"Түүхээ судлахгүйгээр ирээдүйг томъёолох боломжгүй"
Монголын улс төрд шинээр үүссэн өнөөгийн эрх баригч ба сөрөг хүчний
хуваарилалтын байрлалд хэрхэн дасан зохицох, цаашид бий болох улс төрийн орчинд
өөрийн орон зайг яаж авч үлдэх нь Монгол Ардын Намын өмнө нэн тулгамдсан чухал
асуудал болоод байна. Олон түмний хүлээлт, цаг үеийн байдлыг бодитоор үнэлж шинэчлэлийн
хөтөлбөрөө даруй хэрэгжүүлэхийг нийгэм, улс төрийн амьдрал, түүнийг тойрон өрнөж
буй үйл явдлууд байнга илэрхийлсээр байгаа.
Энэ оны УИХ болон НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээж, засгийн эрхийг баригч “сэнтий”-гээс
цөөнхийн байранд шилжихтэй зэрэгцэн намын дотоод шинэчлэл, улс төрийн шинэ арга
барилын талаар тус намын жирийн гишүүд төдийгүй сонгуульт болон удирдах албан
тушаалтнууд өөр өөрийн өнцгөөс ярьж, шүүмжлэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Бага
хурлаа хийж, намын дарга, генсек болоод Удирдах зөвлөл бүрэлдэхүүнээрээ
огцорсон ч байдал төдийлөн дээрдсэнгүй. Шалтгаан ба хариулт нь тун энгийн.
Шинэчлэл хийгдсэнгүй. Зөвхөн “хүнийг хүнээр солих...” гээд ойлгочихож болох юм.
Тиймээс асуудал байсаар л байгаа хэрэг.
Монгол Ардын Намд дотоод болон гадаад орчны нөлөөгөөр үүсэн бий болсон маш
олон асуудал байна. Тэдгээрийг багцлаад ерөнхийд нь “Намын дотоод системийн ба улс төрийн орчны шилжилтийн үеийн хямрал” хэмээн
нэрлэж болох юм. Тодруулан хэлбэл МАН-ын өмнө хариултаа хүлээн байгаа олон асуултын
эхлэл нь 1990-ээд оны дунд хагасаас эхлэлтэй бөгөөд 2000 оноос улам бэхжиж, энэ
оны сонгуульд ялагдсанаар илрэн гарч өнөөгийн ээдрээт байдлыг бий болгосон гэх
дүгнэлтийг хийж болно. Дурдсан он жилүүдэд улс төрийн нөхцөл, тоглогчдын
байршил өөр өөр байх бөгөөд энэ хэрээр улс төрийн орчин өөрчлөгдөж байсныг болж
өнгөрсөн үйл явдлууд, намын холбогдох баримт бичиг, судлаачдын судалгаа,
хэвлэлийн архив зэргээс шууд харагдана.
Асуудлаас асуудалд амьдрал үргэлжилдэг ч ардын намын өмнө арай олон асуудал
байгаад байх шиг харагддаг. Энэ намд шинэчлэл тасралтгүй бас уламжлан өрнөсөөр
байгаа. Хуримтласан асуудлын үндэс суурь, нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэх нь
“асуудал шийдэх” гарцыг нээж өгдөг. Тиймээс судлаачийн ажиглалтаас дараах
жагсаалтыг гаргалаа. Үүнд:
- Бүтэц, зохион байгуулалтын хэт хатуу хуваарилалт;
- Сонгуулиудын дүнд тухай бүрт нь анализ, дүгнэлт хийгээгүй байдал;
- Мэдээллийн амьгүй эргэх холбоо;
- Мэдээллийн технологийн хоцрогдол;
- Хэвлэл мэдээллийн салбар дахь ялагдал;
- Дотоод хэвлэл, нууцлал, сурталын бодлогогүйдэл;
- Лидерийн зөрчил, нэр хүндийн үнэгүйдэл;
- Улс төрийн лидерийн хомсдол;
- Боловсон хүчний алдаатай бодлого;
- Гишүүнчлэлийн хиймэл тоо, давхар бүртгэл;
- Намын бүх шатны дарга нарын нэр хүнд унасан;
- Намын хуучин нэрийг бусдад ашиглуулсан;
- Нийслэлийн намын байгууллагын хаагдмал хүрээлэл;
- Орон нутгийн намын байгууллага дахь явцуу бүлэглэл;
- Далд фракцийн үйл ажиллагаа, лобби;
- Хэт төвд татсан, бодлого тулгасан шийдвэрүүд;
- Ерөнхийлөгч, түүнээс хамаарах субектуудыг алдсан байдал;
- УИХ дахь бүлгийн идэвхигүй, буруу шийдвэрүүд;
- Намын
гишүүдээ хамгаалж, өмгөөлдөггүй байдал;
Энэ байдлаар жагсаалт цаашаа үргэлжилж болно. Асуудлаа нарийвчлах тусам
жагсаалт уртсана. Дээрх жагсаалтыг ойлголтын хувьд хялбарчлаад “бүтцийн ба
хүний хүчин зүйлийн алдаа”-аас үүдэлтэй асуудлууд хэмээн томъёолж болох юм. Түүнчлэн
тулгамдсан асуудлын гарал үүслийн “хайгуул”-ыг нь ч иймэрхүү өнцгөөс эрэлхийлэх
ёстой.
