2011/04/15

УЛС ТӨРӨӨС ЗАЛХСАН ШИНЭ ҮЕ

Хиппи ба панкууд бий болсон нь
1960-70-аад он бол дэлхий дахин үзэл суртлын хоёр туйлд хуваагдаж, нэгийнхээ эсрэг эцэс төгсгөлгүй мэдээлэл, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, ил далд аргаар зөрчилдөн тэмцэх, ямар ч хэрэггүй дайн өрнүүлэх явдалд залхаж халширсан залуу үе өөрсдийн стиль хэв маяг, хэрэглээ, дуу хөгжмөөрөө дамжуулан, үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн гэдэг.

Чухам тэр үед өрнөд дахинд улс төр, үзэл суртлын асуудалд шүүмжлэлтай хандаж өөрсдийн үнэт зүйл, асуудалд хандах хандлагаа таниулсан залуучуудын нийгэм-соёлын хөдөлгөөнүүд үүсч эхэлжээ. Тэдгээрт зөвхөн орчин үеийн хөгжмийн урсгал төдийгүй ерөөс залуус үзэл санаагаа үйлдэл, гадаад төрх, биеэ авч явах байдлаараа харуулахыг оролдсон панк, хиппи зэрэг өвөрмөц урсгалууд эрчимтэй дэлгэрэх болжээ.
 
Англи хэлэнд “punk” гэдэг нь хараал зүхлийн утгаар хэрэглэгдэж байсан агаад “шаар шавхруу”, “үл бүтээх этгээд” болон бусад сөрөг олон санааг өөртөө агуулсан ойлголт юм. Панкуудын гол үндсэн үзэл санаа нь хувь хүний эрх чөлөө, бие даасан байдалд тэмүүлэх явдал юм. Улс төртэй харилцах харьцаанд панкууд түүнтэй холбогдох бүх зүйлд эсрэг буюу “анти” байр суурьтай гэдгээ илэрхийлэх болсон байна. Тэд антиавторитаризм, антимилитаризм, антикапитализм, антирасизм, антисексизм зэрэг тухайн үед нийгэм улс төрийн харилцаанд зонхилж буй бүхий л зүйлийн эсрэг анархи үзэл баримталж, харин  хүрээлэн буй орчныг хамгаалах, амьтны эрхийг хамгаалах, цагаан хоолтон болохыг дэмжих зэрэг экологийн чиглэлтэй үзэл санааг дэмжихийг эрмэлзэж байлаа. 
 
Харин хиппичүүдийн (hippy буюу hippie “ойлгогдохуйц, мэдэгдэхүйц” болон зарим тохиолдолд загвар стильтэй гэсэн утгатай үгнээс гаралтай гэж үздэг) хувьд хайр, нөхөрлөл, харилцан туслалцаанд үндэслэсэн, тухайн үеийн “иргэншсэн” гэх нийгмээс ангид тийм ертөнцөд амьдрахыг хүсч байгаагаа илэрхийлэх болов. Тэд хувийн бүтээлч байдлыг эрхэмлэж, мөнгөөр хүний дотоод ертөнц, үнэт зүйлийг үнэлдэг, улс төрийн өнгө ая оруулдаг байдлыг эцэслэх ёстой гэж ойлгож байв. Дайн мөргөлдөөнийг эрс эсэргүүцсэн жагсаал цуглаан үйлдэж, улс төрчдийн сонгуулийн кампанийг үймүүлсэн арга хэмжээг нэг бус удаа зохион байгуулж байлаа. Зарим талаар эдгээр нь амжилтад хүрч байсан юм. Хиппичүүд үзэл санаагаараа дамжуулан “хайр энэрэл, энхтайван”-г бүх нийтэд уриалахыг хүсч байжээ. 
 
