2011/02/08

FACEBOOK ХУВЬСГАЛ БУЮУ ДУНДАЖ АНГИЙН ХУВЬСГАЛ

Тунисээс эхэлсэн Жасминий хувьсгал Египет, Иордан, Йеменд халдварлаад байна. Сүүлийн 3 долоо хоногт BBC-гээр эдгээр хувьсгалыг ажиглалаа. Тэгээд ажигласан мэдсэнээ хуваалцья гэж бодлоо. Нөгөө талаар Монголд сүүлийн үед хувьсгал хийх талаар их ярьдаг болоод байгаа. Тэр хувьсгал хийх гээд байгаа, тэр хувьсгалыг хийлгэхгүй гэж байгаа хүмүүс, тэдний хэрүүлийг сонингоор уншиж суудаг бусад хүмүүст хэрэг болж магад.

Арабын хувьсгал хэд хэдэн шинж чанараараа өмнөх "өнгөт" хувьсгалуудаас ялгаатай. Юуны түрүүнд хувьсгалыг ядуучууд хийдэг гэсэн стереотипийг /тогтсон хэв загварыг/ өөрчилж байна. Тунист ч тэр, Египетд ч тэр гудамжинд жагсаж буй хүмүүс бол ядуус биш харин дундаж ангийн төлөөлөл болсон залуус байгаа юм. Тэд Facebook-ээр харилцдаг, блог уншдаг, бичдэг бас Youtube дээр гар утаснаасаа авсан бичлэгээ тавьдаг. Түүнээс биш Каирын борчуудын хорооллынхон хувьсгал болох гэж байгааг ч мэдээгүй, юу болж байгааг одоо ч сайн ойлгоогүй яваа. Тиймээс ч эрх баригчид хамгийн түрүүнд интернетийг хаасан. Тэгсэн ч гар утсаараа нетд ороо л хоорондоо мессэж нисгээд байна. Үүндээ хөрш орнуудын интернет провайдеруудыг ашиглаж байна.

Дараагийн нэг шинэ зүйл бол өмнөх хувьсгалууд шиг хэн нэгэн баруунд бэлтгэгдсэн болон бусад ямар нэгэн удирдагч тэнд байсангүй, удирдсангүй. Тиймээс ч АНУ байр сууриа илэрхийлж, томьёолж чадахгүй олон хонолоо. Учир нь тэдэнд бэлэн дэмжчих лидер байхгүй. Хүмүүс зүгээр л нетээр ярьж байгаад жагссан. Түүнээс биш нэг хүн тэднийг ухааруулаад, ойлгуулаад, бэлдээд байсан юм байхгүй. Харин АНУ удаж удаж өөрийн хүн болох Эл-Барадейг хувьсгалын удирдлагыг гартаа ав хэмээн явуулсан ч нөгөөх нь эх орондоо тийм ч нэр хүндтэй биш юм. Эсвэл хүмүүс хаанаас яах гэж ирсэнийг нь мэдсэн байх.
 
Хамгийн гол зүйл нь ядуурлаасаа илүү хүмүүс өөрчлөлтийн төлөө жагсаж байна. Харьцангуй баян гэгдэх Иорданд ч хүмүүс жагсаж эхэлсэн. Тэд иргэний болон улс төрийн эрх чөлөөний төлөө, дарамт шахалт, авилгын эсрэг жагсаж байна. Хүмүүс олон жил улс төрийн бодлогын талаар санал бодлоо илэрхийлэх боломжгүй байсан. Нэг хэсэг, цөөхөн хүмүүс улс орныг олон жил удирдаж, бусад хүмүүст үгээ хэлэх, манлайлах боломж олгосонгүй. Гэтэл боловсролтой жирийн залуусд амбиц байхгүй хаачих вэ.

Одоо Монголтойгоо харьцуулья. Араб маягийн хувьсгал Монголд гарах боломж байна уу. Монгол Арбын орнуудад ижил төстэй зүйл маш бага гэж бид боддог. Гэхдээ л төстэй шинж байгаа юм. Нэгдүгээрт, хүн амын хувьд бид Арабын орнуудтай л адил залуу. Ядуурлын түвшин бас төстэй. Хүн амд эзлэх интернет хэрэглэгчдийн тоо ч бараг ижил. Доорх хүснэгтээс Арабын хувьсгалт болон хувьсгал гарч болзошгүй орнуудыг Монголтой харьцуулсан байдлыг харна уу.
    
*- CIA World Factbook/НҮБ
**- CIA World Factbook/Дэлхийн Банк

Дэлхийн Банкны судалгаагаар манай улсын хүн амын 60 гаруй хувь дундаж давхаргад хамрагдаж байна. Манай интернет хэрэглэгчдийн дийлэнх олонхи нь оюутан залуус болон дээрх дундаж ангийнхан.

Улс төрийн тогтолцооны хувьд эрс ондоо ч, улс төрийн элитүүд маань “цус ойртох”  шинж тэмдэгт автаж цөөн хэдэн гэр бүлд эрх мэдэл, санхүүгийн нөөц төвлөрч байгаа нь ирээдүйд амбицтай дундаж ангийнхны дургүйг хүргэж магадгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь мөн эдгээр хүмүүсийн мэдэлд байгаа учир интернет нь бусад хүмүүсийн /дундаж ангийнхны/ хувьд дургүйцлээ илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх гол хэрэгсэл болж болно.