Тулгамдсан асуудалд буруутныг олох, эзнийг нь шийтгэн чичлэхээс илүүтэй зөв
гаргалгаа олж, түүнээ ажил хэрэг болгох нь чухал. Ардын намын томоохон алдааны
нэг бол улс төрийн том үзэл баримтлалаа алдагдуулж, улс төрийн том зургийг
бүхлээр нь харж чадахаа больсон явдал. Учир нь энэ намд “онол”-чид байхгүй
болсон. Шинжлэх ухааны байтугай танин мэдэхүйн олигтой гаргалгаа хийчих хүн
алга.
Хуучин цагт буюу социализмын үед академи, их сургуулийн “луугар”-ууд энэ
намын уураг тархи нь болж, бодлого боловсруулдаг байлаа. Тэдний гаргалгаа,
шийдлийн загвар нь ч тухайн нийгэм, сэтгэл зүйдээ нийцдэг байв. Харин
“шилжилт”-ийн он жилүүдийн эхний бөгөөд ихэнх хугацаанд амьдралын ухаан, ноён
нуруунд сууриласан бодлогыг тухайн цагийн лидерүүд түүчээлсэн гэдэгтэй
маргахгүй.
Ардчилсан сонгуулийн түүхэн дэх “их ялалт”-ын дараагаас буюу 2000 оноос
намын бодлогын суурь зарчим алдагдаж эхлэсэн гэдэг нь үнэн. Парламентийг бараг
дангаараа буюу 72/4 харьцаагаар бүрдүүлсэн нь үүнд ташуур болсон байх. Энэ үеэс
“ху нам”, “хулгайч нам”, “худалч нам”, “хуудуутай нам” гэх нэршил үгсийн санд
бий болж, хаа сайгүй тэнүүчлэх болсон. Нэг бус гишүүн өөрийн санал, өөр бусад
шалтгаанаар намаасаа гарч байв. Энэ бүхний цаана намын суурь бодлого алдагдаад
байгааг сануулаад байжээ. Харин намын удирдлагууд, түүнийг тойрсон “эрдэмтэн”
алиалагчид асуудлын гүнрүү өнгийж харсангүй.
Ардын намд бодлогын хямрал бий болсныг сүүлийн үед хийж буй улс төрийн
хүрээний дээд (“их улс” төр гэдэг дээ), дунд, анхан шатны шийдлийн алдаанууд,
хоёр нүүртнээр дүүрсэн боловсон хүчний арми, хэзээ ч “эргээд” нулимж чадах
урвагчдын бүрдэл, халааснаас эсвэл “түүхэн сувинер”-үүдээс залж авчирсан
томилгоонууд, миний дээр дурдсан жагсаалтууд ба шинжлэх ухаанч бус байдлаас
илэрхий харагдана. Ядаж л “нийгмийн ардчилсан” үзлээ бусдад олигтойхон
тайлбарлаад таниулчих намын жирийн гишүүн байтугай Удирдах зөвлөлийн гишүүн ч
хуруу дарам цөөн.
Ийм байдлаас дүгнэхэд алдаа олон байна. Асуудал ч багагүй овоорчээ. Эл
намын нэр хүнд олон нийтийн дунд байтугай гишүүд, дэмжигчидийнхээ дотор ч
сайнгүй байгаа. Яг өнөөдрийн нөхцөлд ийм л байна. Зүйрлэвэл олон уулзварт
хэрчлээсийн дунд залуургүй болж, чигээ алдсан хөлөг шиг “хий савчин” зогсоно. Юун
түрүүнд үүссэн нөхцөл байдалдаа бодитоор дүгнэлт хийж, намын гишүүд дундаа
рейтингээ өсгөх нь нэн тэргүүний ажил. Дотоод дэмжлэг, нэгдсэн хүчгүйгээр олныг
манлайлна гэдэг биелэшгүй.