Тэд тухайн үед ноёрхож буй нийгэм улс төрийн тогтолцоо, дэглэмийг ойлгохыг хүсдэггүй, сонирхдоггүй болохоо олон янзаар илэрхийлж байв. Улс төрийн мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг нь уйтгартай, нэг хэвийн, ойлгомжгүй, хар бараан бөгөөд улс төрчдийн телевиз радиогоор хэлж буй албархаг, хэнхэг үг нь жирийн хүмүүсийг төөрөлдүүлэхэд чиглэсэн утгагүй зүйл болохыг ил тод хэлэх болов. Телевиз, хэвлэл мэдээлэл бол улс төрчдийн гар хөл, суртал ухуулгын хэрэгсэл төдий зүйл бөгөөд хүмүүст төр засгийн нөлөө аль болох бага байх, улс төржихгүй байх явдлыг юу юунаас илүү хүсч байв.
 
Өрнөдөд үүссэн хиппи, панк хөдөлгөөнүүд социалист лагерт хүртэл үсэрхийлж, тухай үеийн Зөвлөлт засгийн явуулж буй бодлого, хатуу чанд байдлыг эсэргүүцсэн залуучуудын жижиг үймээнүүд нэг бус гарч байжээ.
 
Гэвч залуучуудын эдгээр хөдөлгөөнүүд урсгалаараа шинжтэй, нэгдсэн зохион байгуулалтад орж, массыг хамарч чадаагүй юм. Тэдэнд үзэл суртлын тодорхой номлол сургаал, албан ёсны үзэл сурталч, нарийн зохион байгуулалт гэж байсангүй. Байх ч боломжгүй биз. Тэд зүгээр л эрх барьж буй тухайн үеийн нийгэм, улс төрийн дэглэм тогтолцоог шүүмжилж, өөрсдийгөө анархи, хиппи хэмээн зарлах төдийгөөр хязгаарлаж байлаа. Гэхдээ тэдний үзэл санаа нийгмийн үнэт зүйлсэд нөлөөгөөгүй, өөрчлөөгүй гэж хэлж огт болохгүй. Харин ч өнөө үед яригдаж буй нийгмийн үнэт зүйлстэй холбоотой олон сэдэв, тулгамдсан асуудлыг хөндөж байсныг хүлээн зөвшөөрөх ёстой.
 
Харин манай залуусын огиудас нь хүрч байвал яана...!
Дээрх залуучууд өдгөө хэдий нь хөгшрөөд, панк, хиппи урсгалууд хөгжмийн нэг урсгал төдий болон хумигджээ. Харин үзэл санаа хийгээд үйлдлийн дараалал нь яг одоо манай Монголын нийгэм, улс төрийн байдалтай тун төстэй харагдаад байх шиг.
 
Орчин үеийн залуучуудын хувьд улс төрийн сэдэв нь нийгмийн хамгийн сөрөг, дургүй хүргэм сэдэв болж, улс төрчид бол хамгийн булхайтай заваан хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зүгээр л улс төрчдийн өөрийгөө сурталчлах хэрэгсэл төдий зүйл болсоныг тааралдсан өсвөр үе, залуучуудаас асуугаад анзаарч, мэдрэх боломжтой.

Залуусын хувьд улс төр бол утгагүй заваан хэрүүл төдий зүйл хэмээн ойлгох хандлага өдрөөс өдөрт өсөх болж. Ялангуяа сонгууль дөхөхөөр улс төрчдийн өөрийгөө сурталчилсан завсар зайгүй нүдсэн нэвтрүүлгүүд цуварч, байшин харагдахгүй болтол нь өлгөсөн худал инээмсэглэсэн хэнхэг үгтэй зургууд хаа сайгүй дүүрч, оюутан залуусыг кампаничлан жагсаал цуглаанд хамруулах, хэдэн цаас өгч намд элсүүлэх хуурамч үзэгдэл, аливаа баяр ёслол болгонд төр төлөөлж ирсэн албан этгээдийн хүйтэн үг, хувьсгалч нэртэй гудамжны зүтгэлтнүүдийн бараг өдөр бүр орилох уриа лоозон, өлсгөлөн, цусан тангарагаас залуу үе залхаж байна.
 
Өдгөө зөвхөн улс төр, нийгмийн асуудлыг шүүмжлэн дуулдаг хип хоп хамтлаг, дуучид хэдий нь бий болж, тэдний дууг өвсөр үеийнхэн өдөр бүр сонсож, хит дуугаар өргөмжилж байна. Улс төр ярьсан залуу, шударга ёс ярьсан мэтгэлцэгч, эх орондоо хайртай гэж орилох үе тэнгийнхэн нь хэнхэг бөгөөд “сумтай” харагдаж байна. Улс төр ярихаар тэдний огиудас нь хүрч байна.
 
