2011/01/14

МАД ТАВИУЛЖ БУЙ МАН

Улс төрчид олон түмэнд танигдсан байдлыг мэдэх хамгийн амархан арга бол аль нэг их дээд сургуульд ороод оюутнуудаас “Та нар нөхөр ...ийг таних уу?” гэж асуухад л хангалттай. Оюутнууд бол улс төрийн том индикатор. Тэд манай УИХ-ын гишүүдийн 30%-ийг таньдаг бол бусдыг нь сайн мэдэхгүй гэдгээ шууд илэрхийлдэг.
 
Харин сүүлийн үед эрхэм гишүүдийн дотроос оюутнуудын таньдаггүй нэг нөхөр их л од болж, өдгөө оюутнууд “Аан тийм, Өнөө ... яадаг уу?” гэж санах болсон хүн бол Дорнодоос сонгогдсон Ц.Шинэбаяр гэх гишүүн бөлгөө.

УИХ-ын гишүүн болсноосоо хойш тоймтой үзэл бодлоо илэрхийлж, үйл ажиллагаа явуулж байгаагүй нөхөр гэнэт дуу орж “Манай улс төр ямар бохир заваан явагддагийг” улайм цайм хайр найргүй илчлэх болсон нь нь өнөө Баабарын хэлдгээр “Монгол хүний зарчмын саналын ард өчүүхэн эрх ашиг нь нуугдаж байдаг”-аас үүдэлтэй нь одоо хэн бүхэнд тодорхой болчих шив. (Уул нь монгол хүн бүр ч тийм биш л дээ хөөрхий, харин Монгол улс төрч гэвэл байгаа онох гээд байна).
 
Бүхэл бүтэн системийн өөдөөс гэнэт чин зоригтой хашгирч эхэлдэг нөхдүүд гол төлөв хувийн эрх ашиг нь ноцтой хөндөгдсөн байдаг нь жам юм болов уу даа. Цагтаа “ардчилагч” Бошигт, Нинж, Эрдэнэ нар жагсаал цуглаан үйлдэж, судлаач Ганхуяг эрдэм шинжилгээний нийтлэл бүртээ заавал улс төрчдийн тэнэгийг дурьддаг чинь (өнөө бөөсний тухай ярьдаг онигоо шиг) чухамдаа гомдож гологдсоны хорсол төдий л зүйл байсан юм шүү дээ. За эд ч яахав хөөрхий, бас нийгэмд үүргээ гүйцэтгээд ирсэн хүмүүс.
 
Нөхөр Шинэбаяр МАХН хэмээх эрх барих хүчин нэрээ сольж МАН болсныг дөрөөлж, хуучин нэрээ авч үлдэх нь “жинхэнэ ардын хүсэл байсан”-ыг нийгэмд зарласнаараа өдгөө улс төрийн “томхон” од болоод авлаа. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, УИХ дахь намын бүлэг, МАН гээд Монгол төрийн нөлөө бүхий байгууллагуудыг хоёрхон сарын дотор хөдөлгөөд авна гэдэг зайтай эрийн хийдэг ажил.  Гэхдээ тийнхүү зайтай хөдөлж буй нь илүү том нөлөөтэй этгээдийн түлхээс гэдэг нь улс төр сонирхож сонждог нөхдийн хувьд мэдээжийн зүйл.
 
Тэр улс төрийн хувьд яагаад ч хийж амжихгүй гэхээр нүүдлүүдийг хийж, хэний ч анзаараагүй нүх сүвийг ашиглан гарч ороод, хөөрхөн тоглолтыг багагүй хугацаанд хийгээд амжив. Төрийн бодлогыг зангидаж, Монголын ирээдүйн зорилгыг тодорхойлж ирсэн нөлөө бүхий нам нь өөрийн хүүдээ ийнхүү мад тавиулахдаа тулж дээ хөөрхий. МАН ч гэж МАН. Ядаж байхад яасан өрөвдөлтэй толгоомоор наадаад байна даа. Засгийн эрхийн төлөө өрсөлдөж, чадварлаг сонгуулийн кампани явуулж ирсэн НАМ, хариугүй тоглолтод өртөж нэрээ баастах ч гэж дээ. Монголчууд зодуулж буй хүнийг өрөвдөх сэтгэл зүйтэй хүмүүс. Энэ эрчээрээ Шинэбаярыг эрх барьдаг хүчин нь “нүдээд” байвал, түүний нэр хүнд МАН-ын цуглуулсан рейтингийг хол хаях хэмжээнд очиход гайхах зүйлгүй. 
 
Хамгийн сүүлд гэхэд МАН-ын аппаратаараа хөдлөөд байж болох МАХН товчлолын бүхий л хувилбарыг өөрийн болгоод авлаа гэж тооцтол харин хамгийн өвөрмөц “Монголын алдарт хувьсгалт нам” болон “Монголын алдартай хувьсгалт нам” гэх нэрсийг өрсөлдөгч өөрийн хүндээ алдах нь тэр. Ардчилсан хөгжлийн 20 жилийн түүхэнд байгаагүй явдал болж, эрх баригч намын далд санаачлагаар нэг өдөр 70 намын нэр бүртгэгдээд байх даа яахав дээ. Аягүй бол бас нэг хөгийн үзүүлэлтээр  Гиннесийн номонд бүртгүүлэх нь дээ Монгол орон.
 
Чухамдаа улирал дамнасан улс төрийн эдгээр өрнөл нь нэг талаас МАН-ын удирдах зөвлөл, Хэрэг эрхлэх газар гэх сүрхий нэртэй тус бүртээ мафийн дугаартай машин унадаг  нөхдүүдийг толгойлж буй нөхөр, нөгөө талаас эрх мэдлийн төлөөх дайнд С.Баяр гэх улс төрчөөр нам тавиулсан гомдсон ерөнхийлөгч асан хоорондын улс төрийн тоглолтын илрэл. Цагтаа энэ хоёр үй зайгүй андууд явсан юм. Харин одоо улс төрийн тавцанд хэн хүчтэйгээ харуулах далд тэмцлийн эзэд. Гол нь Нэг том НАМ ба хувь улс төрч хоорондын шударга бус зодоон болж харагдаад байна. Тэрнээс тэр Шинэбаяр яахав дээ хөөрхий бяцхан дүр, золигт гарч буй барам.
 
МАН-ын бусад бодлоготнууд хаачсан юм бэ гэж үү? Тэд ирээдүйд хуваарилах эрх мэдэл, хөрөнгийн төлөөх том өрсөлдөөнд анхаарлаа хандуулаад, улс төр, эдийн засгийн хувьд тохиролцохоо тохиролцож, хуваахаа эв түнжинтэй нь аргагүй хувааж аваад тун завгүй байна. Баталгаа гэвэл 2008 оны сонгуулиас өмнө судалгаанд эхний аравт жагсдаг байсан том улс төрчид хаана юу хийгээд байгааг нэг лавлаад үзэхэд гэмгүй шүү гэж...

1 comment:

  1. улс төр судлаач хүн гэхэд дэндүү 1 талыг барьж бичих юм. магадгүй бас захиалгынх байж болох юм даа одоо ч хүн бүхэн ардаа сэнстэй үлээсэн газар руу нь хийсдэг болж. уг нь судлаачийн ёс зүйгээр аль 1 талыг барихыг хориглодог бус уу...

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)