2011/02/06

"ХАГАС" ЭХ ОРОН МИНУ

Олон улсын хүний эрхийн байгууллага Freedom House жил бүр гаргадаг “Дэлхийн эрх чөлөөний байдал - 2011” (Freedom in the World 2011) илтгэлээ саяхан гаргасан. Энэ удаад 194 улс орон, бүрэн эрхгүй 14 нутаг дэвсгэрийн улс төр, иргэний эрх чөлөөний түвшинг үнэлжээ. Илтгэлд дэлхий дахины улс төр, иргэний эрх чөлөөний нөхцөл байдал 5 дахь жилдээ ухарсан үзүүлэлттэй байгаа нь сүүлийн 40 жилийн ажиглалтын хугацаанд хамгийн урт хугацаанд үргэлжилж байгаа эрх чөлөөний ухралт доройтол болохыг онцлон тэмдэглэжээ.
  
Энэхүү уналт нь бүс нутагтаа ардчиллын эсрэг хандлагын буглаа болж буй цэрэг, эдийн засгийн хүчтэй олон улсын тавцанд улс төрийн нөлөө бүхий улс орнуудаас шалтгаалж байна гэж судалгаанд дурьджээ. Эдгээр хүч нөлөө бүхий ардчилсан бус орнууд гэдэгт Орос, Хятад, Египет, Венесуэл, Ираныг тооцсон байна. Тэрчлэн эдгээр орнууд нь “21-р зууны дарангуйлалт дэглэмийн загвар дүр” болоод зогсохгүй дарангуйлалт дэглэм бүхий хөрш орнуудаа хамгаалахад хүчин чармайлтаа тавьж байна гэж хүний эрхийг хамгаалагчид үзжээ. 
 
Эрх чөлөөний түвшин 25 оронд буурсан бол 11 оронд өссөн үзүүлэлттэй байгаа аж.  “Freedom House”-ын гүйцэтгэх захирал Дэвид Крамер “Манай эрх чөлөөний дайснууд маш өргөн хүрээтэй хавчлага, залхаан цээрлүүлэлт хийгээд зогсохгүй үүнийгээ улам  харгис түрэмгий, өөртөө илтгэлтэй нь аргагүй хийж байна. Харамсалтай нь ардчилсан нийгэм энэ дохиог сонсохыг ер хүсэхгүй байна” гэж цохон тэмдэглэсэн байна.
 
Энэ жил дэлхийн хүн амын 43% нь оршин сууж буй нийт 87 орон “эрх чөлөөт” хэмээх ангилалд (өнгөрсөн жил 89 улс орон) орсон байна. Гэхдээ олон зууны ардчиллын уламжлалтай орнууд тухайлбал, АНУ-д үндэсний аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлууд, Баруун Европт лалын шашинт орнуудаас ирж буй цагаачлагчидтай холбоотойгоор бодлогоор хумих оролдлого нь тэдгээрийн эрх чөлөөний зарчимд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа аж. Мөн зөвлөлт засагтай байсан орнуудаас “эрх чөлөөт” ангилалд Эстони, Латви, Литва багтсан байна.
Цаашлаад хүн төрөлхтний 22% нь оршин амьдардаг 60 улс орон “хагас эрх чөлөөт” ангилалд орсон байна. Үүнд Украин, Мексик зэрэг орнууд зэрэглэл буурч нэмэгдсэн аж.
 
Харин дэлхийн хүн амын 35% нь оршин сууж буй 47 орон “Эрх чөлөөгүй”-д тооцогдов. Үүнд дэлхийн хамгийн их хүн амтай Хятадаас гадна Орос, Беларусь, Дундад Ази, Ойрхи дорнодын орнууд болон өнөө муу нэртэй хар тивийн орнууд орж, “чих халууцсан” байна.
 
Харин Монгол...
Манай орон улс төр, иргэний эрхийн байдлын жил бүрийн илтгэлд “хагас эрх чөлөөт”-т ангилалд багтсаар ирсэн. “Freedom House” байгууллага зөвхөн улс төрийн эрх гэлтгүй ардчилал, авилгал, хэвлэлийн болон эдийн засгийн эрх чөлөө зэрэг олон чиглэлээр тухайлсан судалгаа, илтгэл жил бүр гаргадаг. Монгол улс ардчиллаас бусад чиглэлд гол төлөв “хагас” ангилалд л яваад байгаа. Нэг талаас бид юм юмыг л “хагас дутуу” хийгээд байдгийн нотолгоо юм болов уу. Нөгөө талаас бидний хийж, хэрэгжүүлж буй алхмууд АНУ-ын зарчим шалгуурт нэг л нийцэхгүй байгаагийн илэрхийлэл юм даа.
 
Хэдийвээр АНУ-д харъяалагддаг “Freedom House” нь олон улсын байгууллага гэж тооцогддог ч зарим талаар явуулж буй судалгаа илтгэлдээ АНУ-д таалагдахгүй нөхдүүдийг зэрэглэл бууруулж авч үздэг талаар олон улс орнууд шүүмжилдэг. Тийм хандлага байгааг судлаачийн нүдээр анзаарахад ор үгүйсгэж боломгүй л санагддагаа хэлэх юун. Нэг гэр бүлийн дотоод нандин харилцаа нөгөөд таалагдахгүй явдал зөндөө шүү дээ. 
 
Угаас улс төр, үзэл суртлаас ангид нийгэм улс, байгууллага нэгээхэн ч үгүй болой.  
 
“Freedom House”-ын энэ оны илтгэлийг http://www.freedomhouse.org/template.cfm?page=594 сайтаас дэлгэрэнгүй харж болно.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)