Залуучууд өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй байхыг хүсэх болов. Тэдэнд зүгээр найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх кафе, цэцэрлэгт хүрээлэн, гутал хувцас нь шороо болохгүй байх цэвэрхэн талбай, орчин нөхцөл, сургуулийн өнгөлөг гэрэлтэй орчин болон өөрийнхөөрөө засч тохижуулсан өрөө, гоё шоу зохиодог задгай талбай, интернет, дэгжин загварын гар утас, оригинал брендийн хувцас, стильтэй хувцаслах боломж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал юу юунаас чухал болж. Тэд өдөр бүр үзэж буй өрнөдийн нэвтрүүлэг, кинон дээр гардаг шиг гэгээтэй, хурц тод өрнөлтэй орчин нөхцөл, нийгмийн харилцааг улам бүр хүсч мөрөөдөх болов.

Төдий хэрээр залууст өмнөх үе нь юуны төлөө явж буйг үл ойлгох, үл тоомсорлох хандлага өсч, тэдгээрийн хооронд үнэт зүйл, ойлголтын том ангал улам бүр тэлж болж. Улс төрч, эрх баригчид хийгээд залуучуудын хооронд “Таван толгой”, “Оюу толгой”, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, хувьцаа, агуу том хөтөлбөр төслүүд уул овоо мэт овоорон харалж, харилцах боломжийг улам бүр хаасаар байна. Төр засаг, улс төрчид ба залуучуудын хоорондын зай улам бүр холдсоор. Залуучууд улс төрөөс залхаж, түүнээс нүүр буруулж байна. Тэд ардчиллын утга учир, эцсийн зорилгыг ойлгохыг хүсэхээ больж эхэллээ. Харамсалтай нь улс төрчид үүнийг анзаарахгүй, улам бүр хөгжиж байгаа эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, уул уурхай дэд бүтцийн бүтээн байгуулалтдаа толгой нь эргэж байна. Яг өнөө эцэг эх нь их ажилдаа дарагдан хүүхдээ үл хайхарч, гэр орондоо, сургууль олон нийтийн газар юу хийж явдгийг анзаарахаа больдог шиг залуу үе төр хоёрын харилцаа мөс болон хувирсаар. 

Залуучуудын хувьд улс төр бол хамгийн хэрэггүй сэтгэлгээний хог болжээ. Харин улс төрчид ордон дотроо өөрийн дүрдээ улам бүр итгэсээр, ирээдүйн Монголыг авч явагч хэмээн бардамнасаар, ард түмэн лүүгээ сэтгэл хангалуун мишээсээр л...

3 comments:

  1. Ideh talhaniih ni tuhai yridag bolohoor hun uls toroos zalhan gej yu baihav. Harin uls toriin huuchin shiidelees l zalhaj bui hereg

    ReplyDelete
  2. Монгол бол залуучуудын орон. Залуучууд хүсвэл юуг ч эргүүлж чадна. Боломж нь гарвал шүү дээ. Залуучууд улс төрд сонирхолгүй идэвхгүй байх нь зүүний чиглэлийн намуудад ашигтай, харин барууны чиглэлийн намуудад ашиггүй байдаг тал бий. Гэхдээ энэ бас л харьцангуй ойлголт л доо. Улс төрийг та сонирхохгүй бол улс төр таныг сонирхоно. Аминд нь тулаад ирэхээр хүн бүхэн л улс төрийг сонирхдог юм, гэхдээ энэ нь хамгийн муу үзэгдэл. Хаанаа мэддэгүй ард түмэн хамгийн жаргалтай гэж. Залуучууд улс төр сонирхохгүй байгаа нь нэг их буруу зүйл биш болов уу гэж бодож байна. Харин зүгээр улс төрд идэвхтэй хандах л хэрэгтэй.

    ReplyDelete
  3. taalagdaj baina unen zuilsiig boditoigoor uguiljeee

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)