Монголд хэсэг хугацааны дараа ирээд ажиглаж байхад манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дундаж ангийхны дуу хоолой ер гарахгүй байгаа юм. Нэг бол улс төрчид, бизнесийнхэн том том төсөл ярьдаг, нэг бол маш ядуу, борчууд амьдрал хэцүү, махны үнэ өсөж буй талаар ярьдаг болсон байна. Дээр нь бөө, зөн билигтэнгүүд болон бусад шидтэн хүмүүс сүнс сүүдэр, энерги, онгод гэх мэт зүйлс ярих.

Энэ нь эцэстээ элитүүд болон дундаж ангийхны хооронд үл ойлголцол, давхаргын зөрчил үүсгэх магадлалтай. Үүнийг манай улс төрчид болон хувьсгалчид мэдэж байгаа үгүйг мэдэхгүй. Хувьсгалчид одоохондоо борчууд, “эмзэг бүлгийн” гэж нэрлэгддэг хүмүүст бооцоо тавиад байх шиг байна. Лениний онолоор ч тийм л байх ёстой. Уул нь тэдэнд “өнгөт хувьсгалын” загвараар явах нь амар. Гэвч тэдэн дээр бооцоо тавих гадны хүчин байхгүй.

Эрх баригчид маань аль аль онолыг нь мэддэгийн хувьд хувьсгалчдын удирдагчдыг барина, хорино гэж айлгаж байна. Арабын үлгэрээр бол удирдагчидгүйгээр ч хувьсгал болоод байна. Боловсорсон, мэдээлэлтэй дундаж ангийнханд пролетариуд шиг удирдагч хэрэггүй юм байна. Тиймээс тэднээс тэгтлээ айгаад байх хэрэг байгаа ч юм уу. Манай дундаж ангийнхан ч хувьсгал дээрээ тулбал Магнай, Уянга нараар удирдуулахгүй л байх.

Эрх баригчид маань үүний оронд дундаж ангийн залуусдаа анхаарлаа хандуулж тэдний дуу хоолойг сонсож эхлэх хэрэгтэй байна. Заавал намд элсэх, хүн таних, улс төрчдийн фракцад хамрагдаж байж эрүүл саруул амбицаа хэрэгжүүлдэг одоогийн байдалд дүн шинжилгээ хиймээр байна. Өнөөдөр дундаж ангийнхан, тэр дундаа залууст хэлэх санаа оноо зөндөө л байгаа. Одоогоор тэрнийг нь сонсож, жинхэнээсээ хүлээж авч буй байдал эрх баригчдад ч, хувьсгалчдад ч алга. Тэд борчуудад мөнгө хишиг хуваарилах, тэдэнд шударга хувь хүртээх талаар л популизм хийж байна. Тэр нь дундаж ангийнханд зөвхөн телевизээр үздэг жүжиг төдий. Одоохондоо сарын 500 000 төгрөгийн цалинтай залуус орлогоо сая руу дөхүүлэх, моргэйжийн зээлд хамрагдах, утаанаас үр хүүхдээ хамгаалах гээд завгүй л байна. Одоохондоо тэдэнд итгэл бий. Хэрвээ тэдний асуудлыг шийдэхээсээ өмнө борчуудад зориулсан популизмд хамаг цаг, нөөцөө зарцуулаад байвал нэг өдөр Facebook дээр маш олон хүнтэй бүлэг бий болох болно. Тэр үед интернетээ хаах л арга үлдэж магадгүй.   

С.Энхтөр
turuu02@yahoo.com

5 comments:

  1. Thdee neg nuhtsul ni Tedgeer Arabiin ornuud d 20 30 jil neg l hun udiardaad bgaad bgaan bish gejuu. Mongoliin huwid yamar ch bsan songuul bolood halagdaad soligdood bna shuudee theer huwisgaliin tulguur ni dund angi bolon interneet negdlees arai uur zuil bha. hergejuuleh bolomjni urgun bolson yumuda

    ReplyDelete
  2. mongolchuud setgelgeenii huvisgal l hiih heregtei. Yalanguya ter dund angi ni. Tegeed ch songuuli boldog soligddog, suudlaa tavij ogdog ene bol bolj l bn. Songoh hunee ooriigoo itgel unemshilee hudaldalgui songodog bolchihson tsagt huvisgal hiih deeree tulaad baihgui baih

    ReplyDelete
  3. Mongold setgelgeenii huvisgal, niitiin unet zuil, chig handlaga iluu heregtei bhshig bn da

    ReplyDelete
  4. Er ni huvisgal garah tohiroo ni magadgui olon jil arabyg udirdsan udirdlagaas zalhasan baih... gehdee bid hamgiin turuund setgelgeenii hubisgal tolgoidoo hiihgui bol amerikees ehtei ongot hubisgalyn zolios bolj magad

    ReplyDelete
  5. mongold dund davhragiinhan gej baihgui bolchihsong oilgohgui bn uu? Dund davhragiinhan olon baij baij l uls hugjih tuhai yarimaar baidag bailgui

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)