Москва-Улаанбаатарын галт тэрэгний уйдам урт хугацааны аялал... Зах хязгааргүй шивэр их ой. Хаяа таарах хөл хөдөлгөөнгүй орос тосгон суурингууд уйдсан сэтгэлийг улам бүр гансруулна.
Урьд энэ газар өрнөдийн еврей сартваахийн үл гүйцэлдэх онолыг загалмайн шашны гэгээн мөрөөдөлтэй холиод хорвоогийн хамгийн сайхан диваажингийн орон байгуулахаар оросын ард түмний цус хөлсийг хангалттай урсгаж, нэгэн жарныг хийж бүтээхийн нандин хүсэл басхүү хуучин бүхнийг бурангуй хэмээн сэтгээд, сүйтгэж сөнөөхийн мугуйд авираар цалгиулж байсан юм.
Тэрхүү “диваажингийн жаргал”-ыг зөвхөн ойн ард түмэн эдлэх нь хангалтгүй аминчхан агаад харамсалтай санагдаад, гэгээн мөрөөдлөө хүмүүн төрөлхтөнтэй хуваалцах ёстойг чанга дуугаар андгайлаад, өөрсдийн төдийгүй бусдын сайн сайхны төлөө тэмцэхийг ариун үүрэг мэт сэтгэж, итгэж байсан гэдэг.
Эрин зууны нийгмийн инженерчлэлийн энэхүү агуу туршилтыг зөвлөлтжүүлэлт хэмээн нэрлэдэг. Коммунист үзэл суртал, Интернационал хөдөлмөрийн хуваарилалт, атейст соёл, нийтлэг нэг хэлтэй (орос) өөр үндэстэн угсаатны нэгдмэл ертөнц...
Өөрсдөөс нь ч урт удаан төр ёс, соёл уламжлалын түүхтэй хөрш зэргэлдээх нүүдэлчин ард түмнийг зөвлөлтжүүлэх туршилтын үр дүнгээс өдгөө юу үлдэв.
Ахмад хүмүүст нь Зөвлөлт-Монголын ган бат найрамдал, ахын найдвартай өмгөөлөл, социалист их бүтээн байгуулалтын өрнүүн цаг үеийн талаар сэтгэл зүрхэнд нь үлдсэн “тааламжтай” хоногшил, залуусынх нь хувьд Сталины үеийн хэлмэгдүүлэлт, шилжих рублийн өр, Орос цэргүүдийн Монголд үйлдэж байсан гэмт хэргүүдийн талаар домог, таагүй дурсамжууд.
Нүүдэлчин Монголчууд одоо барууны ардчиллаар улс төрөө залж, зах зээлийн харилцаагаар эдийн засгаа зохицуулж, залуучууд нь америкийн боловсролд шүтэж, ахмад үе нь шашин, уламжлалаа дээдэлж, бүх нийтээрээ Чингис хаанаа шүтэж, Азийн цээжин дээр дэлхийд данстай “Чоно улс”-ыг байгуулахаар их үйлсийг өрнүүлж явна.
Зүүн европоос дорнын уудам гов тал хүртэлх уудам орон зайд зөвлөлт төр ёс, коммунист үзэл суртал, социалист аж төрөх ёс бодит түүх байсныг сануулах шиг зөвлөлт маягийн “балгас”-ууд л хаа сайгүй торойно.
Зөвлөлтжүүлэлтээс балгас л үлдсэн гэж үү?
Москвагаас-Улаанбаатар хүртэлх шивэр их ойн дундах урт бөгөөд уйтгартай аялалын замд...
Энэ балгас дунд нь яг манай дуурийн театр шиг байшин байдаг наасан
ReplyDelete