл” (My Name is Earl) гэх цуврал үнэхээр сонирхол татахаар. Ядуусын хороололд амьдрах үл бүтэх залуу хийсэн гэм нүглээ цайруулснаар хэчнээн олон хүнийг зөв замд оруулж, хүний сайхан мөн чанарыг нээж буйг хошин хэлбэрээр тун чадмаг харуулдаг. Агуулга нь ч энгийн, муу үйлийн үр муу, сайн үйлийн үр сайн, хийсэн алдаа гэм нүглээ цайруулвал үйлийн үр нь сайн сайханд хүргэж буй тухай. Энэ цувралыг манай дэлгэцнээс салахаа байсан гэр бүлийн хэрүүл, хорон санаа, хааны ордны хов живийг өгүүлэх солонгос кинонуудтай зүйрлэхийн аргагүй. Манай олон хувь, хувьсгалын телевизууд орчуулаад энэхүү “Миний нэр Эрл” гэх олон ангит киног олон түмэндээ хүргэвэл нийгмийн өмнө томоохон буян болно доо. Хэрэв та үзэхийг хүсвэл интернэтээс үнэгүй татаад авах ч боломжтой .
А. Энхбат, Анкара 2011. 01. 12
Энхбат ахаа таньтай яаж холбоо барьх вэ
ReplyDeleteӨдрийн мэнд Nazy. Манай Энхбатын байгаа Туркэд манай сайт тодорхой шалтгааны улмаас түрдээ ажиллахгүй байгаа учраас хараахан чиний хүсэлтийг харж амжаагүй байгаа. Чи сайтын зүүн буланд байгаа холбоо барих гэдгийн enkhbatu@must.edu.mn гэсэн хаягаар Энхбаттай холбоо барих боломжтой.
ReplyDelete