Нэгэнт асуудал байгаагаа ойлгоод түүнээ зөв оношлох нь алдаагаа засах,
амжилтыг түүчээлэх бодит алхам. Ардын намын өмнө тулгамдсан асуудлууд гэнэт өнөөдөр
гарч ирээгүй. Удаан хугацаанд хуримтлагдаж, цугласан нь мэдээж. Тиймээс их олон
талаас нь харж, хэлэлцэж, хувилбарууд дэвшүүлж, түүнээсээ сонголт хийж таарна.
Монгол төдийгүй дэлхийн улс төрийн хандлага өөрчлөгдөж байна. Сонгуулийн үр
дүнгээс хамаарсан иргэдийн улс төрийн идэвхигүй байдал нь “хатуу гишүүнчлэл”-ийг
эргэн харахад хүргэхээр ажиглагдах боллоо.
Шийдлийн гарцаа хайх хамгийн ойрхон байгаа энгийн гарц бол намын Их хурлаа
хийх юм. Гэхдээ шууд л ердийн нэг хурал шиг зүгээр хийчихэж болохгүй. Сайн
төлөвлөж, бэлтгэж хийх ёстой. Намын даргын “үүрэг гүйцэтгэгч”-ийг сонгосон Бага
хурлаас өөр өнгө, агуулга, дэглэлттэйгээр олонхийн хүлээсэн “шинэчлэл”-ийн
үнэртэй байх хэрэгтэй. Хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, намын жирийн
гишүүд, олон нийтийн санаа бодлыг сонсож, түүнийг зөв тусгах нь “амьдрах
чадвар”-ын эхлэл. Намын удирдлагууд ч гишүүддээ хүлээн
зөвшөөрөгдөж байгаа юм алга. Удирдлагын арга барилд ч эрс өөрчлөлт хийхээс
аргагүй.
Ингэж чадвал Ардын намд эхлэсэн шинэчлэл гүнзгийрнэ. Хамгийн чухал нь цаг
үеийн баримжаатай болж, улс төрийн дотоод реформ бэлэн болно. Хүссэн ч, эс
хүссэн ч зохион байгуулалтын хэлбэрээ зарим талаар өөрчилж таарна. Бий болоод
удаж буй “далд” фракцууд ил гарч, системийн бус улс төрийн лидерүүдийг олноор
төрүүлнэ. Батлан хамгаалахын хэллэгээр бол “механикжсан хүнд армиас явган
цэргийн зохион байгуулалтанд шилжих” лугаа юм.
2012.11.18
Судлаач Н.Батсүмбэрэл
Харин тийм.
ReplyDeleteЭнэ хэвээрээ явбал ардчилсан нам ч ялгаагүй мухардалд орох байх шүү. 1 удаагийн сонгуульд ялахаар бид хамгийн мундаг нь гэнэ, харин ялагдвал тэрүүхэндээ бужигнаж байснаа амь амиа бодно..
ReplyDeleteУлс төрийн хишгээр амьдрагсад улс төрд олноор орсны уршиг энэ шүү дээ. Улс төр гээч юмыг хоногийн идэх хоолтойгоо хольж бодоод байхаар чинь яаж түүнээс цаадахыг харах юм бэ?
Энд зөвхөн улс төр гэлтгүй бусад салбаруудад ч мэдлэгт хүндэтгэлтэй хандаж, үнэ цэнийг өсгөж, гагцхүү мэдлэгт суурилж юманд хандаагүйгээсээ болоод замаасаа гажаад нэлээд явчих шиг боллоо доо..
sain l uudaljdee. Odoo namyn tani uzel barimtlal gedeg yum yu baidgiig bas sain gargaj ugmuur yum uu daa. Zugeer l Nam nereer negdeed mundag zohion biaguulalttai baih bus ene niigmiig avch yavahad yag yamar uzel barimtlalaar yavh geed buigaa gargaasai. Tegehgui bol communist nam gej duuduulsaar l baih bolov uu.
ReplyDeletenyamdorj m,n,enhbold badamjunai,bayar,batbold ter divan deer suuj bsan buh luivarchidaasaa manai nam salah yostoi tegej baij tsevershine shu zaluusaa
ReplyDelete